Л.Мөнхтүшиг: Монгол Улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдсаар байна

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон гарсан шийдвэрүүдийн талаар танилцуулж ээлжит мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж, хилийн хоригууд тавьж байгаагаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдсаар байна. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай улсын 21,000 иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаараа дамжуулан эдгээр иргэнд сэрэмжлүүлэг, зайлшгүй дагаж мөрдөх журам, цаг үеийн мэдээг тогтмол хүргэсээр байгаа.

ОХУ гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар импортлогдон орж ирж байгаагийн улмаас гадаадаас ирж буй бүх хүнд өндөр хяналт тавьж, 14 хоног тусгаарлах болсон. Тиймээс иргэд БНХАУ, ОХУ-аар дамжих эх орондоо ирэх боломжгүй болсон" гэв. Түүнчлэн ар гэрийнхэн нь гадаад улсад байгаа иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байхыг уриаллаа.

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү Алтанбулаг, Цагааннуур боомт дээр үүсэж буй нөхцөл байдалтай танилцах үүрэг чиглэлийг УОК-оос авч дөрөв дэх хоногтоо ажиллаж байна. Энэ үед Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 15-28-ны хооронд 450 зорчигч орж ирсэн.

Тус иргэдэд эрүүл мэндийн асуумж, тандалт судалгаа хийж нэвтрүүлсэнтэй холбогдуулан Дарханд 173 , Сэлэнгэ аймаг 196, Орхонд 86 иргэн тусгаарласан үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Улаанбаатар хот болон томоохон суурин руу тээвэрлэгдэж буй хүнс болон бусад бараа бүтээгдэхүүнүүдийн том оврын автомашины олон улсын тээвэрлэлтэд хяналт тавьж ДЭМБ-аас өгсөн зөвлөмж зааврын дагуу ажлуудыг хийж байна.

Нийт 60 жолоочийг цагдаагийн хамгаалалт дор хил давуулж буцаасан бөгөөд 4,485,600 ширхэг өндөг, 845,000 тонн хүнсний бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянаж, лабораторийн дүн шинжилгээ хийн эцсийн ариутгалыг хийсэн.

Дараагийн ажил бол эрүүл мэндийн яамтай хамтраад тусгаарлагдах байран дээр хяналт шалгалт хийж байна.

Мөн АТМ болон, түргэн үйлчилгээний төв, цэгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг банк болон тухайн үйлчилгээг явуулж буй байгууллагуудад нь үүрэг даалгавар өгч зохион байгуулж байна. Холбогдох байдлыг нэгтгэн танилцуулах болно" гэлээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай