Ц.Мөнхцэцэг: Нэр цэвэр, мэдлэг боловсролтой хүмүүс дэвшээсэй гэсэн хүлээлт сонгогчдын дунд их байна

2020 оны УИХ-ын сонгууль дахь сонгогчдын оролцооны талаар Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-2020 оны УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тодорч байгаа болов уу. Ирэх сонгуулийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.1-д зааснаар “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэсэн байдаг. Энэ заалтын дагуу 2020 оны тавдугаар сарын 10-наас 2020 оны тавдугаар сарын 16-ны хооронд сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах ёстой. Үүний өмнө тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдаанаар нэр дэвшигчдийг хэлэлцэж, олонхын саналаар баталсан байна. Энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах нэг онцлог бол УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн 29.8 дахь заалтын дагуу авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан хүмүүс нэр дэвших боломжгүй болсон явдал юм. Ард түмнийг төлөөлөн төрийн хариуцлагатай албыг хаших хүмүүс өндөр ёс зүйтэй байх ёстой.

-Намууд энэ жил ямар хүмүүсийг сойхоор бэлдэж байгаа бол?

-Улс төрийн намууд 2020 оны сонгуульд оролцох зарчим, нэр дэвшүүлэх шалгуураа зарлаж эхлээд байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2020 оны нэгдүгээр сарын 9-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр 2020 оны сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах зарчмаа зарласан. МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүрмөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвар, мэдлэг боловсрол, ёс зүйтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Энэ тухайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Намын даргын зүгээс нэр дэвшихийг горилогчид ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн дэмжлэг, хандивыг иргэд, аж ахуйн нэгжээс авахыг хориглосон. Тиймээс ийм байдал гаргасан горилогчийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй. МАН илүү мэргэжлийн, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсийг төрд ажиллуулна гэдэг зарчмаа зарлаж байна. Ингэснээр төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа завхралаас ангид байх болно. Тойргуудад нэр дэвших боломжтой болон хүсэлтэй хүмүүсийн рейтингийн судалгаа хийнэ. Судалгааны үр дүнг харж, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэсэн. МАН-ын удирдлагуудын энэ байр суурийг олон нийт талархан хүлээн авч байгаа нь санал асуулгууд болон нийгмийн сүлжээний мониторингийн судалгаануудаас харагдаж байгаа. Харин АН-ын Үндэсний Бодлогын Хороо 2019 оны арваннэгдүгээр сарын 9-ний хурлаараа АН-ын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцэж, тус намаас сонгуульд нэр дэвшихийн тулд 100 сая төгрөгийн дэнчинг намдаа төлөх шийдвэр гаргасан. Үүнээс харахад АН-аас нэр дэвших хүмүүс юуны өмнө 100 сая төгрөгийн дэнчин төлсөн байх ёстой бололтой. Бусад намуудын хувьд одоогоор 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх зарчим, шалгуураа ингэж олон нийтэд зарлаагүй байна.

-Та сонгуулийн үйл явцын мэргэшсэн судлаачийн хувьд Монголын сонгогчдын оролцоог юу гэж дүгнэдэг вэ?

