Испанийн хаан асан тэтгэврээ алдсан ч ядуурсангүй

Авлигын хэрэгт сэжиглэгдсэн Испанийн хаан асан Нэгдүгээр Хуан Карлос тэтгэвэргүй болсондоо гомдол гаргаагүй хэдий ч баян хэвээрээ байна. Тэр хаанаас ийм мөнгөтэй болов гэдгийг Дойче Велле мөшгиж үзэв.

Зургадугаар Филипп хаан өөрийн 82 настай эцгээсээ харьцаагаа тасалж байгаа тухай Испани даяар шуугиж байна. Тэрээр авлигын хэрэгт сэжиглэгдсэн хаан асан Хуан Карлосын жил бүрийн тэтгэмж болох 194 мянган еврог цуцалж өв залгамжлалаасаа татгалзжээ. “Хаан асан Хуан Карлос нь 2 тэрбум еврогоос давсан хөрөнгөтэй ба тэтгэвэргүйгээр амьдарч чадах нь тодорхой юм” гэж Форбес сэтгүүлд бичжээ. Харин түүнийг яаж ийм их хэмжээний мөнгөтэй болсон бэ? гэсэн асуулт олон испаничуудын сонирхлыг татаж байна.

2008 онд Саудын Арабаас Швейцарийн Мирабауд банкин дахь Панамын Сан Люсум сангийн дансанд 100 сая доллар шилжүүлсэн бөгөөд тэрхүү сангийн бенефициар буюу эцсийн өмчлөгч нь Хуан Карлос байв. Одоогоор Швейцарийн прокурорын газар энэ мөнгөний гарал үүсэл болон авлигын схемийг тогтоохоор ажиллаж байна. Хаан ширээгээ 2014 онд хүүдээ шилжүүлсэн Испанийн хаан Хуан Карлосын эсрэг албан ёсны ямар нэгэн шалгалт хийгээгүй байна.

Хуан Карлос нь 39 жилийн турш Испани Улсын засгийн эрхэнд байсан. Ер бусын оюун ухаан, сэтгэл татам байдал, хошин шогийн мэдрэмж, хүмүүстэй дотно харьцах чадварыг эзэмшсэн тэрээр орон орны дээд зиндааны хүмүүстэй найрсаг харилцаатай байсан бөгөөд  үүний дотор хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн улсуудын дээд зиндааныхан ч мөн багтаж байсан гэж Мадридын их сургуулийн түүхийн профессор Хайме Кабрера өгүүлсэн байна.

Хуан Карлосыг "Испанийн шилдэг дипломатч" гэж нэрлэжээ. Түүхчдийн үзэж байгаагаар тэрээр Испанийн гадаад бодлого, хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд их хувь нэмэр оруулсан байна.

Арабын эрх баригчид болон Хуан Карлос нар онцгой итгэлцлэлийн харилцаатай байсан. Фахд, Абдалла зэрэг хаадууд түүнийг "хайртай ах" хэмээн нэрлэж, хямралын жилүүдэд Испанийг газрын тосоор ханган тэдний зэвсэг, хоол хүнсийг худалдан авдаг байжээ. Хуан Карлос нь Европт саудчуудын эрх ашгийг лоббидож байсан тухай түүхч Кабрера онцолсон.

Испанийн хаан асан Хуан Карлос нь “бүгд найрамдах” үзэлтэй хүмүүсийн ч хүндэтгэлийг хүлээж байсан тухай Мадридын Социологийн судалгааны төвийн ажилтан Серхио Паласио өгүүлсэн байна. Испани Улсыг 1970 аад онд Франкогийн дарангуйллаас ардчилсан засаглалд шилжих явцыг хаан оройлон зохион байгуулжээ.  Тэрээр цэрэг армийн дарангуйлагчид, бүс нутгийн салан тусгаарлагчид, зүүн радикалуудын тэмцлийг намжааж ардчиллыг удаан хугацаанд тогтвортой байлгаж чадсан.

