Ном хураасныг нь биш ном уншсаныг нь сонгоё

Бидний дунд хөрөнгө мөнгөөр нь л УИХ-ын гишүүдээ дүгнэдэг. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд хөрөнгөтэйг нь биш оюунлагыг нь сонгох боломж хүн бүрт байгаа. Тиймээс ном хураасныг нь биш ном уншсаныг нь сонговол ямар вэ. Энэ жилийн УИХ-ын сонгуульд маш олон нэр дэвшигч уралдахаар уяаны зурхай дээр ирээд байна. Тэднээс хэн нь хэн бэ гэдгийг иргэд бүгд мэднэ. Тиймээс ч оюунлаг нэр дэвшигч цувралыг явуулж байна.

Н.Энхбаяр Тархиндаа номын сантай улстөрч

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөө цагийн улстөрийг тодорхойлох, өнгөлөх хүний нэг. Тэр сайныг ч үзсэн мууг ч үзсэн. Тиймээс энэ эрхэм төрийг хэрхэн зөв зүг рүү жолоодох вэ гэдгийг мэднэ. Бас ч чамлахааргүй уншсан. Түүнийг талаар олныг нурших илүүц биз. Горькийн их сургууль төгссөн нь л Н.Энхбаярыг тархиндаа хэр зузаан номын сантайг тодорхойлчихно.

Ж.Мөнхбат : Түүхийг төгс үлдээсэн

Арын сайхан хангайгаар овоглосон залуусын нэг Жамъянгийн Мөнхбат   2016 оны Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон. 2016-2017 онд Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашсан. 2005 оны Болор цом яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт. Энэ хүнийг 2020 оны УИХ-д зүй ёсоор сонгогдох эрхтэй гэж үзэж байгаа. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилд сайн муу шуурганд чамгүй өртөөд авсан. Гэхдээ түүнд Эх орон, эгэл түмнээ гэсэн цохилох зүрх байгаа. Хэзээч утга зохиол урлагийг хаяж яваагүй. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд зарим нэгэнд нь ад болсон ч түүхэн киног Монголын ард түмэнд үлдээж чадсан нэгэн.    

Говийн охинд  итгэл хүлээх чадвар байгаа

Дорноговь аймгийн алтан элсэн дээр тоглож өссөн охидын нэг бол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Тэрбээр Монголын зохиолчдын эвлэл хэмээх их айлыг удирдаж байсан. Болор цомын эзэн яруу найрагч.  МАН-ын шилдэг эмэгтэй улстөрчдийн нэг. Үнэн чанартаа зорьсон ажлаа дутуу үлдээдэггүй сайн чанартай. Түүний номын санд уншаагүй ном байхгүй. Г.Мөнхцэцэг бол иргэдийн дуу хоолой болохоос гадна их төрийн гал голомтыг зөв асаах сэтгэлтэй нэгэн.  

Ж.Соёмбын харах өнцөг өөр

Улстөрчийн гал голомтод өссөн хүү. Сайн аавынхаа нэрийг сэвтүүлээгүй  өдий зэрэгт хүрсэн. Түүнийг зарим нь аавынхаа нэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна гэж харж байгаа. Үнэндээ тийм биш.  Энэ залуу өөрийн хөдөлмөр, сурсан эрдмээр өдий зэрэгт хүрсэн. Түүний хамгийн ойрын найз нь номын сан. Тэр улс төр хийгээд эрүүл мэндийн салбарт өөрийн орон зайг бий болгож яваа залуу эрдэмтэн. Тиймээс ч Дундговьчууд түүнийг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх санал тавьсан. Тиймээс түүнд “Бэрс”-ийн нүүдлээр тоглох эрх байгаа. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд байх хүний нэг гэж нутгийн зон олон үзэж байгаа. Үнэндээ энэ залуугийн улс эх орны хөгжлийг харах өнцөг өөр.

Үл таних  Үл-Олдох

Зууны мэдээ сонины Тоймчдын албаны дарга, сэтгүүлч, яруу найрагч Ч.Үл-Олдох. Сэтгүүлч хэмээх мэргэжлийг их үнэ цэнээр олж авчсан гэж ярих  дуртай энэ бүсгүй өөрийнхөө чадлаар сурч боловсорсон. Түүнд ямар нэгэн ашиг хонжоо харсан зүйл байхгүй. Ирэх сонгуульд өссөн  нутаг болох Сүхбаатар аймагт бие даан  нэр дэвшиж буй. Сонин, номын хуудсанд  эх орны үнэр шингэсэн гэж ярих дуртай энэ бүсгүйд 2020 оны УИХ-ын сонгуульд суудал байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Учир нь тэрбээр эд хөрөнгөөр  биш эрдэм боловсролоор гарц гаргалаа хайгчдын нэг.   

В.Нэргүй

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)