Б.Галиндэв: Гаднын оронд эзэмшсэн мэргэжлээ өөрийн улсын хөрсөнд буулгаж ухаарсан нийгмийн салбарынхан УИХ-д үгүйлэгдэж байна

УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ үед сонгогчид юунд, хэрхэн анхаарах ёстой вэ. Улстөрчдийн боловсрол, чадамж ямар түвшинд байх ёстой вэ зэрэг асуудлын хүрээнд “Отгонтэнгэр” их сургуулийн багш, философийн ухааны доктор, профессор Б.ГАЛИНДЭВТЭЙ ярилцлаа.

-“Улстөрч” гэдэг үгийн хэрэглээ их болжээ. Жишээлбэл, УИХ-ын гишүүн болонгуутаа л өөрийгөө “Улстөрч” гэж цоллоод эхлэх юм. Өөрсдийгөө ингэж нэрийдээд байгаа эрхмүүдэд тодорхой үзүүлэлт юм уу, шалгуур байна уу?

-Бараг л төр улс үүссэн цагаас эхлээд л улстөрчдийн тухай яриа хэллэг янз бүрийн улс үндэстний үгийн санд орж ирсэн байх. Орчин үед “Улстөрч” гэх нэр хаяг зүүж байгаа эрхмүүдэд ямар нэг тодорхой үзүүлэлт, хэмжүүр байх ёстой нь ойлгомжтой. Миний бодлоор манай улстөрчид өнөөгийн Монголын нийгэмд өрнөж байгаа ардчилсан үйл явцыг даяаршиж байгаа дэлхий дахины хөгжил, дэвшлийн чиг хандлага болон түүний эерэг, сөрөг олон үйл явцтай холбож үздэг. Шинжилж ухаардаг, энэ үндсэн дээрээ тулгуурлаж улс төрийн шийдвэр гаргаж хууль журам баталж, мөрдүүлэх өргөн боловсрол, алсын ухааны хүн байх учиртай. Ингээд бодохоор ямар ч байсан Монголдоо л тэргүүлэх эдийн засагч, хууль, эрх зүйн мэргэжилтэн, эрдэм судлалын ажилтан, эмч, инженер, багш гээд нийгмийн янз бүрийн нам эвсэл, нийтлэг, давхаргын төлөөлөл болж чадах нөхөд манай УИХ-д сонгогдоод ажиллаж байх учиртай юм.

 

-Тэгэхээр таны хүсэн хүлээсэн хүмүүс манай хууль тогтоох дээд байгууллагад орж ирэхгүй байна гэж та дүгнэдэг хэрэг үү? 

 

-1990 оноос хойш бид УИХ-ын болон Ерөнхийлөгчийн нийт 16 удаагийн сонгууль хийчихлээ. Монголын иргэд сонгогчид эхний жилүүдээ бодоход улс төрийн ардчилсан сонгуульд оролцох тодорхой боловсрол, үзэл санаатай ч болсныг үгүйсгэх аргагүй.

 

Гэхдээ 2000-аад оноос эхлээд манай сонгуулиуд илэрхий мөнгөний хамааралтай болоод эхэлснийг бас үгүйсгэж болохгүй болчихсон. Ахмадуудыг хэд хоног үнэгүй амраагаад л санал худалдаад авчихдаг нөхөр ч УИХ-д олон жил сууж байгаа сурагтай байдаг.

 

Арав, хорь сүүлдээ бүр тавин мянган төгрөгөөр улс төрийн саналаа эмээж ичих, үзэл сэтгэлгүйгээр худалддаг болсон баримтыг яах билээ. Хүн амын эмзэг бүлгийнхний амьдралаар тоглолт хийж, эрх мэдэлд хүрэх замаа засна гэдэг хамгийн мөс чанар муутай хүмүүсийн л хийж чадах үйлдэл. Ийм гажиг руу орчихсон сонгуулиас болж наад тал нь нийгэмд хоёр том хохирол учирдаг юм байна. Нэгдүгээрт, ардчилагдаж байгаа Монголын нийгмийн иргэн хүн улс төрийн эрхээ мөнгөөр наймаалчихдаг нь монгол хүний нийгмийн үнэлэмж, бие хүний эрхэмлэлийг ихэд унагаж байгаа хэрэг. Хоёрдугаарт, мөнгөний сонгууль хийгдэх болсноор олон нийтийн зохистой сонголтоор шалгарсан, иргэд сонгогчид биднийг төлөөлөөд хууль батлан гаргах мэдлэг, чадвар, төр-нийгмийн ажлын туршлагагүй, тохиолдлын нөхөд хууль тогтоох дээд байгууллагын босгоор апхаад, халдашгүй эрх мэдэлтэй болчихоод байгаа юм. 

