Д.Мягмар: Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогыг Хятад, Орос бусад гэсэн томьёоллоор хардаг

Монгол Улсын геополитикийн шинэ нөхцөл байдлын талаар ШУА-ийн Геополитик судлалын хүрээлэнгийн захирал, батлан хамгаалах бодлогын шинжээч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, хошууч генарал Довчингийн МЯГМАРТАЙ ярилцлаа.

-Манай улс мөнхийн хоёр хөрштэй, газар зүйн өвөрмөц байрлалтай орон. Сүүлийн үед геополитикийн шинэ нөхцөл байдал гэж их ярих болжээ. Энэ талаар та тодорхой ойлголт өгнө үү? 

-Аливаа улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал геополитикаасаа ихээхэн хамааралтай байдаг. Ялангуяа манайх шиг жижиг орны хувьд нэн чухал. Бид үеийн үед харьцангуй тайван явж ирсэн. Өмнө нь социализмын үед найрамдалт орнуудын хамтын нөхөрлөлийн хүрээнд байхад дайсагнадан бодлоготой хятадтай зэрэгцэн оршиж байна гэдэг байлаа. Гэхдээ харилцан ойлголцоод явж ирсэн. Сүүлийн үед БНХАУ эдийн засаг, цэрэг техникийн хувьд хүчирхэгжиж, АНУ-ын эерэг тодорхой, сөрөг суртал явуулж байна. АНУ ч үүний эерэг ОХУ, Хятадад геополитикийн дарамт учруулах бодлого явуулж эхэлсэн. Дээр нь НАТО болон Европын холбоо зэрэг байгууллагын манай улсад үзүүлэх нөлөө суларч байна. Үүнд тохируулсан тодорхой байхгүй бол болохгүй. Тиймээс аль болох дундаж талыг барьсан, бусад улс оронтой харилцаагаа тэнцвэржүүлсэн байдалтай бодлого барих нь чухал.Товчхондоо сонголтоо зөв хийх ёстой.

-Геополитикаас гадна эдийн засгийн хараат байдал гэж нэг аюул байх шиг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

 

-Үндэсний эдийн засгаа хамгаалах, гадаадын мөнгө санхүүгийн тэлэлтээс сэргийлж, тэнцвэрт байдлыг хадгалж байх учиртай. Гэхдээ бид гадаадын тусламж, дэмжлэггүйгээр хөгжих аргагүй нь тодорхой. Тиймээс бодит юмыг байгаагаар нь хүлээж авах ёстой.

 

Дэлхий дахинд хүчирхэг байдлаа харуулж, зарлан тунхаглаж буй хятадын эдийн засгийн хүчтэй дэмжлэг бидэнд хэрэгтэй. Үүнээс гадна Оростой хамтрах ёстой. Хэдийгээр хилийн чанадад алс хол байрладаг ч хавтгай болчихсон дэлхий ертөнц дээр АНУ болон бусад улс оронтой ч найрсаг харилцах нь чухал.

 

Гэхдээ манай улсын эдийн засгийн аюулгүй байдал учиргүй эмзэг гэж хэлж болохгүй. Ашиглаж чадвал өргөн уудам газар нутаг, олон арван сая мал сүрэг, байгалийн арвин их баялаг гээд давуу тал бидэнд багагүй байна. Үүнийгээ эдийн засгийн эргэлтэд зөв оруулж, төрөлжүүлэн хөгжүүлэх л шаардлагатай.

 

-Дэлхийг хамарсан коронавирусийн халдварын үед Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад албан ёсны айлчлал хийж, 30 мянган хониор тусалж байгаагаа мэдэгдсэн. Үүнийг хүмүүс,олон улс янз бүрээр л хүлээн авах шиг боллоо. Гэтэл одоо “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”-н тулд Орост бас туслах ёстой гэх үзэл бодол нийгэмд байна. Энэ тухай та ямар байр суурьтай байна вэ?

