Л.Оюун: Орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой

Өрхийн төсөв, хадгаламж, хуримтлалын талаар эдийн засгийн ухааны доктор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.


-Хадгаламжийн үнэ цэнийн талаар яриагаа эхэлье?

-Юунд зориулж хадгалах вэ гэдэг нь их чухал. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гарах үед хэрэглэх гэж хадгалдаг. “Гай газар дороос, гахай модон дотроос”, “өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” зэрэг үгнүүд мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хэлээд байгаа юм. Эргэн тойронд эрсдэл ч гэж ярьдаг. Ер нь хэзээ, юу болно гэдгийг хэн мэдэх билээ. Үүнд л зориулж хадгаламжтай байх хэрэгтэй. Манайхан “тэр өдрийн тэнгэр мэдэж, тэнэг миний заяа мэдэг” гэж амьдрах гээд байдаг. Энэ буруу. Мөнгөтэй болж байж хадгаламжтай болно гэж байдаггүй. Хэрэглээнээсээ хэмнэж байж хадгаламжтай болдог. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж боддог. Хүмүүсээс “хадгаламжтай юу?” гэж асуухад орлого хүрэхгүй байна гэж хариулдаг. Тийм учраас би үүнийг хэлж байгаа юм.

-Ер нь хадгаламж, хуримтлал хоёрт ялгаа бий юү?

Маш их байна. Эдгээрийн зорилго нь өөр. Зорилгоороо ялгаатай байдаг. Хадгаламжийн зорилгыг дээр дурдсан. Хуримтлалын зорилго бол хөрөнгө, мөнгө, баялгаа нэмэгдүүлэх зорилготой. Үйл үгээрээ “хуримт” гэсэн үгнээс гаралтай. Өсгөх, үржүүлэх санааг агуулж байдаг үг. Харин арилжааны банкинд хугацаагүй хадгаламж байдаг. Хүссэн цагтаа авч хэрэглэх боломжтой хадгаламж. Мөн арилжааны банкинд хугацаатай хадгаламж ч байдаг шүү дээ. Хүү нь өндөр. Хийсэн мөнгө нь илүү өснө гэсэн үг. Ер нь бол санхүүгийн зуучлагч байгууллагууд банк, даатгал, брокер, диллер гэх мэт бүх байгууллагууд иргэдэд зориулж үйлчилгээ гаргадаг. Тэдгээрийн нөхцөлөөр дамжуулаад хүмүүс мөнгөө удирдахад нь тусалдаг.

-Та санхүүгийн боловсролын талаар яриад байна аа даа?

Тийм. Санхүү гэдэг нь мөнгөтөй холбоотой хүмүүсийн хоорондох харилцааг илэрхийлдэг. Хүмүүс цаг тутам, өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргаж байдаг. Наад зах нь энэ зардлыг гаргах уу, үүнийг худалдан авах уу, яаж орлого олох вэ, яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэсэн хүрээнд шийдвэр гаргаж байдаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь товчоор бол мөнгө удирдах мэдлэг юм л даа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үеэр хувь хүн хадгаламжтай байх нь ямар ач тустай вэ?

-Зарим хүмүүс 50:20:30 гэсэн дүрэм ярьдаг. Орлогоосоо 50 хувийг хэрэглээндээ, 20 хувийг хадгаламжиндаа, 30 хувийг хуримтлалдаа хийнэ гэсэн үг. Миний хувьд орлого гэнэт тасалдахад наад зах нь гурван сар хэвийн амьдралаа хангаад явах хадгаламжтай байх ёстой гэж үздэг. Тэгээд гурван сарын дотор орлого олох арга замаа олох боломж гарах байх. Ер нь хадгаламжтай хүнд ийм эдийн засгийн хэцүү үед ямар ч хохирол байхгүй. Түүнчлэн стрессгүй амьдрах, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах чадвартай байх, мөнгөөр гачигдахгүй байх боломжтой байна л гэсэн үг шүү дээ. Товчоор хэлбэл, өөрийнхөө амьдралыг өөрөө хариуцна гэсэн үг. Амьдралын наад захын хэрэглээ гэдэг нь сар болгон төлдөг төлбөр, хэрэглээний зүйлсийн зардал. Нийт зардлыг тогтмол, хувьсах гэж ангилаад тогтмол дүнгээр төлдөг зардлуудад байр, утас, цахилгаан гэх мэт зардлууд заавал орно. Мөн хоол, хүнсний зардлууд орно. Манайхны зарим нь тогтмол болон хувьсах зайлшгүй зардлын хэмжээгээ мэдэхгүй байх тал бий. Ийм үед асуудал нэлээд хүндэрнэ. Өрх гэр, хувь хүн, улс эх орон гурав адилхан субектүүд л дээ. Тэгэхээр Монгол Улс яг энэ коронатай үед хадгаламжтай, тогтворжуулалтын ханатай байвал энэ эдийн засгийн эрсдэлийг хөнгөн даваад гарчих боломжтой. Улс орны тухайд ч гэсэн гэнэтийн тохиолдол болох тахал өвчин, үер ус, байгалийн үзэгдлүүд гарч ирдэг. Үүнд ч гэсэн зориулаад хадгаламжтай байх ёстой. Ер нь хадгаламжтай үед амьдралын дархлаатай байдаг. Түүн шиг улс орон дархлаатай байх хэрэгтэй. Энэ тал дээр төр засгаас их анхаарч өөрийн улсын түвшин болон хүмүүсийг ч гэсэн хадгаламжтай болоход нь тусгай бодлого боловсруулах хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)