 

-Таны бодлоор сонгогчдод ямар шалгуур үзүүлэлт байх ёстой юм бэ. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүдийн ой ухааны чадварыг шалгаж IQ-г нь тогтоож байя гэсэн санал ч гарч байлаа. Таныхаар ямар чадвар, боловсролтой хүнийг УИХ-д сонгох ёстой вэ?

 

-Тийм санал гаргасан нийтлэл уншиж байсан. Манай хууль тогтоогчдын оюуны чадвар нийгмийн хөгжил, дэвшлийн шаардлага, сонгогч олон түмний хүлээлтээс дэндүү доогуур түвшинтэй байсан нь иргэн хүнд ийм санал дэвшүүлсэн нийтлэл бичих шалтгаан болсон байх. Одоо ч манай хууль тогтоох дээд байгууллагыг Монголын оюун ухааны шилдгүүд УИХ-д бүрджээ гэж дүгнэхээр түвшинд хүрээгүй байгаа шүү дээ. Ийм түвшинд хүрэхэд тодорхой цаг хугацаа ч хэрэгтэй байх. Гэхдээ улстөрч гэж өөрийгөө нэрийдэгсдэд тодорхой шалгуур үзүүлэлт заавал байх учиртай. Юуны өмнө төр-нийгмийн ажлын шилдэг сайн туршлага хуримтлуулсан эрхэм байх хэрэгтэй. Хуучирч хэрэглэгдэхээ больсон олон жилийн давтамжит үйлдлээ дахин дахин хийхийг туршлага гэж үзэхээ болиод байгаа шүү дээ. Учир нь нийгмийн хөдөлгөөн, хөгжил хурдсаж, өдөр ирэх тутам шинэ сорилт, эрсдэл тулгардаг, шинэ асуудал тавигддаг болсон цаг үед бид амьдарч байна. Ийм болохоор шинэ санаа, онол, үзэл баримтлал, ажлый арга барилаар сэлбэгдэж, шинэчлэгдээгүй бол олон жил нэг суудалд удаан заларсан хугацааг нь гол хэмжүүр болгоод хэн нэгнийг туршлагатай улстөрч-хууль тогтоогчдын нэг гэж үзэх боломжгүй болсон. Манай улстөрчид орчин үеийн хэрэгцээ, хэрэглээ болоод байгаа сайн боловсрол эзэмшсэн гэдгээ ажил, амьдралаараа харуулсан байх хэрэгтэй боллоо. Одоо янз бүрийн олон сургууль төгссөн үнэмлэх диплом үзүүлэх захын хэрэг болсон.

 

 

 

Ардчилал, зах зээлийн тогтолцоо нь сайтар хөгжиж, төгөлдөржсөн барууны орнуудын, өндөр чансаатай их сургуулиуд төгссөн, тухайн эзэмшсэн боловсролоор эх орондоо хэдэн жил ажиллаж, гаднын оронд эзэмшсэн боловсролоо Монгол хөрсөн дээрээ буулгаж ухаарсан сайн эдийн засагч, хуульч, байгаль, нийгэм судлаачид манай УИХ-д их үгүйлэгдэж байна.

