Ус урсдгаас уул ингэж урсана чинээ санасангүй

- МОНГОЛ ИХ ЭЛСИЙГ МОРИОР ДАВАХ УЧИРТАЙ БАЙЖЭЭ -

Хэсэг нөхдийн хамт хорио цээрийн сиймхийгээр, хөл хөнгөлөх багахан чөлөөгөөр, шинийн 15-наас урьтаж эх нутгийнхаа баруун хязгаар Алтай их уулс, Их Монгол элсийг зориод ирлээ. Аян замын ганзага нийлж, хүссэн зургаа шуурхай боловч ханатлаа аваад бид буцав.

Монгол угсаатны өв соёлын “Эгэл” гэрэл зургийн төслийнхний санаачилгаар нүүдлийн аж байдлыг сурвалжлахаар явсан нь энэ. Монгол нутагт алсарч элэгдэж, хумигдаж цөөрч байгаа малч ахуй, тэмээнд нуруу ачиж хөсөг нүүх нь алсарсаар байгааг сурвалжлах нь бидний гол зорилго. Их говийн элсэн манханг давж өвөлжөөд, хавар цухуймагц тал руугаа буцдаг энэ зураглалыг дуран авайдаа буулгаж, түмэн олондоо харуулахыг хичээв.

Энэ зураглал, энэ аялал, энэ сэдлийг манай Пүрвээгийн Баттулга маань нүднээ үзэгдтэл дүрслэн бичсэн байгаа олж үзээрэй. Бидний очсон эл өдөр Монгол элсний араас дөрөв таван айл зэрэг нүүдэл хийж, Сангийн далайн оролцоо хаваржаанд буухаар эрт хөдөллөө. Нэг гэрийг буулгаж ачаалахад ихээхэн учир жанцантай аж. Хана, унь, дээвэр туургаа маш тэнцүүхэн хувааж, ачлаганы тэмээгээ хомнон, очоод буулгахад амар төвөггүйгээ бодож ачаална. Нэг их сүр дарж, хүн айхаар хогшилгүй ч гэсэн гэрийн дотор, гадна байх зүйлсээ тэмээ бүхэнд тэнцүү ачиж, дөрөв таван тэмээнд хуваана. Эхний тэмээ их гол үүрэг гүйцэтгэж, чиглүүлэх үүрэг хүлээдэг аж. Бусад нь залуу дөнгөж сургаж эдэлгээнд оруулсан тайлган тэмээнүүд байх аж. Энэ нутагт бүх тэмээгээ эдэлгээнд багаас нь сургаж, ачлага уналгандаа дасгадаг сайхан уламжлал хэвээрээ байна лээ шүү. Хавар тал нутаг руу нүүж суурьшсанаас хойш тэмээ мал нь дураараа бэлчиж, намар налайхад эрэлд явж цуглуулдаг гэнэ.

Хавар, зуны зургаан сард дураараа дургисан говийн эзэд, Хүйсийн говьдоо бөөгнөрч тэндээс тэмээчид нь олж, ялгаж, тууж ирнэ гэдэг амаргүй ээ. Тэмээ салхи сөрдөг амьтан болохоор талийж өгнө биз. Хүйсийн, Шаргын говь хүртэл 100-150 км явдаг амьтныг эрэх яаж амар байхав. Тэмээ гэснээс энэ нутгийн говийн хос зогдортууд нь “Төхөм тунгалгийн хүрэн” үүлдрийнх. Ашиг шим нь ноос хийгээд сүү сааль,ихтэйгээс гадна өдөр тутам уналга эдэлгээнд түлхүү хэрэглэдэг нь бусдад дуулгаж, алдаршуулмаар.

Өглөө эртлэн босч гэрээ ачаалж, тэмээн нүүдэл хөдлөхөд дагаад алхаж үзлээ. Урд талын хамар давалгүй хөсгөө гүйцэхээ болив. Яаж ч чадахав дээ. Тэмээ гэдэг урт хөлийн мал. Намайг нэг хоёр алхаж байхад дэнхэн дэнхэн гээд талийж өгнө. Суурийн ахлах Д.Даваасүрэн ах хөтөлж явсан номхон бор морио унуулж би гэдэг хүн Их Монгол элсийг мориор давах боломж бүрдсэн юм.