-1992 оноос 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл сонгогчдын ирц жил бүр буурч, орон нутгийн сонгуулиудад ирц 50 хувьдаа хүрэхгүй тохиолдлууд удаа дараа гарах болсон. Сонгуульд оролцох иргэдийн оролцоо буурч байгаа нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн ардчиллын өмнө тулгамдаж буй асуудал болоод байсан юм. Жил ирэх тутам хүмүүс улс төрөөс хүнийсч улс төрийн жагсаал цуглаан, сонгуульд оролцох нь багасч либерал ардчилсан орнуудын сонгогчдын оролцооны дундаж нь 60 хувьтай байсан. Ийнхүү сонгогчдын оролцоо буурч байгаа нь олонхын санал дээр тулгуурладаг ардчилсан засаглалын мөн чанарыг алдагдуулахад хүргэх аюултай юм. Тийм учраас дэлхий даяар сонгогчдын оролцоог дэмжихэд чиглэсэн кампаничилсан арга хэмжээ, хууль зүйн зохицуулалтууд хийгдэж байна. Тийм учраас судлаачид бид 2016 оны сонгуулийн ирцийг 61-62 хувь байх болов уу гэсэн таамаглалыг дэвшүүүлж байлаа. Гэтэл сонгогчдын ирц 73.5 болж 2012 оныхоос даруй зургаан хувиар нэмэгдсэн нь ихээхэн анхаарал татсан юм. Дэлхийн бусад орнуудад ч мөн адил 2016 оноос эхлэн сонгогчдын ирц ихээхэн нэмэгдэж, урьд өмнө хамгийн идэвхгүй гэгддэг байсан залуу сонгогчдын оролцоо гайхалтайгаар өсч байгаа юм. Ингээд судлаад үзэхэд сонгогчдын оролцоо ингэж өссөн нь сонгууль дахь сошиал сүлжээний нөлөөтэй шууд хамааралтай болох нь тогтоогдсон. Сошиал сүлжээгээр явж буй улс төрийн агуулгатай мэдээллүүдэд иргэд байр сууриа илэрхийлэх, өөрсдөө элдэв шүүмж, санал бодлоо илэрхийлж пост хийх боломжтой болсон нь урьд өмнөх идэвхгүй үзэгчийн байр суурьтай байсан хүмүүсийг одоо улс төрийн идэвхтэй тоглогч болгон хувиргаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тийм учраас энэ жилийн УИХ-ын сонгуульд ч мөн адил сошиал сүлжээний нөлөө хүчтэй байх магадлалтай байна.

-Таны “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” гэх ном улстөрчид, сэтгүүлчид, уншигчдын дунд эрэлттэй байгаа. “Цахим популизм” гэж нэрлэсэн учир нь юу байв?

-Түрүүн хэлсэнчлэн 2016 оноос хойших зөвхөн Монголын төдийгүй АНУ, ХБНГУ, Франц зэрэг дэлхийн олон улсын сонгуулиудад сошиал сүлжээний нөлөө хүчтэй илэрч иргэдийн улс төрийн идэвх оролцоог нэмэгдүүлж байгаа юм. Хэдий тийм боловч сошиал сүлжээний хяналт багатай байдал нь сонгуулийн үеэр сөрөг сурталчилгааны гол талбар болж, хуурамч мэдээлэл түгээх орон зай болж байгаа нь сонгуулиудаас харагддаг. Тухайлбал, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампын багаас Америк нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлах, гадаадынхныг үзэн ядах үзлийг дэврээх зорилгоор зохиомол болон бодит байдлыг гажуудуулсан үй олон мэдээллийг тарааж байсан. 2017 оны ХБНГУ-ын Бундестагийн сонгуулиар Германы Альтернатив (AfD) хэмээх хэт барууны үндсэрхэг популист нам сошиал сүлжээгээр цагаачдын эсрэг өнгө аястай их хэмжээний хуурамч мэдээллийг тавьж байсны үр дүнд парламентын гурав дахь том нам болсон. Ийнхүү улс орнуудын сонгуулийн үйл явцад нийгмийн сүлжээний гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдэж популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин “цахим популизм” болж хувирч байгаа дүр зураг нийтлэг байгаа юм.

-Энэ жилийн сонгуульд сонгогчид ямархуу хүмүүсийг сонгох бол, судалгаанаас ямар дүр зураг харагдаж байгааа вэ?