 

 

 

Одоо манай нийгмийн хүрээнд ийм хэмжээний боловсролтой, гаднын 2-3 хэл нэвтэрхий эзэмшчихсэн 40,50 насны олон сайхан залуу, ид насныхан түрж орж ирээд байгааг хэн ч үзэж болохоор болжээ. УИХ-д олон удаа сонгогдож төрийн түшээ хүний ёс зүйн зарчмуудыг хэлбэрэлтгүй сахиж, хууль тогтоох ажилдаа туршлагажсан гарын таван хуруунд багтах тооны зүтгэлтэн одоогийн УИХ-д бий. Ийм туршлагатай, тулхтай нөхдөө цөөхөн Монголчууд хуучирсан, хөгширсөн энэ тэр гэж ад шоо үзээд байж болохгүй л дээ. Нам нь нэр дэвшүүлээд олон түмэн итгэл хүлээлгэвэл төр-нийгмийн ажлын туршлага, дадлага, сэтгэл оюуных нь нөөц чадамжийг залуу үедээ үлдээж өвлүүлэх учиртай. Өчигдөргүй өнөөдөр, өнгөрсөнгүй одоо гэж улс төрийн амьдралд хэзээ ч тохиолддоггүй гэдгийг эрх биш мэдэхтэйгээ болж улс төрийн туршлага суусан сонгогчидтой болсон гэдэгт итгэдэг. Улс үндэстнийхээ оюун санаа, эрдэм ухааны хүрээнд нэгэнт бүрэлдээд байгаа ийм их нөөцийг тэр нам, энэ нам гэж ялгаварлалгүйгээр төр засгийн шийдвэр гаргах түвшний ажлын эргэлтэд оруулж, эх орныхоо хөгжил дэвшилд өнөөгийн монгол хүн бид ашиглаж, үр шимийг нь хүртмээр байна шүү дээ.

 

-Тэгвэл ажлын дадлага туршлага, чадамжаас нь харвал аль нам боловсон хүчний нөөц боломж ихтэй гэж та хэлэх вэ?

 

 

 

-Жишээлбэл, АН-аас одоогийн УИХ-д сууж байгаа нөхдийн дотроос Я.Санжмятаваас өөр олон түмний итгэл, найдвар хүлээж чадмаар хүн байхгүй болох шиг боллоо. Нийгмийн шударга ёсны төлөө тууштай тэмцэж байсан гишүүдээ эхнээсээ хөөчихсөн, АН-аас тодорч гарах залуу халаа олон жил хүлээгдэж байгаагийн учрыг мань мэт нь нэг л ойлгодоггүй юм.

 