Миний хувьд бараг агтны нуруунд гаралгүй 20–иод жил болжээ. Баржингийн даваа энэ хавьдаа хамгийн эгц, хамгийн өндөр манхан. Ойролцоогоор далайн түвшнээс дээш 1200 м элсэн манхныг хүн малтайгаа хөвөрсөөр, хөглөрсөөр, нэвсийсээр давна. Хээлтэй бог малд бол хүндээ хүнд. Тамир муутай борлонгууд эцэж сульдаж замд хоцорчих гээд амаргүй. Нүүдлийн хүн тэднийг тэмээ, мориндоо дүүрч уул манхан давуулна.

Энэ аяллаар бид Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан, эдүгээ 103 насыг зооглож буй Шажив гуайтай золгосондоо баяртай байна. Дөрвөн төрийн нүүр үзсэн буурай маань бурхны номтой хүн болой. Алтай нутагтаа хамгийн өндөр настайд орж байгаа гэнэ лээ шүү. Энэ нутгаас алдар цуутай хүмүүс олноор төрөн гарсан. Миний мэдэхийн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, улсын заан У.Пүрэв, шинэхэн СГЗ, сэтгүүлч л.Мөнхтөр гээд олны танил хүмүүс бий.

Алдарт их Монгол элс нь Ховдын Дарви сумын зүүн залгаа, Завханы Дөрвөлжингийн урд хярхаг, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга сумдын нутгийн зах хүртэл ойролцоогоор 600 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км нутагт эзлэн орших Монгол орны хамгийн том элсэн тарамцаг юм.

Хөхморьтын нутгаар энэ их элсэн далай хамгийн өргөндөө 60 км, уртаашаа 200 гаруй км үргэлжилнэ.Элсэнд ойролцоо нутагладаг малчид манхан дундаа өвөлжин, урин ирэхээр буцаж хаваржаандаа буун богоо төллүүлдэг ажээ. Биднийг нүүдлийн өв соёлтой танилцуулахад Монгол элсний тусгай хамгаалалтын захиргааны дарга, нутгийн унаган хүү Г.Даржаа ах угтан авч, сайн зохион байгуулж үйлчилсэнд талархалаа энэ дашрамд илэрхийлье.

Бас сонирхуулахад, энэ нутгийн хөрсөнд өнөө алдартаа суль, цулхир ургаж, намартаа сулийн тариалангаа хураах гэж томоохон ажил өрнөдөг гэнэ. Хүүхэд, хөгшидгүй сумаараа шахам түүдэг заншилтай гэнэ. Ган гачигаас үл хамааран Монгол элсэнд ургадаг онцлогтой ургамал бол хар, цагаан суль юм. Сумын хойно бага биш талбайг хашаалж элсний нүүдлээс хамгаалан суль тариалсан байгаа Г.Даржаа дарга замаараа үзүүлж, наймдугаар сард үр боловсрохоор түүдэг гэв.

Өвөг дээдсийнхээ нутгаар аялж, өндөр элсэн манханг мориор давж ирэх учиртай л байжээ. Морьт нэртээ суманд ирсэнд бэлгэшээж, шүтээн уул Морьт хайрхандаа цацлаа өргөж дахин ирэхийн ерөөл талибан буцлаа.

Жич: Энэхүү аяллыг нутгийн зүг жолоо залах саналыг анхлан санаачилсан миний эрхэм шадар туслах дүү, МГЗНХолбооны менежер, Хөхморьт сумын уугуул жигмэдийн Баярмагнайдаа талархлаа мөн илэрхийлье. Манай Магнай менежерийн хүсэл дэлхийд ганцхан байгальтай сумаа сурталчилах, алсдаа нутаг орондоо өөрийн гэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, элсний гэх монгол соёлыг олонд хүргэх зорилгод базагдана. Хүүгийн хүсэл зоригийг нутгийн уул ус, элсэн толгод нь түших болтугай. Итгэл төрж байна аа.

Дараагийн аяллаар би, бид тэмээ хөлөглөж элсэн говийг гатлах ч юм бил үү. Өвөр энгэрийн манхан саях шиг урсаж, ундарч хүлээх ч бил үү. Юутай ч дахин очихын ерөөл оршиг.

Ц.БАТБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)