Өгсүүр замд цуцаагүй хүн

Цацлын дээж буусан цэцэг цагаан сүүгээр амласантай адил санагдана. Ийм л сэтгэлийн сүсэг бишрэлийн хорвоод бид өссөн. Гэхдээ сүсэг залбирлаас илүүтэй итгэлийн гал өнөө цагт хэрэгтэй байна. Тэр л галыг асаах нэгэн хүмүүн бол Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Цэрэндоржийн Ганхуягийг гэж боддог. Энэ хүнд илүү дутуу зан байхгүй. Эвдэрсэн араншин байхгүй санагдана. Төрийн алдааг засах гэж хаа нэг дуугаравч төр баригчдыг буруутгаж, гүтгэн доромжилж, нэр алдрын араас хөөцөлдөж явсан удаагүй. Цөлх монгол эр. Гэхдээ эгэл ардынхаа өмнөөс энэ улсыг үүрээд босох сэтгэлийн тамир түүнд бий. Ц.Ганхуяг Монголын улстөрд шинэ хүн биш. Хөгжлийн гүүрэн дээр зогсч зөв үйлийн төлөө дугтарвал хүч нэг, дуугарвал дуу нэг байж эх орны ирээдүй, дэд бүтцийн талаар чамгүй ихийг бүтээсэн. Тэгвэл өнөөгийн төрд энэ хүн хэрэгтэй байна. Монгол хүн элгээрээ, нутгаараа нэгнээ датаж “манайх” гэж ярих дуртай. Анх Ц.Ганхуягийг манай Завханы гэж тодотгож боддог байлаа. Тэгвэл түүний эрдэм чадвар, их хөдөлмөрийн үнэ цэнэ аль эрт монголынх болжээ. Монголыг төлөөлсөн элчин сайд, Монгол Улсын их хурлын гишүүн гэж тодотгож дуудуулж явах үедээ сүүдэргүй их үйлийн төлөө олон зүйл хийж бүтээсэн хүн. Өнөө цагт иргэдийн үнэн дуу хоолой болсон итгэлт хүнийг л бид хүлээж байгаа. Тэгвэл хуулиа мэддэг, аливаад зөв гарц гаргалгаатай хариуцлага үүрэх чадвартай нэгнийг иргэд УИХ-д дэвшүүлж байна. Энэ хүний нэг нь яах аргагүй Ц.Ганхуяг.

Хүүхэд ахуй насанд аавтайгаа л хамт бол ямарч ажил хийсэн цуцдаггүй. Хаа ч хүрсэн жаргалтай байдаг. Энэ гэгээн тунгалаг дурсамж хөтөлсөн цагаан заяа Ц.Ганхуягт ч байсан. Тэрээр есөн хүүхэдтэй айлын тав дахь хүү. Багын л хэрсүү, хар бор ажилд сайн, бие биенээ хүндлэх, хүнээс сайн сайхныг нь сурч авах хүмүүжлээр өссөн хүү. Түүний аав М.Цэрэндорж жолооч. Гүдэсхэн сайхан эр хүн байсан гэж нутаг орныхон нь ярьдаг юм билээ. М.Цэрэндорж жолооч айл нүүлгэсэн ч авдар савнаас эхлээд аливаад өөриймсөг ачдаг, Ачаа татлага сайтай гэж нутгийн олон ярих нь ажилдаа хариуцлагатай хүнд өгсөн дүгнэлт бизээ. Аавыгаа ирж явааг машиных нь дуугаар таньдаг, аавынхаа машины кабинд суувал алтан дэлхийг ч тойрч болмоор санагддаг байсан гэж Ц.Ганхуягийн дурсамжид байдаг. Ээж В.Уламбаяр нь сумын эмийн санд насаараа ажилласан ёстой л “Алтан дундаж” гэр бүл юм. Хэний толгой өвдөнө. Хэнд тусламж хэрэг болно. Эмчээс илүүтэйгээр эмийн сан луу гүйдэг нь монгол хүний араншин гэлтэй. Тэр бүхнийг л В.Уламбаяр инээмсэглэж угтана. Ямар сайндаа л В.Уламбаярыг харчихвал эм уусантай ижил өвчин арилчихдаг-гэсэн хошигнол гарах вэ дээ. Ийм л гэр бүлд өссөн хүн бол Ц.Ганхуяг. Тэрээр багын л юм юманд адтай, нэлээдгүй “Хэнхэг хүү” байсан гэдэг. Хар бор ажлаар хэнийг ч дагуулахгүй, хичээл ном, урлаг спортод эвлэг, шинэ бүхнийг эрэлхийлэгч байжээ.  Дууг эвлэгхэн дуулчихдаг, волейбол, ширээний теннист тун эвтэй нэгэн боловч жудо бөхөөр сайн барилддаг байсныг нөхөд нь ч сайшаах юм билээ. “Өдий зэрэгтэй яваа нь миний гавьяа бус ээж аавын минь хар багаас заасан хөдөлмөрч зан, тууштай байдал” хэмээн тэрээр дурсах дуртай.