Аль эрт 1990-ээд онд жагсаал цуглаан санаачилж байсан хэдэн нөхөд л өөрсдийгөө “Партизан” гэж нэрийдчихээд яваад байдаг. Хууль тогтоож, тогтоол журам баталж гаргадаг дээд, дунд түвшний институциудыг бүрдүүлж байгаа нөхдөд ёс суртахууны өндөр шалгуур заавал тавих ёстой юм. Учир нь ямар ч түвшний эрх мэдэл болгон хувь хүнээс ёс суртахууны чанар чансаа шаарддаг. Хаана эрх мэдэл эхэлнэ тэнд ёс суртахуун төгсдөг гэсэн ёг үг ч байдаг. Энэ бол дэлхийн улс орнуудын улс төрийн амьдралын туршлагаас үүдэн гарсан сүүдрийн тусгал болсон үг. Шийдвэр гаргах эрх мэдэлтэй болсон хувь хүн, улс төрийн аль ч хүчинд хууль, дүрмээ үг хэрэгсэн дур зоргоороо авирлах өргөн боломж нээгддэг. Нийгэм-улс төрийн амьдрал ийм эгзэгтэй, сул гэмээр талтай, энэ боломжийг манай зарим эрх мэдэлтэн овжноор ашиглаж сонгогч олон түмнээ хохироож, төр засгийнхаа нэр хүнд цаашлаад сонгож авсан ардчилсан тогтолцооныхоо нэр хүндийг унагасан маш олон зохисгүй үйлдэл хийснийг сонгочид бид ч мэддэг боллоо. Өнгөрсөн жилүүдийн иймэрхүү гашуун баримтуудын ул мөр тодорхой болж үлдлээ. Ард иргэд бид улс төрийн ийм бүтэлгүй гэнэн ч юм уу, санаатай ч үйлдсэн юм уу гэмээр хэрэг явдлын хор уршгийг амсаад л амьдарч явна шүү дээ. Гуравхан сая хүн амтай, 70 гаруй сая малтай, өргөн уудам газар нутагтай бас чамгүй газрын баялагтай улс орон минь 30-аад жилийн дотор хүн амынх нь гуравны нэг ядуу зүдүү амьдралтай гэсэн үзүүлэлтэй явж байгааг ямар учир шалтгаантай гэж тайлбарлах юм бэ. Энэ чинь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн дүрсэлж хэлснээр “Баячууд нь цадаж ханахгүй шуналтай болчихсон” учраас л нэг хэсэг нь ядуурлын тойргоос гарч чадахгүй байна шүү дээ. Дээр дурдсанчлан мөнгөний сонгуулиар эрх мэдэлд хүрсэн тохиолдпын нөхдийн гардан хийж гүйцэтгэсэн нийгмийн шударга бус хуваарилалтын үр дагавар гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. 2012-2016 онд одоогийн сөрөг хүчин төр засгийн эрх барьж байхдаа үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр үрээд хаячихсан хоёр, гурван их наяад төгрөг хаачсан бэ. АН-ынхан нийгмийн тусын тулд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгээгүй байж их хэмжээний гадаад өрийг дараагийн засгийн газартаа үлдээсэн. Энэ бүхэн цөм л эрх мэдэлтнүүд тухайн үедээ олдсон боломжийг ашиглаад, хуулийн цоорхой сиймхийгээр өөрсдөдөө их хэмжээний ашиг орлого хуримтлуулаад сонгогч олон түмнээ хохироочихсон баримт шүү дээ, Олон түмэнд ил мэдэгдсэн, мэдэгдээгүй энэ мэт олон гэмт хэргийн чанартай сөрөг үйлдэл байдаг гэдэгт өнөөдөр итгэхгүй байгаа өөрийн ухаантай Монгол хүн бараг байхгүй болсон доо.

 

-Монголын баячуудыг цадаж ханахгүй шуналтай болсон гэж олон түмэн байнга шүүмжилдэг. Гэтэл дэлхийн томоохон хөрөнгөтнүүд ядуу буурай орнуудад байнга хандив, тусламж үзүүлдэг. Мөнгөтэй хүмүүс улс төр рүү зүтгээд байдгийн учрыг та хэрхэн хардаг вэ?

 

-Хуримтлал бүрийн үе шат болгондоо мөнгө өөрийнхөө эзэмшигчийг янз бүрийн авир араншинтай болгодог гүйлгээний хэрэгсэл юм байна гэдгийг одоо л бид мэдэрч ойлгох боллоо. Зах зээлээс мөнгө олж чадахгүй байгаа олон түмний нэг хэсэг нь амьдралынхаа хэрэгцээт зүйлийг хангаж чаддаггүй учраас байнгын гачигдал, дутагдалд орж байдаг. Харин дундаж орлоготой хэсэг нь хийсэн ажлынхаа хөлс цалингаар илүү харалгүйгээр гэр бүлийнхээ амьдралыг болгоод, сэтгэл тайван амьдраад байдаг. Одоогийн манай баячуудын түвшинд хүрээд ирэхээрээ л шунал нь оволзоод амар хялбараар улам их мөнгө олох гэж аргаа бараад эхэлдэг юм байна. Ингээд л улс төрд дээгүүр эрх мэдэлтэй болж, шийдвэр гаргагчдын эгнээд багтаж авахыг улайран хөөцөлдөж байгаа нь хэнд ч ил тод болсон. Дэлхийн том баячуудын түвшинд хүрэхээрээ мөнгөний үнэ цэнийг илүүтэй ухаарч, ядарч зүдэрсэн хүмүүст туслах сэтгэлийн нүнжигтэй болдог юм байна гэж би бодоод байгаа. Эндээс хийх нэг дүгнэлт байж болох юм. Юу вэ гэвэл бизнесийнхнийг улс төр рүү оруулмааргүй юм байна. ОХУ-ын улс төрийн амьдралд ийм туршлага нэгэнт бий болчихсон байна. Бизнес, улс төр хоёр хутгалдаад эхлэхээр л төр олигархижаад эрх мэдэлтэй баячууд өөрсдийнхөө ашиг орлогыг бодолцсон хууль баталж, тендер будилаантуулаад эхэлдэг, оффшор данстнууд төрдөг юм байна гэсэн сургамжийг ирэх сонгуулийн үеэр иргэд сонгогчид бид ерөөс мартаж боломгүй санагдаж байна.