Гэхдээ Хуан Карлос нь улс орноо удирдаж байх хугацаандаа амжуулж байсан бизнесүүд нь  бүгд хууль ёсных байгаагүй нь тодорхой болсон юм. Тэрээр олон улсын гүйлгээнд зуучлан хувь хүртэж, барилгын төслүүд болон газрын тосны наймаанд оролцож байжээ. Эдгээр үйлдлүүд нь түүний нэр төрд сөргөөр нөлөөлөх учраас олсон мөнгөө оффшорт эсвэл найз нөхдийнхээ нэр дээр хадгалуулдаг байжээ.  “Хаан хүн төрийн үйл хэрэгт өөрийгөө зориулах ёстой, бизнес бол хааны хийх зүйл биш” гэсэн үзэл баримтлалаа хаан зөрчсөн гэж социологич Паласио үзэж байна.

Хуан Карлос орлого олох ажлаа нууцаар үргэлжлүүлсээр байсан. Профессор Кабрера үүнийг түүхэн шалтгаанаар тайлбарласан юм. Арваннаймдугаар зуунаас эхэн үеэс Испанийг захирч байсан Бурбон овгийн хаадууд нэг үе хаан ширээнд заларч, нэг хэсэг хаан ширээнээс түлхэгдэн, буусан үедээ хатуу ширүүн амьдрал бүхий цөллөгт илгээгдэх зэргээр ихээхэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байв. Үүнээс гай зовлон, үймээн самуун тохиолдсон үед зориулах үүднээс хураан цуглуулах шунал хүсэл, эрмэлзлэл үүссэн гэж түүхчид үзжээ.

Хуан Карлос ч өөрөө цөлөгдөж байжээ. Залуу насандаа эцэг эхтэйгээ Португалид амьдарч байсан. Түүний аав дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд танилуудаасаа мөнгө гуйдаг байжээ.  “Энэ нь Хуан Карлосыг оффшор ашигласан бизнесийн нууцыг зөвтгөхгүй" гэж пофессор Кабрера онцлон тэмдэглэв.

Саудын Арабаас ирсэн мөнгө нь хээл хахууль уу, эсвэл бэлэг үү? Нэг талаас хааны ёс зүйтэй холбоотой асуудал боловч нөгөө талаас эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх авлигын хэрэг юм. Испанийн хэвлэлүүд Швейцарийн банкинд шилжүүлсэн 100 сая долларыг хээл хахууль гэж үзэж байна. Мединагаас Меккагийн хооронд хурдны төмөр зам барих гэрээ байгуулахад зуучилсны хөлсөнд энэ мөнгийн авсан гэж хаан мэдүүлсэн байна.

Өмгөөлөгч Анхель Ибаньес “Энэ мөнгө Саудын Арабын Сангийн яамнаас буюу өөрөөр хэлбэл захиалагчаас шилжин ирсэн тул хээл хахууль биш” гэж мэдэгдэж байгаа юм. Харин хуульчид захиалагч тал зуучилсан этгээдэд хахууль өгөөгүй, харин ажил олж авахын тулд гүйцэтгэгч тал өгдөг гэж баталж байна. Профессор Хайме Кабрера ч үүнтэй санал нэг байгаа, энэ нь “Дорнын өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл болгож Абдалла хаанаас өгсөн бэлэг” гэжээ.

Филипп хаан эцэгтэй нь холбоотой энэ дуулиан шуугиан түүнд өөрт нь нөлөөлж болзошгүй гэж болгоомжлон Швейцарийн мөрдөн байцаалтын шийдвэрийг хүлээлгүйгээр эцгээсээ татгалзахыг хүлээн зөвшөөрчээ. Хаант засаглалыг эсэргүүцэгчид нилээдгүй байдаг Испани Улсын парламент Хуан Карлосын холбогдсон авлигын хэрэгт нотлох баримт байхгүйн улмаас хэлэлцээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Итгэл (192.82.65.120)

    2020-04-02

    муу л хүү байна даа