Хорват улсын засгийн газар, хууль хяналтын байгууллагуудыг шударга байдлаа нэмэгдүүлэхийг уриалжээ

Европын зөвлөлийн авлигын эсрэг улсуудын бүлэг (ЕЗАЭУБ)-ээс Засгийн газар (төрийн дээд удирдлага), хууль хяналтын байгууллага дахь авлигаас урьдчилан сэргийлэх Хорват Улсын үйл ажиллагааны талаарх тав дахь удаагийн үнэлгээний тайланг гаргаад байна.

Хорват Улс нь нийтийн албанд шударга байдлыг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох орчинг бүрдүүлсэн байгаа талаар уг тайланд дурдсан байна. Хэдий тийм ч, мөн тайланд эрх зүйн орчин болон практикт хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг онцолсон байна. Нэн тэргүүнд, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс үүдэлтэйгээр Хорватын Засгийн газарт тэргүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй хүмүүсийн ёс зүйн стандартыг хангах хэрэгтэй байгаа талаар тайланд тусгасан байна. Ялангуяа, Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, сайдын туслах нарт зориулсан ёс зүйн дүрэм, түүнчлэн дүрмийг хэрэгжүүлэх зөвлөмжийг баталж мөрдүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна. Үүнээс гадна дээд шатны албан тушаалтныг ажилд томилох, ажлаас халагдах талаарх зохицуулалтыг илүү өргөжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн лоббитой  холбоотой байдлаа мэдүүлэх, лоббидсон асуудлыг тайлагнах асуудалтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт хязгаарлагдмал байгааг анхааруулжээ. Шударга байдлыг дээшлүүлэхийн тулд эдгээр асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Мөн гүйцэтгэх засаглалын өндөр эрх мэдэлтэй этгээдийн хувийн эрх ашиг нь албаны чиг үүрэгтэй зөрчилдөх нөхцөлд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх комиссод санхүүгийн мэдүүлэгтээ мэдүүлж байх зохицуулалттай болох шаардлагатайг дурджээ. Комисс тус чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор Засгийн газрын гишүүд, төрийн нарийн бичгийн дарга нар, сайд нарын туслахуудын санхүүгийн мэдүүлгийг хянаж шалгахад шаардлагатай мэдээллийг авдаг байхад илүү ихийг хийх шаардлагатай юм. Үүнтэй холбоотой албан тушаалтнууд эрхэлж буй албан тушаалаас үл хамааран бие даасан байгууллагууд, тухайлбал, Комисстой, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байхын чухлыг ЕЗАЭУБ-ээс онцолсон байна.

Цагдаагийн байгууллагад итгэх итгэл доогуур байдаг, цагдаагийн авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар тайланд дурдсан байна. Цагдаагийн байгууллагын хувьд авлигын эсрэг стратеги батлан хэрэгжүүлэхийн тулд авлигад автах эрсдэлтэй үйл ажиллагааны талаар цогц эрсдэлийн үнэлгээ хийхээс эхлэх шаардлагатай байна. Мөн Цагдаагийн албан хаагчдын одоогийн мөрдөж буй ёс зүйн дүрэмд шударга байдлын бүх асуудлыг хамруулахаас гадна практикт дагаж мөрдөх гарын авлагаар хангах хэрэгтэй хэмээн тайланд онцолсон байна. Цагдаагийн байгууллагад томилогдох, албан тушаал дэвших процесс болон цагдаагийн албанаас халагдсаны дараах ажил эрхлэлт зэрэгт анхаарах хэрэгтэй байна. Эцэст нь, албан үүргээ гүйцэтгэх явцад шударга бус зүйл, дүрэм журам зөрчсөн албан хаагчдын талаар мэдээлж байх асуудлыг ЕЗАЭУБ-ээс зөвлөсөн байна.

Эх сурвалж: search.coe.int

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай