Дэ вангийн дэло буюу Монгол, Монголоо егүүтгэсэн нь

"Япончууд Манжуурыг эзэлсэний дараа Дэ ван Япончуудтай хамтарч Монголын тусгаар улс байгуулах зорьсон” гэсэн яриа бол түүхэн сурвалжуудаар батлагдсан том дүгнэлт юм гэнээ. Нэртэй гэгдэх Монголч эрдэмтэн Хангины Гомбожав АНУ-ын Индианниагийн их сургууль дээр Дэ вангийн тухай хамгийн бодит, бас үнэн илтгэлийг тавихаар бэлтгэж байсан гэдэг. Харамсалтай нь 1989 оны 10 дугаар сард тэрээр Улаанбаатар хотноо зуурдаар насан эцэслэжээ. Х.Гомбожав агсаны илтгэл яагаад Дэ вангийн талаарх хамгийн бодитой мэдээлэл байсан бэ гэхээр эрдэмтэн өөрөө Дэ вангийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм байна.

 

Дэ вангийн XX зууны эхний хагаст Монголын тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийг үнэн мөнөөр нь гаргаж ирэх гэсэн анхны оролдлого байсан болохоор хойч үеийнхэн энэ эрдэмтэний судалгааг голлож барих нь чухал санагддаг.

Хангины Гомбожавыг давж Дэ вангаар судлагдахуун хийх боломж байхгүй гэж үзэх судлаач нар ч байдаг юм. Дэмчигдонров буюу Дэ ван нь 1902 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Цахар аймгийн Шилийн гол чуулган дарга бөгөөд Сөнөд баруун хошууны засаг ноён жун ван Намжилваанчигийн ганц хүү болон мэндэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Дэ  Ван залуу түшмэдүүдийн хамт

1908 онд эцэг Намжилваанчиг насан өөд болоход зургаан настай Дэмчигдоноров хүү угсааг нь залгамжлан авч үлдсэн байна. Намжилваанчиг вантан хоёр хатнаас таван хүү, нэг охинтой байжээ. 1924 онд жүн ван Дэмчигдонров Шилийн гол аймгийн дээд захирагчийн албан тушаалд очсоноор олон хошуу отгийг захирах болж улмаар аймгийн чуулган дарга болонгуутаа олон газар орноор явж Монгол үндэстний сэхээтэн залуучууд, сэхээрсэн ван ноёдтой холбоо тогтоож эхэлсэн байдаг. Дэ ван Бээжин дахь Монгол Түвдийн сургууль, Нанжин хот дахь улс төрийн дээд сургуулийн Монгол, Төвд оюутнуудад лекц уншин тэдэнд ирээдүйн үзэл бодлоо илэрхийлэн өөрийгөө таниулж эхэлжээ. Эдгээр оюутан сурагчид 1930, 1940-өөд онд өрнөсөн түүний улс төрийн гол боловсон хүчин болсон байдаг.

 

1929 онд Дэ Ван Хөлөнбуйрын нэрт эрдэмтэн нармай Монгол үзэлтэн Мэрсээтэй уулзах үеэр түүнээс ар Өвөрмонголын нийгмийн сэтгэлгээний адил бус талаар зөвлөгөө авч, нийт Монгол үндэстний эрх чөлөөний тэмцэлд Жавзандамба хутагт шиг шашин, оюун санааны лидер үгүйлэгдэж байгааг олж харжээ.

 

