Шүүгчийн гэрээс хураасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болголоо

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Энэхүү хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд үлдсэн шүүгдэгч нарыг шүүх хурал тавдугаар сарын 14-ний өдөр эхэлж, өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 22-ны өдөр өндөрлөсөн.

Улмаар Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн билээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноож, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан.

Сануулахад, хэргийг шалгах явцад буюу 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан байдаг. Шүүгчийн гэрээс их хэмжээний мөнгө, доллар хураан авч буй бичлэг өнөөдөр зарим хэвлэлд дэлгэгдээд байна. 

Тэгвэл үүнтэй давхцан шүүгч нарыг шүүсэн шүүх хурлын шийдвэрийн талаар өнөөдөр /2020.05.26/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэвлэлийн хурал хийхээр зарлаад байна. 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)