-Судлаачид бид судалгааны байгууллагуудтай хамтран олон нийтийн дунд цуврал судалгаа хийж ирэх сонгуулиас иргэд ямар үр дүн, ямар хүн нэр дэвшээсэй гэж хүсэн хүлээж байгааг тодруулж байна. Мөн иргэдийн дунд тулгамдаж буй асуудлууд юу байгааг тодорхойлж түүнийг шийдэх арга зам хувилбарыг бодлого боловсруулагчдад санал болгож байгаа. Ингээд судалгааны дүнгээс харахад иргэдийн дунд энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр цэвэр, мэдлэг боловсролтой, шинэ хүмүүс дэвшээсэй гэсэн хүлээлт хамгийн түгээмэл байна. Хот, хөдөөд амьдардаг эсэх, насны бүлэг, боловсрол, орлогын ялгаанаас үл хамааран энэ шинжийг иргэд нэрлэж байгаа юм. Мөн дараагийн нэг онцлог зүйл нь мажоритар системийн онцлогтой холбоотойгоор нэр дэвшиж буй намыг гэхээс илүү хувь хүнийг нь харна гэх байр суурь юм. Аль нэг намыг тогтвортой дэмждэг сонгогчид жил ирэх тутам багасч байгаа нь бүх л судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал өгөлтөд намыг дэмжих тогтвортой хандлага, оршин суугаа газар зүйн байршил, хөрөнгө орлогын ялгаа гэх мэт урт хугацаанд сонгуулийн саналд нөлөөлдөг хүчин зүйлс улам бүр суларч байна. Харин үүний оронд намуудын мөрийн хөтөлбөр, сурталчилгаа, намаас нэр дэвшигчдийн олон нийтэд таалагдах байдал зэрэг богино хугацааны хүчин зүйлс сонгуулийн ялалтыг тодорхойлох боллоо. Ерөнхийдөө бол улс төрийн аль ч намд гарааны хувьд сонгуульд ялах хангалттай нөөц, суурь хүчин зүйл байхгүй болж байна гэсэн үг. Тийм учраас намууд улс орныг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө хамгийн сайнаар хийж, нийгмийн тулгамдсан асуудлууд болон хэтийн зорилтыг шийдэж чадах нам гэдгээ харуулах ёстой. Мөн тухайн намаас нэр дэвших хүмүүс нь бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартай, итгэл даахуйц гэдгийг олон нийтэд танилцуулах ёстой болж байна.

-Энэ жилийн УИХ-ын сонгуульд дэлхий нийтийг хамарсан "Covid-19" цар тахал хэр нөлөөлөх бол. Сонгууль хойшлох уу гэх асуудал яригдаад эхэлсэн байна...

-Энэ үнэхээр чухал асуудал. Дэлхийг хамарсан цар тахал учраас хүн олноор цугларах томоохон арга хэмжээ, урлаг, спортын бүх тоглолтууд цуцлагдаж байна. Европ, Америк тивүүдийн хувьд цар тахал ид дэгдэлтийн үедээ байгаагаас зарим сонгуулиуд хойшлогдож, зарим нь хатуу хяналттайгаар явагдаж байгаа. Жишээлбэл, АНУ-ын арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох намуудын дотоод сунгаануудын нэлээд нь хойшлогдсон, харин Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахгүй, хугацаандаа явуулна гэж байгаа. Мөн коронавирусийн дэгдэлт яваад өнгөрсөн, шинээр халдвар авагсад багасч байгаа учраас дөрөвдүгээр сарын 15-нд болох БНСУ-ын парламентын сонгууль хугацаандаа болохоор бэлтгэж байна. Солонгосын СЕХ сонгогчдын ирц бууруулахгүйн тулд сонгогчдод маск өгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж, нийт сонгогчдыг 42,320, сонгогчдын 58 хувь ирц бүрдвэл сонгогчдын тоо 25 сая байх төлөвтэй гэж үзэж 25 сая хүний маск бэлдэж байгаа тухай мэдээлэл байна. Ийнхүү коронавирусийн дэгдэлтийн үед явагдах болсноор СЕХ, нэр дэвшигчид, сонгогчид гээд бүх талуудад хүндрэлтэй хэцүүхэн сонгууль болж байна. Гэхдээ цэвэр бодлого ярьж, сонгуулийн сурталчилгаа үндсэндээ сошиал сүлжээнд төвлөрч байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Монгол Улсын хувьд одоогоор цар тахлын нөхцөл байдал бусад улсуудтай харьцуулахад хяналтад байгаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болоогүй учраас УИХ-ын сонгуулийг хойшлуулах ноцтой байдал үүсээгүй байгаа юм.

