Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Сонгогчийн боловсрол олгох цуврал видео хичээл боловсрууллаа

Сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, дохионы хэлний хэлмэрч орчуулагч нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгох видео хичээлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран боловсруулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө.

Видео хичээлийг Монголын багш эцэг эхийн холбооны “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн багаас 2019 онд сонсголын бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдэд сонгогчийн боловсрол олгох сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан, мөн Сонгуулийн ерөнхий хорооны санал зөвлөмжийг авч бүтээсэн юм.

Видео хичээлээр сонгогч сонгуульдаа хэрхэн оролцох, сонголтоо хэрхэн хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн яаж сонгуульдаа оролцох тухай хуулийн болон онолын мэдлэгийг амьдралд хэрхэн энгийнээр ойлгож буулгахыг харуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцохыг харуулсан богино хэмжээний видео контентод хөгжлийн бэрхшээлтэй иргэд тухайлбал харааны, тулгуур эрхтний, хөдөлгөөн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран ажиллав. Видео хичээлийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө дохионы хэлээр зааж чиглүүлэн  дохионы хэл, хадмал орчуулга, дуу, дүрсний өндөр чанартайгаар хийж гаргалаа.

Төслийн зохицуулагч Б.Юмжирдулам хэлэхдээ “Энэ бол Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдийн санаачлагаар мэдлэг чадвар, цаг хугацаагаа дайчлан боловсруулсан сонгогчийн боловсролын видео хичээл юм. Видео хичээлийн хөтөлбөр, зохиол, видео бичлэг, эвлүүлэг бүрийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө хийсэн. Аливаа зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой байхаар төлөвлөж боловсруулж бүтээх тусам хүн бүрт хүртээмжтэй болдог тул энэхүү цуврал видео хичээл зөвхөн хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулагдахаас гадна бүх сонгогчдод хүртээмжтэй бүтээл болсон.” гэж онцоллоо.

Төслийн баг 2020 оны сонгуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүртээмжтэй сонгууль зохион байгуулахыг уриаллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)