Улмаар 1932 онд Нанжин хотод Чан Ка Шитэй уулзахдаа Ар Монголоос дүрвэн очсон Дилав хутагтай олон дахин уулзаж, Өмнөд Монголын эрх чөлөөний тэмцлийн талаар зөвлөлдөж байсан нь түүхэн тэмдэглэлд үлдсэн байна. Нэг тод жишээ нь хожим зэвсэгт тэмцэл бүтэлгүйтэх юм бол барууны хүчирхэг гүрний нөлөөнд багтаж Өмнөд Монголын асуудлыг дэлхийн анхаарлын төвд байлгах, явдал хэмээн тэмдэглэн үлдээсэн юм. Энэ бүхнийг харахаар Монголын үе үеийн эх орончдын мөнхийн хүсэл бол гурав дахь оронтой ойр дотно харьцаатай байх асуудал байлаа. Дэ ван Бээжин хотоор дайрч нутаг буцахдаа 20 орчим оюутан залуусыг нугагтаа дагуулан очсон нь цаашдын тэмцэлд оролцох боловсон хүчнийх нь анхны нөөц, суурь нь байжээ. Удалгүй Өмнөд Монголын өнцөг булан бүрзэс Монгол үндэстний залуус шил шилээ харан ирэх болсноор Дэ ван тэмцлийн гараагаа эхлүүлсэн юмаа. 1936 оноос Монгол цэргийн ерөнхий штабыг эмхлэн байгуулж Япон улсын хүчийг ашиглан, Монголын язгуур эзэмшил нутгийг эргүүлэн авах зорилт дэвшүүлэн, ажиллаж эхэлсэн байна. Удалгүй Дэ вангийн зэвсэгт хүчин зузаарч 10 морьт дивизээс бүрдсэн армитай болов. Өмнөд Монголын төв хэсэгт хяналтаа бүрэн тогтоож улмаар "Монголыг тэтгэх нийгэмлэг" байгуулан малчдын аж амьдралыг анхааралдаа авч нутаг усаа сэргээн, ой мод тарих гэхчлэн тусгаар улсад байх ёстой нийгэм соёлын олон арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын хувьд бэхжих гэж үзэж таржээ. Дэ вангийн санаачпан байгуулсан Монгол дээд сургуульд малчдын хүүхдийг олноор элсүүлэн сургаж байжээ. Н.Сайчунга зэрэг олон залуусыг Япон улсад сурч боловсруулахаар явуулах зэргээр өргөн хүрээнд сэтгэж, тусгаар тогтнолд бэлтгэсэн юм. Дэ вангийн дэргэд ажиллаж байсан Х.Гомбожав, О.Өргөнгөө, Захчинсэчин, зэрэг олон хүн хожим нэрт Монголч эрдэмтэд болсон байдаг юм. Дэ вангийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хамгийн үнэтэй зөвлөгөө өгч байсан хүн бол Дилав хутагт Жамсранжав байлаа. Тэрбээр Дэ ванд "Хэрэв чи Японыг түшээд бүтэхгүй бол хилийн цаана гарч Монголын асуудлыг дэлхий дахины сонорт хүргэ. Дэлхий нийтийн сонорт Монголын асуудлыг хандуулах нь дан ганц Японыг түшихээс эрсдэл багатай” шүү гэж зөвлөснийг Дэ ван журамлан 1940-өөд оны дунд үеэс энэ талын ажилд онцгойлон анхаарч нилээд ажлыг гардан эхлүүлсэн ажээ. 1945 оны чөлөөлөх дайнаар Япон дайнд ялагдаж, улмаар Хятад дахь дотоодын дайн эхэлсэн нь Дэ вангийн төлөвлөгөө бүтэлгүй тийш эргэх үндсийг тавьсан юм. Тэгсэн хэдий ч нөхцөл байдал хүндэрлээ гээд Дэ ван мохож цуцаагүй юм. 1948 он гэхэд Дэ ван, Япон, Тайвань, Энэтхэг зэрэг орноор дамжуулан зарим хүмүүсийг АНУ-д илгээн том тэмцлийн гараанд бэлдэж байлаа. Хятадын дотоодын (иргэний) Гоминданы нам ялагдсан ч Өмнөд Монгол дахь Дэ вангийн морьт арми, ХКН-ын чөлөөлөх армийн эсрэг дангаараа хүчээ шавхан байлдсаар байсан юм.

1949 оны сүүлч гэхэд Алшаагийн элсэн цөлд сүүлчийн зэвсэгт эсэргүүцлээ хийжээ. Өвөрмонголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эцсийн сумаа дуустал тэмцсэн дайчин нөхдийнхөө халуун шарил дээр нулимс унаган зогссон Дэ вангийн сүүлчийн итгэл найдвар бол эцсийн хүчээ шавхан амьд үлдсэн нөхдийн хамтаар Алшаагаас онгоцоор Энэтхэг орох, тэндээсээ АНУ-тай харилцаа тогтоох, хамгийн итгэлт хүн Дилав хутагтын зөвлөсөн тэмцлийн замыг сонгох байв. 

