Д.Үүрцайх: Намуудын эдийн засгаа самрах популист амлалтууд эцэстээ сонгогчдын халааснаас л төлөгдөнө

Хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.


-Нам, эвслүүд цалинг 3-5 саяд хүргэх, хүн болгоныг орон сууцжуулна зэрэг амлалтуудыг өгч байна. Ер нь эдгээр амлалтуудын худал, үнэн бодит эсэхийг хэрхэн ялгах вэ?

-Яахав, үнэн бодитойг нь сонгогчид дүгнэх байх л даа. Хуулиар бол мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлагад бэлэн мөнгө, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх гэх мэт зүйлс байж болохгүй гэж бий. Дундаж цалин өдгөө сая гаруй төгрөг байгаа. Энэ амлалтуудыг харахад дундаж цалинг хамгийн багадаа хоёр, эсвэл гурав дахин нэмж, гурван сая болгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна лээ. Популист амлалтууд яваад байна л даа. Энэ амлалтуудыг популист уу, популист биш үү гэдгийг сонгогчид үнэлж, дүн тавих ёстой байх. Дээрээс нь Үндэсний Аудитын газар энэ амлалтуудыг шалгаад Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж, нийцэж байна уу гэдэг дээр үнэлгээг гаргах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар дүгнэлт гаргана. Энэ шалгууруудыг давж байна уу, үгүй юү гэдгээр л дүгнэлт гаргах юм.

-Үнэн бодит амлалт эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй болохоор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө бүрэн эхээр нь сурталчилж болохгүй байгаа. Мөрийн хөтөлбөрийг нь олоод авчихвал хооронд нь харьцуулж дүгнэж болох байх. Мэдээж эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүдээр хэрэгжих боломжтой эсэхийг нь шалгаж, дүгнэх боломжтой. Одоохондоо нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрүүд бүгд ил болоогүй, товч танилцуулгууд нь явж байгаа шүү дээ.

-Эдгээр популист амлалтууд эдийн засгийн савлагааг үүсгэж магадгүй харагдаж байна?

-Хүмүүсийн яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй мэдээллээс харахад эдийн засгийн хувьд яагаад ч хэрэгжих боломжгүй зүйлсийг ярьж буй харагдаж байгаа. Хэрэгжүүлнэ гэвэл эдийн засгаа самарч байж, мөнгөний ханшийг унагаж байж л боломжтой. Эдгээр мөнгө эцэст нь сонгогчдын карманаас л төлөгдөнө. Хэрвээ хэрэгждэг юм бол иргэдийн мөнгийг үнэгүйдүүлж байж л төлөгдөнө гэсэн үг. Ингээд харахаар бид нар ээлжилж амладаг популизмаас гарахгүй л яваад байна шүү дээ.

-Популист амлалтууд газар авахгүй болсон цаг шүү дээ. Хоосон амлалтаар иргэдийн саналыг худалдаж авдаг цаг өөрчлөгдсөн гэдгийг улстөрчид ойлгоогүй байх шиг...

-Сонгогчид хэрсүү болсон. Худлаа амлаж байгааг нь мэдэх байлгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрийн хөтөлбөр нь тодорхой болохоор худал, үнэн амласан эсэхийг нь өрсөлдөгч намууд нь гаргаж ирж тавих байх. Тэрнээс өмнө мөрийн хөтөлбөрийг нь ил болчихвол мэргэжилтнүүд дүгнэлт хийж, үнэн нүүр царайнууд нь илчлэгдэж, аль нь үнэхээр өрсөлдөхүйц бодлоготой нам байна. Аль нь сонгогдохын төлөө популизм хийж байгаа гэдгийг тодорхой болгох боломжтой.

-Ер нь эдийн засаг талаасаа харвал эдгээр амлалтуудад биелэх боломж байна уу?

-Тодорхой ажил мэргэжил, тухайлбал багш, эмч нарын цалинг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх төсвийн боломж байж болно. Жишээ нь, хоёр сая төгрөгт хүргэдэг ч юм уу. Ингэхийн тулд шаардлагагүй хөрөнгө оруулалтууд, төсвийн тэсч болох зардлуудыг хэмнэх хэрэгтэй. Ингээд тэр хэмнэсэн мөнгөөрөө багш, эмч нарт хөрөнгө оруулбал эргээд эрүүл мэнд, боловсролын салбар сайжирна. Энэ нь хүндээ оруулах хөрөнгө оруулалт болж хувирах жишээний. Ийм байдлаар бол болно. Түүнээс нийтэд нь дундаж цалинг гурван сая болгоно гэдэг хэрэгжих боломжгүй. Мөнгө хэвлэж тараагаад инфляци үүсгэж, эдийн засгаа самарч байж л хэрэгжих боломжтой. Тэгэхээр эцсийн бүлэгтээ талх, махны үнэ өснө гэсэн үг. Тэгэхээр нийтээр Монголын иргэд, монголчууд, хэрэглэгчид олсон орлогоороо буюу татвараараа үүнийг төлнө. Нөгөө нөхдүүд тэр популизмынхаа үр шимээр сонгогдож гараад хулгайгаа хийдгээрээ хийгээд л явах байх даа.

-Амлалт бол амлалт. Үнэн бодитой эсэхийг мөрийн хөтөлбөр болон, ямар зорилт дэвшүүлсэн нь ил болоод ирэхээр мэргэжилтнүүд дүгнэх байх. Тийм үү?

-Өөрсдийн амаараа дундаж цалинг гурван сая, таван сая болгоно, нийгмийн даатгал төлж байгаа бүх хүнд байр өгнө гэх мэт хэлж байгаа үгс нь мөрийн хөтөлбөрт нь байгаа байлгүй дээ. Бүхэлд нь хараад дүгнээд, үг үсгээрээ юу гээд биччихсэн юм, тэр нь бодлого шийдлийн хувьд ямар байгаа гэдгийг мөрийн хөтөлбөрийг нь бүхэлд нь харж байж дүгнэх боломжтой. Тэгэхээр мөрийн хөтөлбөрүүд нь текстээрээ бэлэн болохоор нь үзээд дүгнэлт хийж, улс төрийн болон мэргэжлийн дүгнэлтийг өгөх боломжтой болох байх. Тэрнээс наана үзэж, хараагүй байж ийм тийм гэж хэлэх нь өрөөсгөл.

-Хэрвээ нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргавал сонгуульд оролцуулах уу?

-Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргасан нам, эвслийг сонгуульд бүртгэхгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, эсэх шийдвэрийг СЕХ гаргана.Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, үгүй гэдэг дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргана.

Б.АМАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)