Д.Нямхүү: Коронавирусийн халдвар шинээр илрээгүй

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Бүх сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. Эдгээрийг задалбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан 2 хүний, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 135  хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-д 169 хүн эмчилгээ, хяналтад байна. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг өнөөдөр авна.

Маргааш эх үрсийн баяр болох гэж байгаа тул хөл хориотой байгаа гэдгээ санаж, дэглэмээ сайн баримтлахыг зөвлөе. Амны хаалтаа зүүж, нимгэн бээлий өмсөх, гадуур явахгүй, гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байна" гэв. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

Өмнөд Америкийн 33 улсад 900 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. ОХУ-д үйлдвэрлэсэн эмийн эмнэлзүйн туршилт хийж буй бөгөөд уг эмийг хэрэглэсэн өвчтөний вирусийн үржил 4 хоногийн дотор зогсож байсан. БНХАУ-д 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

ОХУ-д халдварын эрч өндөр хэвээр байна. Өчигдөр Увс аймгийн Давст сумаас 2 иргэн ОХУ-ын Тува руу морьтой нэвтэрч буцаж орж ирэхдээ саатуулагдсан. Увс аймагт тусгаарлагдаад байна. Тэдгээр хүмүүс ямар ч амны хаалт зүүгээгүй байсан. 

Монгол улсад одоогийн байдлаар 1991 хүн ажиглалтын байранд байна. 119 дугаарт өдөрт 117 дуудлага ирж зөвлөгөө авсан. ЭМЯ-аас дотоодын аялагчдад гаргаж зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу хил орчмын нутгаар аялахдаа тухайн хил залгаа орныхоо өвчлөлийн байдлыг мэдэх шаардлагатай.

БНСУ-д эмнэлгээс гараад гэрийн тусгаарлалтад байгаагүй хүнд 2 жилийн хорих ял оноож байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)