Гэтэл тэр үед ЗХУ-ын бүрэн хяналтад байсан Ар Монголын нийслэл Улаанбаатарт түүний эхнэр, хүүхдүүд хэдүйн хорионд орчихсон байлаа. Үндсэндээ коммунистуудын барьцаанд байв. Алшаагийн цөлд сүүлчийн цэргээ алдсаны дараа Энэтхэг рүү гарч Өмнөд Монголын дүрвэгсэдийн Засгийн Газрыг байгуулахаар төлөвлөж, цаашдаа гуравдагч орны туслалцаа дэмжлэгийг авах бодолтой байлаа. Түүнийг мэдсэн ЗХУ яаравчлан "Хар эрэг" ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн Монголд барьцаалагдсан хайрт хүүгээр нь захидал бичүүлэн түүнд илгээсэн байна. Бүх цаг үеийн эх орончдод үр, төр хоёр нь хамгийн эрхэм нандин эрдэнэ байдаг хойно Монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Дэ ван хүүгийнхээ захидлыг хамгийн ихээр эрхэмлэн хүлээн авсан байдаг. Ингээд хамтдаа олон жил хал үзэж халуун чулуу долоосон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж, Ар Монголыг зорьжээ. Түүний шийдвэрийг АНУ-д байсан Дилав хутагт эрс эсэргүүцсэн гэдэг. Харин Ар, Өвөр Монголыг нэгтгэх хэрэгт хамтарна гэж байсан Монголчууд нь түүнийг хилээр нэвтрэн орж ирсэн даруйд нь баривчлан авч, толгойноос нь хар уут салгахгүйгээр шүүсэн юм. Энэ Дэ вангийн Монголчуудын нэгдэн нийлж нэгэн Монгол улс байгуулах гэсэн хэдэн зуун жилийн түүхийн үргэлжлэл юм. Дэ вангийн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэмцэл нь хоёр их гүрний хоорондын улс төр стратегийн эрх ашгийн тоглоом болсон юмаа. Үүний нэг тод томруун жишээ нь Дэ ван өөрөө юм. Тэрбээр хоёр ар, өвөр Монголыг нэгтгэнэ гэдэгт БНМАУ-ын төр, засгийн удирдагчид итгэж байсан нь гарцаагүй.

 Дэ ван Японы Квантуны армийн дарга нарын хамт

Дэ вангийн АНУ руу явах төлөвлөгөөг нь нураан элэг нэгт Монгол ахан дүүс гэсэн сэтгэл дээр нь тоглон БНМАУ-д хууран авчирч баривчлан байцаасны эцэст 1950 онд БНХАУ-д шилжүүлэн өгсөн байдаг. БНХАУ-ын аюулаас хамгаалах байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж олон жил шоронд суулгасан байна. Харин яагаад шууд буудчихаагүй юм бол гэдэгт олон учир зангилаа нуугдан үлдэж байна. Шоронгоос гараад төдөж удалгүй 1966 онд насан өөд болжээ.

Дэ вангийн Өрнөдөд гарч, Өмнөд Монголын асуудлыг сурталчилан таниулах ажиллагааг бусниулсан нь XX зууны эхэн хагаст тайван замаар идэвхижиж байсан Өмнөд Монголчуудын тэмцлийг мухардалд оруулсан юм. Эргаж сэхэхгүй явсаар XXI зуунтай золгожээ. Үндэсний ганц том лидэрээ алдсан Өмнөд Монголчууд өнөөдрийг хүртэл их удирдагч Дэмчигдонорвынхоо үнэн түүхийн талаар чөлөөтэй дуугарах эрхгүй явна.

