2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнөөдөр эхэлж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид өнөөдөр /2020.06.02/-нд СЕХ-оос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар сурталчилгаа хийх эрх нь нээгдэх юм.  Одоогийн байдлаар бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах  ажлыг СЕХ-ноос зохион байгуулж байна. Түүний дараа нам эвслээс нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, 18:00 цагт дуусахаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч, нийтдээ 639 хүн өрсөлдөж байна.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-нд болох юм.

Дашрамд хэлэхэд СЕХ-оос өнгөрсөн долоо хоногт  хуулийн хугацаанд баримт, бичгээ бүрдүүлж өгөн, нэр дэвших болзол хангасан, бичиг баримтын зөрчилгүй нэр дэвшигчдэд тогтоолыг нь гардуулсан билээ.

Энэ удаагийн сонгууль цар тахлын үед явагдах учраас сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журмыг Засгийн газраас баталсан. Уг журамд Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангаж байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна гэж заасан.

В.Нэргүй

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)