Гэхдээ хөл хорионы дэглэм цаашид үргэлжилбэл сонгуулийн үеийн нийтийг хамарсан том уулзалт, арга хэмжээнүүд хийх боломжгүй болж, сурталчилгаа зөвхөн ТВ, нэр дэвшигчдийн албан ёсны сошиал хуудас, цөөн тооны хэвлэмэл материалын хүрээнд явагдах байх.

Б.Номин-Эрдэнэ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • Иргэн (202.21.124.129)

    2020-03-30

    УИХ-д нэр дэвшүүлэх талаар яригдаж байгаа шалгуур, шаардлагууд зөв л дөө. Харамсалтай нь энэ нь цаасан дээр л үлддэг. Яагаад гэвэл угаасаа төр, намууд боловсон хүчнээ ажил, амьдралын амжилт, өсөлт хөгжилтөөр нь үнэлдэг, судалдаг, нөөц бүрдүүлдэг үйл ажиллагаа байхгүй болсон. Төрийн албаны зөвлөл гэж тоглоомын байгууллага, шалгаруулдаг арга нь ТЕСТ. Тэгэхээр мэдлэг, чадварай, бас нэр цэвэр туршлагатай хүний талаарх нөөц бараг байхгүй. Нам, дарга дагаж далдганасанчуудаас, эсвэл том мөнгө өгсөнчүүдээс л нэр дэвшинэ.

  • Зочин (202.21.124.129)

    2020-03-27

    Комментчид ер нь зөв бичээд байна. Мэдлэг, чадвартай, ажил амьдралын туршлагатай гол нь нэр цэвэр, шударга, улсаа, олноо гэсэн сэтгэлтэй байх нь үндсэн шалгуур байх ёстой. НАС БОЛ ЧУХАЛ, ЕР НЬ НАС ТОГТСОН ХҮМҮҮС ЗОНХИЛДОГ хөгжсөн орнуудын парламентын хандлага нэгийг хэлээд байгаа шүү. Намууд гайгүй залуучуудыг улс төрд уруу татаж байгаа нь үнэхээр буруу. Тэд зүгээр л ажил амьдралын шалгуур дааж, ард түмэндээ танигдаад төр барих зүг хөдлөх хэрэгтэй. Нам, намын дэргэдэх залуусын байгууллагаар ороод ирэхээрээ "хорчин", албан тушаал, эрх мэдлийн хэнээтэн болоод гараад ирдэг. Намуудын дэргэдэх залуучуудын байгууллагыг хуулиар хорих цаг болсон.

  • зочин (66.181.177.53)

    2020-03-27

    Ганзагийн наймаачин биш сэхээтэн. УИХ-д сонгогдож байгаагуй. Хедеений тунтгэр бор биш шуу.

  • Зөв (192.82.71.175)

    2020-03-27

    Хүмүүс яг ингэж яриаад байгаа шүү. Нэр цэвэр хүмүүс л дэвших хэрэгтэй. Бас боловсролтой байх. Харин нас залуу энэ тэр бол нээх чухал биш. Олон жил төрд ажилласан, огт идэж уугаагүй эрдэм боловсролтой ахмад хүмүүс зөндөө байна. Тэд нарыг бас дэвшүүлэх хэрэгтэй

  • Хэнчбиш (98.244.106.112)

    2020-03-25

    Хамгийн наад захын шалгуур нь УИХ-аас цөөн удаа сонгогдсон, нас барснаас бусал тохиолдлоор 2 дахь амьдрал зохиоогоогүй, 100 кг- хүртэл биеийн жинтэй магистраас дээш боловролтой зэрэг болой

  • зочин (202.21.124.129)

    2020-03-25

    Иргэний сэтгэгдлийг дэмжиж байна. Олон улсын төр, засгийн хандлагаас харахад залуучууд нь гүйцэтгэх засаглалд илүүтэй ажиллаж, харин дунд, ахмад насны жаргал зовлон туулсан, ажил, амьдралын туршлагатай хүмүүс нь парламентад зонхилж байгаа нь маш оновчтой бодлого. Хуулиа ч ингэж зохицуулдаг. Үүнийг дээдэс маань, намууд ухаармаар л байна даа.