АНУ-ыг зорьж явсан том хүсэл тэмүүлэлтэй эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Монголын их хааны шууд удмын сүүлчийн хүн Дэ ван буюу Дэмчигдоноров яагаад гэнэт Ар Монголыг зорин ирж сөнөв. Өнөөдөр Монголын газар шороон дээр амьдарч буй гурван сая Монголчууд бидний өвөг өөдгүй үедээ өөдгүй л явж ирсэн үнэн түүхтэй эвлэрэх ёстой. Хоёрын хооронд Чингисийн Монгао гэж хоосон хөөрч, сагаж, сагсуурдгаас болж үнэн түүхийн зам мөрнөөсөө салж хагацан улам жижгэрч байгаагаа санах хэрэгтэй. Дэ ван БНМАУ-д байцаагдаж байхдаа ямар мэдүүлэг өгсөн талаар цухас дурьдая. Юуны учир надад адил бус байдлаар хандаж ямар гэрч баримттай хэмээн намайг баривчлах болов?” гэж асуумаар байлаа. Гэвч ийм нөхцөл байдалд юуг ч хэлээд нэмэргүй гэдгийг би ойлгож байлаа. Магад өөртөө гай удах бизээ. Тиймээс маргалдах цаг үе биш гэдгийг мэдээд зүгээр баривчлагдан дурыг нь даган ямарч эсэргүүцэл хийсэнгүй. Цагаан толгойд надад өмсгөсөн дээлээ тайлан авч ялтны өмсдөг нэхий дээл өмсгөж, миний авч явсан эд барааг тэмдэглэн хураан авч гянданд оруулав. Хоёр өдөр гяндангийн дарга нэгэн хошууч, намайг дагуулан Вандан болон Чойжилтой учруулж миний хонож байсан гэрээс эд юм гар буу, зэргийг бүртгэн тэмдэглэн аваад гарын үсэг зуруулав.

Гурав дахь өдөр гяндангаас гарган авчирч, Вандан миний хийсэн ялыг тоочив. Одоо ингэж ялтны адил тооцох болсноо үзүүлж эхэллээ.

 

Түүний ярьснаар "Өнгөрсөн үед Японы эзэрхэг түрэмгийлэгчидтэй сүлбэлдсэн. Одоо харин АНУ-ын эзэрхэг түрэмгийлэгчид болон Гоминданыхантай хуйвалдан БНМАУ ба ЗХУ-ыг устгахаар санаархаж, Монголын хууль цааз, зөрчсөн болохоор баривчлан шийтгэнэ гэлээ" Чойжил, Вандан хэлснийг тэмдэглэн аваад дээр нь намайг зарлигдан гарын үсэг зуруулав. Энэ мөчид надад "Өчигдөрийн хүндэт зочин өнөөдрийн нүгэлт дайсан нь боллоо гэх бодол төрсөн юм. 1950 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн Дэ ван миний биеийг нууцаар шүүж эхэлсэн юм. Тэрбээр "Өнөөдөр би дээд шатны удирдлагын заавраар чамайг шүүнэ. Бид чамайг гэмшин засрахыг нилээд хүлээсэн боловч чи, ял гэмээ өчүүхэн төдий ч гэмших янзгүй байна. БНХАУ-ын талаас чамайг харгис, хэрцгий том ялтан гэж үзээд буцаан аваачиж шийтгэхээр шаардав. Гэвч бид нар чамайг өгсөнгүй. Одоо яг сайхан сурган хүмүүжүүлж байна гэж хариулсан" гээд байцаалтандаа оров. Тэгээд гуравдугаар сараас эхлэж, есдүгээр сарын 18-ны өдөр хүртэл шүүн тасалсан цаг хугацаа нь тун урт байсан бөгөөд шүүсэн асуудал нь ч маш олон. Уг нь би вээр чухал асуудал сөхөгдөх бүрийг тэмдэглэн авч байсан билээ. Гэвч он жил удсан болохоор тэдгээрийг бүрэн тогтоож чадахгүй болов. Эдүгээ цээжинд байгаагийн хэрээр хэдэн чухап асуудлыг сөхөн хэлье.

