Хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөн: Эдийн засгийн хүнд үеийг хөшөө, иргэний танхим барьж давахгүй

Дэлхийн хэмжээнд нүүрлээд буй цар тахлын энэ үед улс орон бүр эдийн засгаа хохирол багатай давах арга хэмжээг аваад эхэлсэн. Манай улсад цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн нөхцөл байдал, үүнийг хэрхэн давж болох талаар Хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой арга хэмжээнүүд олон бизнест нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги болж байна. Залууст хэр нөлөөлөх бол?

-Энэ жил Их, дээд сургуулиа эсвэл МСҮТ-г төгсөөд ажлын байранд гарах гэж байгаа залууст хамгийн хүндээр тусах байх даа. Ажлын анхны гараа гэдэг хүнд маш чухал байдаг, гэтэл энэ жил сүүлийн гурван жилтэй харьцуулахад хамгийн цөөн тооны шинэ ажилтан авах харамсалтай дүр зураг харагдаж байна. Тэгэхээр төгсөгчдийн хувьд их хүнд жил болж таарах нь.

-Одоо ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, ажилгүйдэл нэмэгдэж байгаа мэдрэгдэж байна. Ажилгүйдэлд ямар салбарын хүмүүс илүүтэй өртөж байна?

-Үйл ажиллагаа нь нам зогссон гэлтгүй, борлуулалт муутай байгаа ААН-үүд ажилчдаа цомхотгоод эхэлсэн. Угтаа дийлэнх ААН-үүд хоёр сар тэсээд явах боломжтой байдаг ч хөл хорио тогтоогоод бараг гурван сар өнгөрчихлөө.Энэ хүндрэлтэй нөхцөл байдал дахиад ирэх гурван сар лав үргэлжлэхээр байгаа нь байгууллагын удирдлагуудад “хямралын үеийн” арга хэмжээ авахад хүргээд байна.

Ажилгүйдлийн тухайд гэвэл бүх л салбар өртөж байгаа. Улирлын шинж чанартай бизнесүүд одоо л эхлэх гэж байгаа учир бүрэн хариулж мэдэхгүй байна. Хамгийн хүндээр тусах салбар бол аялал жуулчлал, боловсрол, тээвэр болон жижиглэн худалдаа байх болов уу. Аялал жуулчлалын салбарын хувьд гэхэд гадаад жуулчид авч чадахгүй боллоо. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгээ одооноос сайтар төлөвлөж, ажиллаж чадвал арай хохирол багатай гарах боломж бий байх гэж бодож байна. Нэг талаас гаднаас аялал жуулчлалаар орж ирдэг валют зогсож байгаа ч, гадаад руу аялдаг монголчууд маань бас гарч чадахаа болино гэсэн үг. Тэдний энэ хэмнэсэн мөнгө харин аялал жуулчлал руу орох уу, эсвэл бусад салбарт зарцуулагдах уу гэдэг аялал жуулчлалын салбарынхан хэр хөрвөх чадвартайгаас ихээхэн хамаарах болов уу.

-Ажилгүйдэлтэй холбоотойгоор өрхийн орлого хэрхэн буурч байна вэ.Ажилгүйдэл нэмэгдсэнээр нийгэмд ямар том сөрөг нөлөө үзүүлэх бол?

-Дан ганц ажилгүйдэлтэй холбож өрхийн орлогыг тайлбарлаж болохгүй. Ажилгүй болоогүй ч, өрхийн бизнес эрхэлдэг хүний борлуулалтын орлого буурснаар өрхийн орлого муудаж болно. Тиймээс одоо үүсээд байгаа энэ хямрал ганц эрүүл мэнд гэхгүй, эдийн засаг талаас өрх бүрт оны сүүл гэхэд мэдэгдсэн л байх болов уу. Учир нь Монгол Улсын эдийн засаг 2019 онд 5.1%-н өсөлттэй байлаа, харин 2020 онд коронавирусыг барьж чадлаа ч гэлээ нэгээс хоёр хувийн өсөлттэй байхаар байна. Хэрэв коронавирусийг алдвал үүнээс ч хүнд дүр зураг үүснэ. Эрүүл мэндийн салбарт коронавирусийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ өрхийн орлогод хэрхэн нөлөөлсөн талаар судалгааг “Эдийн засгийн судалгааны хүрээлэн” хийж байгаа гэж сонссон, удахгүй тодорхой болох байх.

