З.Болдбаатар: Социализмын үеэс үлдсэн ганц ногоон байгууламж бол Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг

-Коронавирусээс үүдэж эдийн засаг хүндэрч байгаа энэ үед хонхтой цэцэрлэгийг 3.2 тэрбумаар шинэчлэх нь хэр зөв алхам бэ?-

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хийгдэх 3.2 тэрбумын өртөг бүхий шинэчлэлийн ажил нийслэлчүүдийн анхаарлын төвд байна. Төв талбайн өмнөд хэсэгт байрлаж ирсэн түүх өгүүлэх Хонхтой цэцэрлэгийг хашаалан, он удаан жил ургасан моддыг үндсээр нь тасдан зөөвөрлөж эхэлсэн нь олны бухимдлыг төрүүлэх болов.

Хотын захиргааны зүгээс сүүлийн 20 жил энэ талбайг засварлаж шинэчлээгүй учраас 2019 онд тендер зарлан төсөв болох 3.2 тэрбум төгрөг нь төсөвт суусан гэдгийг мэдэгдэж байгаа. Энэ талбайд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар төлөвлөснийг хэд хоногийн өмнө Хотын захиргаанаас мэдээлсэн юм.

 

Хэдийгээр одоо дулааны улирал эхэлж, зам, барилга, засвар үйлчилгээ хийх цаг нь болсон ч дэлхий даяар коронавирус гэгдэх аюулт өвчин дэгдэж хөгжилтэй улсууд сөхөрч эхлээд байна. Халдвар авсан хүний тоо дэлхий даяар хагас сая хэдийнэ давж, хоногт хэдэн зуугаараа нас барж байгаа энэ үед Монгол Улсад ч эрсдэлтэй байгааг өдөр бүр албаны хүмүүс анхааруулсаар байгаа юм. Хамгийн гол нь том гүрнүүд эхнээсээ эдийн засгийн хямралд орж, Монголд үүний дохио мэдрэгдэж эхэлж байгаа энэ үед 3.2 тэрбумын энэ бүтээн байгуулалт хэр цагаа олсон, хэр зөв ажил вэ?

Б.Бямбадорж: Төв талбай дээрээ нийтийн жорлонтой, үзэгдэх орчныг хязгаарласан өндөр нарс модтой цэцэрлэгтэй улс байхгүй

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж өчигдөр энэ талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрээр “Энэ төсөл 2019 онд тендерээр шалгарсан. Тэр үед 3.2 тэрбум гэдэг зардал нь батлагдаж, төсөвт орсон. Өнөөдөр гэнэт санаачлаад хийж байгаа асуудал биш. Цэцэрлэгийн өндөр нарс моддыг буюу нийт моддын 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарина. Иргэд цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгах гэж байна хэмээн буруу ойлгож байна. Нарснаас бусад навчит, шилмүүст модлог ургамлууд байрандаа байна. Тэднийг хашаалж, илүү цэгцтэй арчилж ургуулна. Одоогийн байдлаар энэ моддыг усалж ч болдоггүй. Дээрээс нь Нийслэлийн төв талбай дээрээ нийтийн жорлонтой, үзэгдэх орчныг хязгаарласан өндөр нарс модод бүхий цэцэрлэгтэй улс байхгүй” гэлээ. Тэрээр бас энэ талбайд шинэ усжуулалтын дэд бүтэц суулгаж усан оргилуур хийхээс гадна задгай театр барин, зүлгэн дээр нь хүмүүс амарч тухлах орчныг бүрдүүлнэ гэдгийг ч уламжлав.

Хараад байх нь ээ усан оргилуурын төсөл манайд нэг их урагшилдаггүй ажил. Багшийн дээдийн арслантай гүүрний усан оргилуур хичнээн тэрбум төгрөг зарцуулан хийчихээд юу болж үлдсэнийг нийслэлчүүд мартаагүй. Өөр ч олон газар усан оргилуур нэртэй цементэлсэн талбай л жилийн жилд нэмэгдэж харагддаг.