Дэ Вангийн өргөө

ЯПОНТОЙ ХАРИЛЦСАН ТУХАЙ АСУУДАЛ

Шүүн асуух үеэр Баяр надаас "Японы тагнуул байсан хэргээ ярь" гэлээ. Би Та хэрэв намайг Японы тагнуулаар үздэгт хүрвэл, тэргүүн унасан ч зөвшөөрөхгүй. Хэрэв намайг Японтой харилцсан түүхээ ярь гэвэл тэр харин болно” гэж хариулав. Баяр "Тийм бол ярь гэв. Ингээд би Мурижима Накукамбаши ирж Шилийн голын чуулганы гол газраар тойрсон үеэс эхлэн Сакаичи манай хошуунд лам болж өвлөн ирээд нөхөрсөг хөрш улсын нийгэмлэгийг зохион байгуулаад, тагнуулын ажлынхаа урагштай явагдахыг хамгаалан халхалж чадсан. Японы тагнуулын байгууллагаас Накатура Манцу зэрэг хүнийг Бат хаалга сүмд томилон ирүүлж, Монголын засгийн зөвлөлд тагнуулын ажил хийлгэсэн байдаг. Би Буяндалайг Японы Квантуны армид томилж, буу зэвсэг худалдан авахуулсан ба биеэрээ Манж улсын шинэ нийслэлд хүрч Японы Квантуны армийн штабын дэд дарга Итагаки Шаширутай учирсан, тэрчлэн Монголын цэргийн Засгийн газар байгуулсан зэрэг байдлаа бүрнээр нь өчсөний дараа Баяр толгойлон Итагаки Шахиругийн Бат хаалга сүмд тагнуулын ажил хийсэн тухай миний өчлийг дахин уншин сонсоод гарын үсэг зуруулав.

 

АР ӨМНӨД МОНГОЛЫГ НЭГТГЭХ ГЭСЭН АСУУДЛЫН ТУХАЙ

Шүүн асуух үед би Баяраас "Ер нь Хар эрэг"-т та нартай учрахад та нар надад өөр бодлоготой байсан биш үү" гэсэнд Баяр дорой царай гарган хилэгнээд "Чи үнэхээр муу санаа өвөрлөж байна. Энэ үгийг хэлснээр чи намайг хэрэгтээ татан оролцуулахаар барахгүй манай намын удирдагчдыг татан оролцуулах санаа агуулж байна" гэлээ. Чиний Ар, Өвөр Монголыг нэгтгэх гэсэн ажиллагаа ч даруй Хятад, Монгол хоёр улсын харилцааг эвдэх гэсэнд оршино" гэлээ. Би түүнээс "Та миний үндэсний ажил хийхийг ашиглах, санаатай байсан шүү? гэж намайг асуухад Баяр "Бид нар үнэн ингэж бодсоон. Гэвч тэр цаг үе нэгэнт өнгөрсөөн. Одоо чамайг ашиглахгүй. Чи Монгол улсын нийслэлд ирсний дараа хийсэн ял зэмээ эрт мэдрэн тунгаасан бол манж, монгол, хятад гурван хэлд нэвтэрснийг чинь бодож чамайг Судар бичгийн хүрээлэнд ажиллуулахаар төлөвлөж байсан юм. Ингэсэн хэр сайхан бэ? гэтэл чи мунхран тэнэглэж, буруугаа засахгүй нэг л хэлснээрээ зүтгэсээр ялаа ч хүлээсэнгүй. Чамайг баривчилсныг зөвхөн цөөн тооны хүн бид л мэднэ. Хэрэв ялаа мэдрэн харамсаж, гэмт асуудлаа үнэнээр нь өчсөн бол оройтохгүй байсан. Гэвч эдгээр ашигтай тохиолдлыг бүрэн алдаад явуулчихлаа. Одоо юу ч хэлсэн оройтсоон. Чамайг дайны үеийн ялтнаар л үзнэ... гэлээ. Энэ удаагийн шүүлтэндээ гарын үсэг зуруулсангүй.

 

АМЕРИКТАЙ ХАРИЛЦСАН АСУУДЛЫН ТУХАЙ

Шүүн асууж байхдаа тэрээр надаас Америк болон Манж бусад улсын газрын зургийг гаргаж ирж надаас асуулаа. Гомбожав, Дагва-Одсэр, зэрэг хүмүүс Латтиморт захидал бичиж, түүгээр дамжуулж, Монголын асуудлыг НҮБ-д дурдуулах гэсэн захидлын хэсгийг гаргаж, намайг мэдэх эсэхийг асуулаа.