Аймгийнхаа төв дунд сургуулиа дүүргээд, хуучнаар ЗХУ (ОХУ)-ын Эрхүү хотын Багшийн их сургууль руу физикч, физикийн багш болохоор хүлгийн жолоо залжээ. Тухайн үеийн л оюутны амьдралаар амьдарч номын мөр хөөж явах үедээ  Орос хэл, утга зохиолын ангийн Л.Мартатай танилцсан гэдэг. Сайн хань насны түшиг. Сайхан амьдрал сэтгэлийн амар амгалан. Гэхдээ сайхан амьдрал зүгээр ирэхгүй. Энэ гэр бүл эцэг эхээс өвлөсөн ухаан, сурсан эрдэм номынх ачаар үнэн цагаанаар хөдөлмөрлөж байж өнөөдөрт хүрсэн. Тэд оюутан байхдаа анхны хүүхдээ өлгийдөж авсан. Сургууль төгсөөд аспирантурт суралцах зөвлөмжтэй байсан ч гурван жил заавал багшлах ёстой журмын дагуу төгсөн нутгийнхаа 10 жилд саналаараа очин багшилж байгаад, цэргийн албанд морджээ. Тухайн үед гэр бүлээ үлдээгээд цэргийн албанд мордохдоо “Эр хүн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх л ёстой” гэж хатуу шийдсэн байсан гэдэг. Тэрээр дотоодын  цэргийн 05 дугаар ангид алба хааж буцаад л аймагтаа багшлахаар очсон гэдэг.  25-хан настай Ц.Ганхуяг  “Гэрийн багшийн системийг хөгжүүлэх тухай” /одоогоор хувийн сургуулийн дэг жаягийн тухай гэсэн үг/ өгүүлэл бичиж, энэ санаагаа хөгжүүлсээр Монголын боловсролын шинэчлэлийн саналаа боловсруулж, тухайн үеийн ерөнхий сайд Дашийн Бямбасүрэнд гардуулж байжээ. Цаашлаад “Малыг малчдад” хөдөлгөөн өрнүүлж,  Ардын аж ахуйтны холбоог үүсгэн байгуулжээ. Ийнхүү хөдөлмөрийн үр дүн нь түүнийг улстөрч лүү хөтөлсөн гэдэг.

Монголын ардчилсан холбооны Тэргүүлэгчдийн танхимын гишүүнээр ажиллах үедээ өөрийн гэсэн орон байргүй тул тэрээр дотны найз, улс төрийн хамтран зүтгэгч Санжаасүрэнгийн Зориг болон түүний ээжтэй амьдардаг байжээ. Тэдний үйлс, зорилго нэг цэг дээр төвлөрдөг байв. Төрийг хэрхэн эмхлэн байгуулах, улс үндэстэн зөв системээр тогтуун хөгжих замыг хэрхэн тавих талаар толгой гашилган, хувь хүний ашиг сонирхол бус, хойч ирээдүйн сайн сайхны төлөө хийж болох бүх зүйлийг төлөвлөн байв. Хамгийн сайхан нөхөрлөл их амжилтын үүд болдог гэж өвгөд ярьдаг. Тэгвэл С.Зориг, Ц.Ганхуяг нарын нөхөрлөл их монголын хөгжлийн зөв хандлага, зөв зүгийг олсон нөхөрлөл байсан. Тиймээс энэ идэр эрийн итгэлийн гал өнөөг хүртэл бадамлаж яваа. Дэлхий даяар хүнсний хямрал гаарсан 2007 онд тэрээр Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах үедээ Атрын III аяныг эхлүүлж, Монгол улс өөрийгөө эрүүл хүнсээр хангах зорилго тавин ажилласныг дараагийн Засгийн газрууд дэмжсэнээр өнөөдөр шинэ коронавирусын нөхцөлд хэдэн сар хил хаагдсан ч гурил, төмс хүнсний ногоогоор тасраагүй байгаа нь хожмоо ч гэсэн үр дүн гарсныг харуулж байна. Энэ цаг үед Ц.Ганхуяг үнэний төлөө МАХН, МУНН, ИЗНН хамтран “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ийг байгууллаа. Бурууд хатуу, зөвд зөөлөн төр байгуулах цаг  нь иржээ. Ц.Ганхуяг монгол улсын хөгжлийн төлөөх өгсүүр замд цуцаагүй яваа төрийн ноён нуруу. Түүнд амрах эрх байхгүй. Харин ард түмэнд түүнийг сонгох эрх байгаа.   

В.Нэргүй

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)