 

-Сонгууль хаяанд ирсэн байна. Таны хувьд ямар үзүүлэлттэй нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх бодолтой байгаа вэ? 

 

-Юуны өмнө манай улс төрийн том, жижиг намууд миний дээр хэлсэн улс төр-нийгмийн ажлын шинэчлэгдэж буй хэрэг болох туршлагатай, өргөн боловсролтой, ёс суртахууны өндөр чансаатай шинэ залуучуудыг сайн шилж сонгоод УИХ-ын гишүүнээр сонгуулахаар нэрийг нь дэвшүүлээсэй гэж хүлээж байгаа. Бараг л өдөр болгон шахам олон нийтийн сүлжээ, сонин хэвлэлүүдээр ёс суртахуунгүй зохисгүй үйлдэл нь ил болж, мэдээлэгдэж байна. Хэзээ нэгэн нэгэн цагт эрүүгийн гэмт хэрэг үйлдчихсэн нь ил тод болчих гээд байгаа хуучин хүмүүсээ дахин нэр дэвшүүлж, нам, хүчнийхээ нэр хүндийг унагаж, сонгогч олон түмний итгэлийг битгий хөсөрдүүлээсэй гэж хүсч байгаа. Бидний мэтийн нийгэм-улс төрийн амьдралын зохих хэмжээний туршлагатай сонгочид хэнийг хууль тогтоох дээд байгууллагын гишүүүнээр сонгох сонголтоо хийчихсэн, тийм бололцоог өнгөрсөн жилүүдийн улс төрийн амьдал, үйл явц олгосон. Нэг талаас авч үзвэл манай нийгэмд шударга ёсны хөрс суурь тавигдах хандлага ажиглагдаж байгаа. Одоо иргэд бид энэ удаагийн сонгуулиар энэ хөрсийг аль хэрхэн боловсруулж усалж бордож, шударга ёсонд суурилсан ардчилсан нийгмээ цогцлоож төгөлдөржүүлэхэд ямар хувь нэмэр оруулж чаддагаа үзүүлэх цаг болсон.  Улс төрийн дээд эрх мэдэл рүү зүтгээд байгаа зарим хүний санаанд хэзээ ч ормооргүй, жирийн иргэд бидний ухаанд л багтмаар нэг санаа надад байдаг юм. 

 

 

 

Манай УИХ-ын гишүүдийн зарим хэсэг өөрийнхөө хэр чадал, урьд өмнө нэгэнт үйлдчихсэн, ёс суртахуунгүй хэргүүдээс дүгнэлт хийгээд, олон нийтийн санал шүүмжлэлийг эрүүл ухаанаар хүлээж аваад одоо УИХ-д нэр дэвшихээсээ сайн дураараа татгалзаж болмоор юм шиг санагддаг. Ингээд эрх мэдэлтнүүдээсээ эхлээд нам, төр, улмаар нийгмээ ёс суртахууны хувьд цэвэршүүлж чадвал Монголын нийгмийн ардчиллын зам ямар боловч зан үйлдлийн талаасаа шулуудна гэж боддог.