Цэцэрлэгийн моддыг тайрахгүйгээр цэцэрлэгийг шинэчилье

Түүнээс том асуудал бол мод. 1950, 1960-аад оны нийслэлийн өнгө төрх, төв талбайн орчимд одоогийн энэ модод хотоо чимж байсныг олон хүн санаж буй. Мод, ногоон байгууламж гэдэг хот суурин газарт хамгийн их хэрэгцээтэй байгааг өнөөгийн Улаанбаатар бэлхэнээ харуулдаг. Энд тэндгүй нас бие гүйцсэн моддыг хуйгаар нь булгалж, зай завсаргүй өндөр барилга барьсаар жилийн дөрвөн улиралдаа нийслэл маань ямархан царай зүстэй болсон билээ дээ. Хүчилтөрөгч ялгаруулдаг ногоон байгууламжгүйгээс харшил өвчин нийслэлчүүдийг барьсан. Ийм үед байгаа цөөхөн модод, ногоон байгууламжаа тордож, нэмж л тарьж ногооруулах ёстойг байгаль хамгаалагчид амаа цуцатлаа ярьж байгаа.

Гэтэл 3.2 тэрбумын энэ бүтээн байгуулалтаар моддыг нь нэмэх бус 30 хувийг нь нүүлгэн шилжүүлэх гэнэ. Сүүлийн 20 жил тохижуулаагүй гэж байна. Хэдхэн жилийн өмнө яг энэ хонхтой хөшөөний урд автобусны буудал байв. Тэр үед л харин энэ цэцэрлэг хүндхэн байсан. Автобусны буудлыг нүүлгэсний дараа Хотын захиргаанаас цэцэрлэгийн өнгө үзэмжийг засч шинэчилсний хүчинд өнөөдөр хүмүүс агаарлаж алхах зам, тухлах сандалтай болчихоод байгаа юм. Хонхтой цэцэрлэгт зай завсаргүй ургасан модод харагддаггүй. Үзэгдэх орчин хязгаарласан гэх шалтгаанаар модыг нүүлгэнэ гэдэг байгаль хамгаалагчид битгий хэл энгийн иргэдийн хувьд байж боломгүй хувилбар. Төрийн ордон, Төв талбай, Хөрөнгийн бирж, Ммонгол шуудан харагдахгүй болтол гадны ой шиг тэнгэр тултлаа ургасан модод байгаа биш дээ. Оолон нийтийн бухимдлыг төрүүлсэн бас нэг тайлбарыг албаны хүмүүс нэмчихлээ. Аамьд байгалиа хамгаалдаг гадныхны жишгийг харахад нэг модыг ч болов тайрч үхүүлэхгүйгээр шаардлагатай бүтээн байгуулалтуудаа тойруулан хийсэн олон жишээг бид олон нийтийн сүлжээнээс хардаг. Үүний адил Төв талбайн өмнөх цэцэрлэгийн моддыг тайрч сүйтгэхгүйгээр бүтээн байгуулалтыг хийх арга замыг эрэлхийлсэн бол зөв ажил болох байсныг байгаль хамгаалагчид хэлж байна.

Харин албаныхны зүгээс нэгэнт өнгөрсөн онд зураг төсөл нь батлагдаж, төсөв нь тодорхой болчихсон ажил хэмээн тайлбарлаж байгаа. Байгаль орчны мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож, амьд байгалиа хамгаалъя гэвэл зураг төсөлдөө өөрчлөлт хийхээс аргагүй.

З.Болдбаатар: Нутагшаад олон жил ургачихсан модыг шилжүүлж суулгаад ургадаггүй

Энэ талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, ойн аж ахуйн инженер З.Болдбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийн моддыг хэсэгчлэн зөөж оронд нь усан оргилуур барих төслийн ажил эхлээд байна. Ойн инженерийн хувьд таниас энэ моддыг нүүлгэхтэй холбоотойгоор байр суурийг тань сонсмоор байна?