Чи үг зааж өгсөн үү гэж асуухад нь, "Би энэ захидлыг үзэж нээрээ Гомбожавын өөрийн гарын үсэг хэдэн хүний хэрэг, би заасангүй. Гэвч миний тухайн үеийн бодол санаатай тун ч ихээр нийцэж байна гэлээ. Чи хэрэв үнэн хэлэхгүй бол арьс маханд чинь хал үзүүлнэ гэлээ. Тэрээр өдрөөс өдөрт улам увайгүй болж байсан юм. Тэгээд намайг өчгөө бич гэлээ. Түүний шахалт доор би эргүүлэн урвуулж бодов. Намайг энэ явдлаар Монгол улстай холбогдуулах гэсэн санаа юм уу? эсвэл энэ их ялт нэрээр намайг Монгол улсад хоцроож, Хятадад эргүүлж өгөхгүй гэж байна уу? Ямар боловч Монгол улсад иржбүдрэхээс бишяасанч буцаад Хятадад очиж бүдрэхгүй гэсэн бодлогоор тэдний санаанд нийцүүлэн өчгөө өгөв.

 

ХЯТАДАД ХҮРГЭГДСЭН НЬ

Бараг тэр жилийн наймдугаар сарын үеэр нэгэн хошууч миний өчиглөсөн зүйлийг бүгдийг дахин нэг хувь цэвэрхэн тэгш хуулж аваад намайг дуудан гарын үсэг зуруулах гэв. Би түүнийг авч үзэхэд нэгдүгээрт "Японы тагнуулын байгууллагын Накаура Ванцутай танилцсан тухай хэрэг байв. Тэгээд би мартамхай зангаасаа болж "Би ийм өчиг өгсөнгүй" гэсэнд тэр "Чи үгүй гэнэ үү? Би уул өчгийг чинь авчраад үзүүлье" гээд авчрав. Би лавлан үзэхэд үнэхээр миний гарын үсэг зураастай байсан тул хэлэх үггүй болсон юм. Залгаад би дараа нь бас нэг хэрэг явдлыг дэлгэн үзэхэд намайг "Монгол улсын хилд зугтаан ирээд баривчлагдсан" гэж үзсэн байлаа. Тэр мөртөө Хар эрэг болон Цагаан толгойд Ар Монголын талынхан уулзалт хийсэн тухай ер цухуйлгаж дурьдсангүй. Ингээд би бодит байдалтай нийцэхгүй байгааг мэдэв. Маргалдаад тус болохгүй гэж мэдээд бүх өчиг дээр гарын үсэг зурав. Дээрх явдлуудаас би "Юуны учир намайг дуудаж дахин гарын үсэг зуруулж байна вэ? Бараг Хятадад буцаах гэж байгаа юм биш үү" гэж таамагласан. Ингээд миний "Бүдэрсэн ч Монголдоо бүдэрье” гэсэн хүсэл талаар болов... 1950 оны есдүгээр сарын 18-ны өдөр намайг гяндангаас гаргаж, хоёр гарыг минь ард уяад хар бүсээр нүдийг боолоо. Тэгээд намайг машин тэргэн дээр тэврэн гаргасны дараа онгоцны буудалд очиж онгоцонд суулган, Бээжинд хүргэсэн юм. Энэ бол даруй миний Хятадад хүргэгдсэн түүх болно. Уг нь миний бие цус уснаас өтгөн хэмээн сэтгэж элэг нэгт ахан дүүсээ зорин тэмцсэн юм даа” хэмээн Дэ вангийн бичиж үлдээсэн тэмдэглэл, (гар бичмэл)-үүдийг Өмнөд Монголын цөөн хэдэн сэхээтэн машид нандигнан хадгалж иржээ.

100 хүрэхгүй жилийн өмнөх ойрхоны түүхэнд Монголын тусгаар тогтнол нэгдэл нягтралын төлөө Дэмчигдонров нарын эх орноо гэсэн сэтгэлтэй, холыг харж сэтгэсэн хойч үедээ үнэ цэнэтэй амьдрахыг хүссэн томчууд байсан юм шүү гэдгийг өөрийн хэмжээнд хүргэхийг зорилоо. Дэ ван амин хувиа бодсон нэгэн байсан бол хаан шиг амьдрах боломж түүнд хангалттай байсан гэдэг. Дэ ван шиг танил талтай нэр нөлөөтэй хөрөнгө чинээтэй мэдлэг боловсролтой хүн тухайн үеийн халх дөрвөн аймаг, өвөрлөгч 49 хошуу, Ар, Өмнөд Монголд байгаагүй юм гэнэ лээ. Тэрээр наад зах нь Хятад Япон хэлийг чөлөөтэй эзэмшсэн хүн байжээ.

Зохиолч, яруу найрагч Н.Батсуурь

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)