 

 

 

-УИХ-ын гишүүдийн оюуны чадамж бидний хүлээж байгаа түвшинд хүрэхгүй байна гэж иргэд сонгогчид их ярьдаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-Би ч гэсэн иймэрхүү үзэл бодолтой явдаг. Нэг хэсэг нь худал ташаа бодолтой байдаг гэхэд олонх аливаа асуудлын голыг нь олоод хэлчихдэг. Нийгмийн олон талтай баялаг амьдралыг бүх л тохиолдлоор нь бүх нийтийн санаа бодолд нийцэхүйцээр зохицуулж чаддаг хууль батлан гаргана гэж байхгүй л дээ. Гэхдээ л нийгмийн өөрчлөгдөөд байгаа олон талт харилцааны өөрчлөлт бүрт нийцсэн зохицуулалт, нэмэлт өөрчлөлт хийгээд явах нь ёстой нь ойлгомжтой. Чөлөөт зах зээлийн эдийн засгийн өсөлт өрнөлтийн үйл явц, эрх чөлөөт хүмүүсийн сайн дурын сонголтуудаас бүрддэг нийгмийн харилцаануудыг хамгийн түгээмэл нийтлэг талаас зохицуулж чадах хууль батлан гаргана гэдэг бол бас хүссэн хүн болгоны хийж чадах ажил биш. Ийм нарийн чимхлүүр ажил эрхлэхээр сонгогдож байгаа УИХ-ын гишүүд оюуны өндөр чадвар, чадамжтай, өргөн боловсролтой байхаас аргагүй.

 

УИХ-ын чуулганы хуралдааны явцыг боломжийнхоо хэрээр ажиглаж байхад манай гишүүдийн зарим нь хэлэлцэж байгаа асуудлаасаа холдоод жирийн сэтгэгдлээ яриад ч байх шиг, эсвэл улстөржсөн, намчирхсан хэрүүл хийгээд суугаад ч байх шиг.

 

Энэ бүхэн юу хэлээд байна вэ. УИХ-ын зарим гишүүн оюуны чадамж муутай учраас хэрэлдэхийн оронд мэтгэлцэж, үндэслэлтэй санал дэвшүүлж, баталгаа, няцаалт гаргаж үнэнийг олж тогтоох чадваргүй болох нь өнгөрсөн жилүүдийн туршлага, парламентын удаа дараагийн хэлэлцүүлгээс харагдсан. Зүй нь парламентын гишүүн улс орныхоо тулгараад байгаа чухал асуудпууыг дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн авч үздэг, нийгмийн бодит амьдралын хөрсөнд буусан, хүний эрхийг хамгаалж, хүлээх үүргийг нь зохистой хуваарилж зохицуулсан хуулийг батлан гаргаж, биелэлтэд нь хяналт тавьж байх тодорхой үүрэг, захиа даалгавартайгаар сонгогч иргэдийн итгэл найдвар хүлээсэн гэдэг нь тодорхой юм.

 

-Улс төрийн намууд олон түмний хүлээлтэд нийцсэн, шилдэг хүмүүсээ энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж чадах болов уу?

 

-Зарим талын найдвар бүрэлдэн бий болсон. Ардчилсан сонгууль явуулсан өмнөх он жилүүдийн туршлага, сонгогдоод гараад ирсэн нөхдийн гаргасан болон гаргаж буй зан араншин болон үйлдэл улс оронд 30-аад жил өрнөсөн үйл явц зэргээс дүгнээд үзвэл манай иргэд сонгогчид аль нам, хэнийг сонгохоо мэдэхээр улс төрийн туршлага хуримтлуулсан байх. Улс төрийн том, жижиг намууд наанадаж өөрсдийнхөө, цаанадаж төрийнхөө нэр хүндийг одоо л аварч өсгөх боломж гараад байгааг мэдрээд үгүйдээ л ёс суртахууны ямар нэг гэм согоггүй, шилдэг сайн хүмүүсээ олж нэр дэвшүүлэх байх. Монголын олон нийт нийгмийн шударга ёсны төлөө, энэ эрхэм үнэт зүйлийн төлөө тэмцэж байгаа нам, улс төрийн хүчин, хувь нэр дэвшигчийг олж харах үзэл санаа, сэтгэл зүйн чадамж, хүсэл тэмүүлэлтэй болж оюун санаа нь илт эрүүлжсэн цаг үед энэ удаагийн УИХ-ын сонгууль болох гэж байна.

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)