Ажилгүйдэл нэмэгдэх нь олон сөрөг талыг дагуулна. Хөрөнгө чинээ багатай хүн өөрийн хөдөлмөрөө зарж, тэрнийхээ ашиг шимийг цалингаар авч амьдардаг. Дэлхийн Банкны 2018 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын 3 сая хүний 907 мянга нь ядуу байна гэж гарсан. Хэрэв нэг хүний дундаж орлого сарын 50-н мянгаар буурвал дахиад 475 мянган хүн ядуурлын эгнээнд шилжихэд бэлэн байгааг энэ судалгаагаар бас тогтоосон. Иймээс ч, эдийн засаг хүндэрч, цалин орлого бууж, ажилгүйдэл нэмэгдвэл хоёр монгол хүний нэг нь ядуу болох эмгэнэлтэй нөхцөл байдал үүсэх вий гэж үнэхээр санаа зовинож байна.

- Сая Засгийн Газраас 5.1 их наяд төгрөгийг төсөв дээр нэмж оруулахаар болж байх шиг байна. Эдгээр авч байгаа арга хэмжээ энэ бүгдийг сэргийлж чадах уу?

-Товч хариулахад их хүнд асуулт байна. Төсвөөс гадуурх 5.1 их наядыг зарцуулах бол зээлж авч л таараа. За Монгол Улсыг нэг айл өрх гэж бодъё. Энэ айл одоо нэг приус машинтай, тэгээд нэмж энэ жилдээ 30 саяар дунд гарын жийп авч уная гээд байж байтал корона гарлаа. Тэгсэн за тэгвэл 50 сая төгрөг зээлээд энэ жилдээ болгоё, тэгээд 30 саяараа жийп авъя гээд явж байна.

Үнэнийг хэлэхэд Засгийн газрын шийдвэрт би сэтгэл хангалуун биш байна. Юунд нь вэ гэвэл 2020 оны төсөвт 3.1 их наядаар баахан хөшөө дурсгал, музей, тэгээд баг дээр иргэний танхим байгуулна гээд тавьчихсан. Үүнийгээ хэмнээд хүүхдийн мөнгөө нэмэхийн оронд заавал 5.1 их наядыг зээлж аваад нэмнэ гээд байдаг. Гэтэл тэр хэрэгцээгүй зардлаа өөрчлөөд хэрэгтэй зүйлд зарцуулж яагаад болохгүй гэж. Айл гэрээр яривал тэр 30 саяаар авах гэж байсан жийп машинаа болиод гаднаас 50 сая төгрөг биш, 20 сая аваад энэ бүгдийгээ шийдэж болно.

Улс төр л яг одоо асуудал болж байна. Тэр төсвийн хөрөнгө оруулалтаар барих хөшөө дурсгал, иргэний танхимыг улстөрчидтэй холбоотой давхардсан тоогоор 15,000 давхардаагүй нь бүр хоёр дахин бага компаниуд авна. Гэтэл тэр мөнгөөрөө мөнчгөрөөрөө явж байгаа 85,000 компанийн санхүүгийн асуудлыг хөнгөвчилж болох боломжтой. Нэг ёсондоо бидэнд хангалттай хөшөө байшин байгаа. Айл гэрээр яривал хуучин приус машин байгаа, шинэ жийптэй жийпгүй болно. Тэр 30 саяараа жийп авахаа болиод гаднаас 50 саяыг аваад нийт 80 саяаар өрх гэрээ дэмжиж болно шүү дээ.

-Та энэ ажлыг үр дүнгүй гэж хэлэх гээд байна уу. Үнэхээр таны хэлж байгаа шиг бол төрөөс ажлын байрыг хамгаалах чиглэлд ямар зохицуулалтууд хийх шаардлагатай вэ. Дарга нарын цалин хангамжийг онцгой нөхцөлд түр бууруулж энэ мөнгийг цалинд шилжүүлэх замаар олон хүнийг ажилтай байлгах боломжийн тухайд юу хэлэх вэ?

-Үнэхээр 5.1 их наядыг зарах гэж байгаа бол ажлын байрыг хадгалах, хүмүүсийн орлогыг хамгаалах, бизнесээ дампууруулахаас сэргийлэхэд чиглүүлэх шаардлагатай. Дэмжихдээ хэрэглээг биш, үйлдвэрлэлийг дэмжээч л гэж байгаа юм. Жишээлбэл,Америкийг хар. Хямралын үеийн хөтөлбөрөө батлахад нийт хөтөлбөрт зарцуулах хөрөнгө мөнгөний 70-80 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл, эсвэл зээлийг дахин санхүүжүүлэхэд буюу зээлийг хөнгөлөхөд гаргасан байна.