 

-Би иймэрхүү хов хөөсөн маягтай юманд оролцох дургүй. Ер нь ямар ч улс орны төр, засаг харилцан хамтран ажилладаг улстай найрсаг байж, зовлон жаргалыг нь хуваалцаж байх нь дипломат ёс юм. Тэр хэрээр “аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэгчлэн авсан бол өгдөг жамтай. Тиймээс үүнийг улс төрийн өнцгөөс харах хэрэггүй. Найрамдалт сайн хөршийн харилцааны эерэг илэрхийлэл гэж ойлгох ёстой.

 

-Монгол Улсын цэргийн бие бүрэлдэхүүн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, манай дайчид үүргээ нэр төртэй биелүүлж байна. Үүнийг дагаад терроризмын аюул заналхийж болзошгүй гэж болгоомжлох шалтгаан бий юу?

 

-Манай улсын гадаад болон батлан хамгаалах бодлого маш сайн, амжилттай явж байгааг судлаачид төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрч сайшааж дэмждэг. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд  дэлхий ертөнц, олон улсын харилцаа маш их өөрчлөгдсөн учраас юмыг өөрөөр харахаас аргагүй болсон.

 

 

 

Монгол Улсын хувьд аливаа улс орныг нөхөр гэж хэт шүтэх, дайсан болгож үзэн ядах, сөргөлдөгч тал гэж буруугаар харах ямар ч шалтгаан байхгүй. Тиймээс том гүрнүүдийн улс төр, эдийн засгийн бодлогод зохицсон, ухаалаг тоглолт хийсэн чиг шугам барих ёстой. Энэ утгаараа батлан хамгаалах салбараас явуулж буй олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй явдал нь дэлхий дахины геополитикийн нөхцөл байдлыг сайжруулах үйл хэрэгт оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж ойлгож болно.

 

Өөрөөр хэлбэл, дэлхий даяар энх тайван, амар амгаланг тогтооход Монгол Улс хүчин чармайлт тавьж байна гэсэн үг. Энэ нь олон улсын геополитикийн томоохон зорилт юм.

-Манайх “гуравдагч хөрш”-ийн бодлогодоо АНУ, Япон, Энэтхэг зэрэг улсыг нэрлэдэг. Чухамдаа тэдний хэн нь Монголын гуравдагч хөрш юм бэ?

 

-Улс төрчид болон бусад хүн юу гэж боддогийг мэдэхгүй. Миний хувьд Орос, Хятад бол манай мөнхийн хөрш нь эргэлзээгүй. Түүнээс гадна бусад гэсэн томьёоллоор л ойлгодог. Монгол Улсын газар нутгийн онцлог байрлалаас гадна бүх улс орон, олон улсын байгууллага, бүлэглэл юу байдаг юм бэ, бүгд гуравдагч хөрш л гэж үзээд байна. Энэ нь олон тулгуурт гэсэн манай улсын гадаад бодлоготой ч нийцтэй гэж хардаг.

 

-Та Орос , Хятад+ бусад гэсэн томьёолол дээрээ үндэслээд Монгол Улс тэнцвэртэй бодлого явуулж чадаж байна гэж үзэж байгаа юу?

 

-“Монгол Улс өөрийн байгаа түвшин, байр сууриа хадгалж олон улсын тавцанд маш амжилттай тоглолт хийж байна” гэж шинжээчид үнэлдэг. Яагаад гэвэл, хэнийг ч дайсан гэж үзэж сөргөлддөггүй, мөн эдийн засаг, түүний дотор уул уурхайн салбарт хэнээс ямар хэмжээний хөрөнгө оруулалт авах, хэнтэй хамтрах, шаардлагатай үед өөрийнхөө эрх ашгийг хамгаалж сөрөг үйлдэл үзүүлэх зэргээр байр сууриа илэрхийлэх, хүн амынхаа аюулгүй байдлыг хамгаалах чадавхаа зөв ашиглах зэргээр хариу үйлдэл хийж, хөрөнгө оруулагчдад эерэг ойлголт өгчихөж байна. Ерөнхийдөө улс төр, эдийн засгийн талаар маш зөв, тэнцвэртэй бодлого явуулж чадаж байна. Энэ бүхэн нь геополитикийн шинэ нөхцөл боломж гэж харагдаж байгаа юм. Цаашдаа юу болохыг цаг хугацаа харуулах байх.

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)