  • Иргэн (202.21.124.129)

    2020-03-25

    УИХ-д нэр дэвшүүлэх ард түмний 3 шалгуур л байна. 1.Нас тогтож, ажил амьдралын туршлага суусан, шударга, нэр цэвэр, ёс зүйтэй байх. 2.Өндөр (бакалавр түүнээс дээш) боловсрол, мэргэжилтэй, бүтээлч сэтгэлгээтэй. 3.Популист бус, улс, ард түмний сайн сайханы төлөө өнөөг бодитой дүгнэж, алс хэтийг харж чадах чадвартай хүн байх. Ер нь өндөр хөгжилтэй орнуудын парламентыг харахад "хүүхэд залуус" Эрхэм гишүүн цол хүртэж улс төрөөр тоглодог газар биш ажээ. АНУ, Япон, Герман, Англи, Хятад, ОХУ, Сингапурын парламентын гишүүдийн насны дундаж 56 байна. Гишүүдийнх нь 70 орчим хувь хий нь гарсан, нийгэмд нэр хүндтэй төр, олон нийтийн зүтгэлтэн, эрдэмтэд, инженер, бизнесмэн, нэлээд нь төрийн захиргаагаар дамжиж шалгагдсан хүмүүс байна. Манй намууд нам, дарга дагаж далдганасан, амархаан эрх мэдэлд хүрчих эрмэлзэлтэй залуусаас эрс татгалзах цаг болжээ. Өнөөдөр гоёчлох биш, борог амьдрал тэмцэл дундаас Эрхэм гишүүн болох хүнээ олж нэр дэвшүүлэх нь НАМУУДЫН ЭХ ОРОНЧ БАЙР СУУРЬ, УЛС, АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ тодорхойлно.

  • монгол хүн (202.72.247.19)

    2020-03-25

    хараад байхад энэ олон намууд эх орноо хөгжүүлье, ард түмний амьдралыг бодитоор дээшлүүлье гэсэн ганц үг ч алга. эргүү мулгуу хүн хуурч байгаа юм шиг л мянгуужингийн үлгэр ярьж, аргалж байгаад сонгогдчих санаатай улайрцгааж байна. яана даа эх орон минь, бидний үед сүйрчих гээд л байх юм.Өвгөд минь үүний төлөө цусаа урсгаж эх орноо хамгаалсан хэрэг үү

  • зочин (202.72.247.19)

    2020-03-25

    олон намын солиотой амлалт, амалж байгаад гарчихаад идэж уугаад эх орноо дампууруулахыг харж залхлаа. олон намын тогтолцоо хэрэггүй гэдгийг мэдэж авлаа. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол яасан юм бэ. Хойд урд хөршийг хар л даа. идсэн ч нэг хүн иднэ, хариуцлагаа ч нэг хүнээс л нэхнэ. амар юм бишүү

  • зочин (66.181.187.142)

    2020-03-25

    Нэр дэвших хүмүүс чинь энэ л намуудын гаргасан мөрийн хөтөлбөр гэх биелэшгүй зүйлээ л ярих байх даа.Ийм улс төрчидөд итгэхитгэл байж болохуу.Харганы ноос түүгээд эсгий нийнэ Эсгийгээ зараад азрага гүү хоёр авна.Эхнэр нь би азрагаа унаад аавынд очоод ирье.Нөхөр чи гүү сувайруулах нь уу гээд түүнээсээ болоод бөөн зодоон болсон гэдэг онигоо бий.Өнөөдрийн намуудын мөрийн хөтөлбөр яг түүн шиг

  • зочин (66.181.187.142)

    2020-03-25

    Нэр дэвших хүмүүс чинь энэ л намуудын гаргасан мөрийн хөтөлбөр гэх биелэшгүй зүйлээ л ярих байх даа.Ийм улс төрчидөд итгэхитгэл байж болохуу.Харганы ноос түүгээд эсгий нийнэ Эсгийгээ зараад азрага гүү хоёр авна.Эхнэр нь би азрагаа унаад аавынд очоод ирье.Нөхөр чи гүү сувайруулах нь уу гээд түүнээсээ болоод бөөн зодоон болсон гэдэг онигоо бий.Өнөөдрийн намуудын мөрийн хөтөлбөр яг түүн шиг