Монголд нийт үйл ажиллагаа эрхэлж буй 91 мянган бизнес бий, үүний 83 мянга нь 1-9 ажилтантай жижиг бизнесүүд. Бараг бүгд зээлтэй. Тэгээд энэ үед яаж дэмжих вэ гэдэг дээр МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар нийт судалгаанд оролцогч аж ахуйн нэгжийн 67 хувь нь зээлийн хүндрэлийг бууруулах асуудлыг хөндсөн байсан. Яагаад энэ тал дээр арга хэмжээ авахгүй байна вэ? Ажилтны НДШ-г өгөх, эсвэл ажилгүйдлийн сангаас 200 мянган төгрөг өгч болно. Гэхдээ бизнес дампуурчихвал тэр ажилтан бүр ямар ч орлогогүй болно шүү дээ. Тэгэхээр бизнесийг дампууруулахгүй байх талаас хамгийн түрүүнд ажилламаар байгаа юм.

Яаж вэ гэж үү? Энэ их амархан. ЖДҮ-н хүсч байгаа зээл дунджаар 10 сая төгрөг байдаг. Гэтэл Сүхбаатарын талбайн урд усан оргилуур барихад 3.2 тэрбум зарж байснаас 320 ширхэг ЖДҮ-д 10-н саяын хөнгөлөлттэй зээл олговол 3000 гаруй ажлын байрыг хадгална. Цаашлаад 3000 өрхийг орлоготой байлгана. Үүн шиг төсөв дээр суусан баахан хөшөө дурсгалын мөнгөө ЖДҮ-д “зээл” хэлбэрээр өгвөл ёстой жинхэнэ дэмжлэг болно. Дахиад хэлье. Эдийн засгийн хүнд үеийг хөшөө, иргэний танхим барьж давахгүй. Тэгээд ч, тэр хөшөө, иргэний танхим барьсан мөнгө хэзээ ч эргэж орж ирэхгүй. Гэтэл ЖДҮ-д шударгаар өгч чадвал тэр мөнгө хүүтэй нэмэгдээд эргээд төлөгдөнө. Цаг сайхан болоод ЖДҮ-нхний эргэж төлсөн мөнгөөр Засгийн газар гаднаас авсан зээлээ эргэж төлж болно.

-Хүн бүр орон сууцнаас гадна автомашин болон хэрэглээний зээл авсан байдаг. Ер нь дундаж өрхийн сарын төсвийн бүтцэд зээл хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Банкны хувьд иргэдийн орлогын 60 хүртэлх хувьд зээл өгч болно гэсэн хязгаар байдаг. Үүнийг нааш цааш хөдөлгөж болдог. Харин сүүлд сонссоноор өрхийн орлогын 70 хувь нь бараг зээлийн төлбөрт явдаг гэж ойлгосон. Яг нарийн судалгаа надад алга.

-Ажилгүй болсон хүмүүс таксинд явах зэргээр амьдралаа залгуулахыг хичээж байна. Энэ хүнд үед иргэд ажил орлоготой байх чиглэлд хэрхэн анхаарах боломжтой байна вэ?

-Эдийн засаг унаад ирэхээр ажлын байр олдоход хэцүү болно. Огт байхгүй болно гэж хэлээгүй шүү. Манай залуус битгий шантраарай, ажил хийе гэсэн залуус сайн хайгаарай. Мөн хэн хүнгүй аль болох шаардлагагүй зарлагаа багасгаад, болж өгвөл хадгаламжаа нэмэгдүүлбэл бэлтгэлээ хангаж байна гэж бодоорой. Таны орлого нэлээн доогуур байдаг бол мөн хашаанд амьдардаг эсвэл зуслангийн байртай бол ногоо тарих хэрэгтэй. Энэ чинь нэг талаасаа зардлыг бууруулна, бас өөрийнхөө идэх хүнсээ баталгаатай хангана. Хэрэв энэ коронавирус гайгүй өнгөрвөл өөрсдийн тарьсан ногоогоо идчихнэ, гай болвол өлсөхгүйн тулд бид бэлтгэлээ дээр дооргүй хангах хэрэгтэй байна.

Жижиглэн худалдаа эрхлэгч, бизнесийнхэнд гэж хэлэхэд хэзээ ч битгий “өдрийн зээл” аваарай. Нэг авчихвал тэндээс гарна гэхэд маш хэцүү. Ялангуяа ийм борлуулалт бууж байгаа үед огт болохгүй шүү. Тэгснээс байгаа бараагаа сайн зараад, эргэлтийн хөрөнгө багассан ч гэсэн байгаа мөнгөө эргэлдүүлээд явж байхад нэг ард нь гарцгаана аа, бүгдээрээ. Миний харж байгаагаар энэ коронавирусийн хүндрэл жил хагасын дараа гайгүй болчих байх гэсэн хүлээлттэй байна.

Г.БАТЗОРИГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)