-Улаанбаатар хот бол социализмын үед ногоон байгууламж маш сайтай байсан. Одоо бол нийслэл рүүгээ хэт төвлөрч, ногоон байгууламж гэх зүйл бараг үгүй болсон. Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгтэй хэсэг бол социализмын үеэс үлдсэн ганц ногоон байгууламж гэж хэлж болно. Яахав, Баруун дөрвөн дөрвөн замаас Зүүн дөрвөн зам дагуу байгаа хэдэн улиасыг эс тооцвол. Таримал ургамлыг тарьж ургуулахад маш их цаг ордог. Нэг шилмүүст модыг тарьж, хүчилтөрөгч ялгаруулах хэмжээнд хүргэхэд 30-40 жилийн хөдөлмөр ордог. Тиймээс нэгэнт ургаад бий болчихсон цэцэрлэгээс моддыг нь тайрч нүүлгэнэ гэдэг нийслэлийн уугуул иргэдийн санаа зовнихоос аргагүй асуудал. Дээр нь нэг хүнд ногдох ногоон байгууламж маш бага байгаа ийм үед их хэмжээний зардлаар модоо тайрна гэдэг үнэхэр илүү ажил. Нэг зүйлээ сайжруулах гээд нөгөөг нь бусниулж болохгүй.

-Хонхтой цэцэрлэгээс тайрсан моддыг өөр газар шилжүүлж суулгана гэж байгаа. Энэ нь хэр боломжтой вэ?

-Мод гэдэг хүнтэй адил. Хүн хоол идэж боловсруулахад хүний ходоодонд ямар их үйл ажиллагаа өрнөдөг билээ. Нэгэнт ургаж, нутагшаад олон жил ургачихсан мод үндэс нь тэлчихсэн байдаг. Ийм модыг шууд шилжүүлж суулгаад ургадаггүй. Газрын хөрснөөс шим тэжээлээ татдаг систем нь тасарчихаж байгаа хэрэг. Шилмүүст мод өөрөө маш эмзэг. Мманайд ийм маягаар уулнаас мод авчраад хотод суулгана гэж ямар олон тэрбум төгрөгийг өнгөрсөн жилүүдэд устгаж байна даа.

-Өндөр ургасан модод үзэгдэх орчин хязгаарлаж байна гэж албаныхан тайлбарлаж байгаа, бас?

-Энэ бол маш өрөвдөлтэй тайлбар. Өндөр мод гэвэл навчит шилмүүст мод 12-оос дээш метр байдаг. Манайд байгаа энэ цэцэрлэгийн мод бол үсрээд л дөрвөн метр байгаа. Дөрвөн метр өндөртэй мод ямар орчныг хязгаарлах вэ дээ. Тэгээд ч мод өндөр ургах тусам хүчилтөрөгч ялгаруулах хэмжээ нь нэмэгддэг.

“Эдийн засаг хямарч байгууллагууд дампуурахын ирмэг дээр байхад ийм бүтээн байгуулалт хийх нь буруу”

Иргэд, олон нийтийн төлөөлөл ч бас өчигдөр Нийслэлийн Хот тохижилтын газрын даргын мэдэгдлийн дараа байр сууриа илэрхийлсэн юм. Иргэн Жж.Энхбат “Хэрэв энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зурсан. Дэлхий дахинд вируст халдвараас болж эдийн засаг хямарч, онцгой нөхцөлд орж, байгууллагууд дампуурахын ирмэг дээр ирээд байхад ийм бүтээн байгуулалт хийх нь буруу. Эрдэмтэд энэ моддын 60-70 хувь нь үхнэ, нүүлгэн шилжүүлэх үед үндэс нь тасарна гэж байгаа. Үүнийхээ оронд гэр хороололд нэг цэцэрлэг ч болтугай барих хэрэгтэй” гэв. Ммөн “Электрот” хөдөлгөөн, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас ч эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн юм.

Хамгийн гол нь эдийн засаг хүндэрч байгаа, цаашид коронавирусээс үүдэлтэй ямар ч нөхцөл байдал үүсэх нь тодорхойгүй байгаа энэ үед 3.2 тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийг хэсэгчлэн буулгаж, үр ашиг муутай төсөл хэрэгжүүлэх нь хэр зөв алхам бэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (66.181.183.155)

    2020-04-03

    ГАЗРЫН ХУУЧИН ЭЗЭД ЯМАРЧ ҮНЭЭР ХАМААГҮЙ ХАРЛУУЛАХ ГЭЭД Б НА ТОХИЖИЛТЫГ ХИЙЛГЭЭ ШҮҮХИЙГ АВИЛГАДААД АВАХ САНАА ШУНАЛНА БАДАРЧ БАЙЖ ЯДАХДАА МОДНУУДЫГ ХХЙРЛААД Б НАА