М.Золбаяр: Хичээлдээ дургүй, өөртөө итгэлгүй болсон сурагчид код бичсэнээр урам зоригтой болдог

Codercub кодинг сургалтын төвийн үүсгэн байгуулагч М.Золбаяртай ярилцлаа. Тэрээр Энэтхэгийн Пүнэгийн их сургуулийн мэдээллийн технологийн инженер бакалавр, АНУ-ын Миссуригийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны магистр цолтой юм.


-Дэлхийн улс орнууд хүүхдүүдээ багаас нь код бичүүлдэг болоод байна?

-"Хүүхэд компьютер программчилж сурах уу" гэж эцэг эхчүүд асуудаг. Компьютерийн шинжлэх ухаан, программ хангамж гэдгийг зөвхөн их сургуульд л заадаг, сурахад хүнд сэдэв, насанд хүрсэн хүн л сурах боломжтой гэх хоцрогдсон ойлголт манай нийгэмд байдаг. Тэгвэл дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хүүхдийг аль болох багаас нь технологийг хэрэглэгч биш, бүтээгч өнцгөөс харж сурахад түлхүү анхаарах болсон байна. Австрали улсын Шинэ Өмнөд Уэйлс муж бага ангид, бүр цаашилбал цэцэрлэгийн хүүхдүүдэд компьютерийн шинжлэх ухааны үндсэн ухагдахуунуудыг заах шинэ шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрийг заавал үзэх хэлбэрээр хоёр жилийн өмнө тусгаж өгсөн байна. Тэндхийн хөтөлбөрийг сонирхож үзлээ л дээ. Цэцэрлэгээс хоёрдугаар анги хүртэл Scratch хэл ашиглан дарааллын тухай ойлгох, өгөгдлийг зураг диаграммаар дүрслэх, гурав, дөрөвдүгээр ангид өгөгдлийг төрөлжүүлэн ангилж сурах, тав, зургадугаар ангид тоон системүүд өөр хоорондоо хэрхэн уялдаж ажилладгийг ойлгох, жижиг видео тоглоом хийх, долдугаар ангиас эхлээд ерөнхий программчлалын хэлийг заавал үздэг хөтөлбөртэй юм билээ. Ерөнхийдөө 1–6 дугаар ангид дүрс эвлүүлэх замаар программ зохиодог блок суурьт программчлалын хэл, долдугаар ангиас дээш код бичих замаар программ зохиодог ерөнхий программчлалын хэл үзнэ гэсэн үг л дээ. Гэтэл манайд энэ тал дээрх шинэчлэл туйлын хангалтгүй байгаа бөгөөд Ерөнхий боловсролын хөтөлбөрт технологийн бичиг үсгийн тайлагдлыг тусгасан байдал нь долдугаар ангийн хүүхдүүд дөнгөж компьютер асаах, шивэх, хэрэглээний программуудыг нээж ажиллуулах төдий байгааг теле хичээлүүдээс харж болно. Технологийн сургалтаар монгол хүүхэд дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг өнөөдөр хувийн ганц хоёр сургууль, цөөн хэдэн кодинг сургалтууд л олгож байгаа нь энэ орон зайг нөхөж чадахгүй байгаа. Өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдэд код заахыг хэрхэн чухалчилж байгааг дээрх жишээ харуулж байна.

-Код бичих, код сурахын ач холбогдол юу вэ. Технологийн бичиг үсгийн тайлагдал чухал гэж үзэх болсон?

-Өнөө цагийн хүүхэд хүссэн хүсээгүй тоон технологитой багаасаа харьцаж өсч байна. Ухаалаг утас, видео тоглоом, интернэт, бүр роботууд ч тэдний амьдралын нэг хэсэг болсон байж магадгүй. Технологи хэрэглэж сурах нэг хэрэг, харин цаад шинжлэх ухааных нь талаар ойлголттой болсноор технологийн бичиг үсэгт тайлагдана. Дээр дурдсан технологиудын хөдөлгөгч хүч нь ид шид биш ердөө л программ хангамж, өөрөөр хэлбэл хэн нэгний бичсэн код юм. Хүүхдүүд ч гэсэн код сураад зөвхөн технологи хэрэглэх биш, өөрсдөө технологи бүтээгчид болж болохыг тэдэнд мэдрүүлэх нь чухал ач тустай.

-Код бичдэг хүүхдүүд асуудалд шийд, гарц олохдоо үеийнхээсээ илүү, тооцоолох чадвар өндөртэй гэдэг?

-Том асуудлыг жижиг хэсгүүдэд хувааж үе шаттайгаар шийдвэрлэх нь ямар ч салбарт хэрэглэдэг аргачлал. Аливаа даалгаврыг бүтцийнх нь түвшинд харж хэсэг тус бүрээр нь шийдвэрлэх нь уг даалгаврыг цогцоор нь шийдэх гарц юм. Программ зохиоход эхлээд шаардлагатай алхмуудын жагсаалтыг толгойдоо бодож гаргах нь нэг ёсондоо алгоритм зохиох үйл явц юм. Энэ нь шийдлийн суурь болж өгдөг. Мөн жижиг асуудлыг шийдвэрлэх логик, зүй тогтлыг таньснаар тэдгээрийг илүү ээдрээтэй асуудлуудад дахин ашиглаж сурна. Эдгээрийг тооцоолох сэтгэхүй буюу com­putational thinking гэдэг.

-Таны шавь нар хэр сурч байна вэ?

-Бага гэлтгүй өөрөө сэдэж бүтээсэн жижигхэн аппликэйшн тухайн хүүхдийн оюуны бүтээл, сэтгэлгээний илэрхийлэл байдаг. Би сурагчдынхаа зарим шийдэл, анимейшнийг хараад гайхаж бахархах сэтгэл төрдөг. Компьютерийн шинжлэх ухаанд нэг асуудлыг шийдэх хэдэн ч арга байх боломжтой ба тухайн хүүхдийн өөрийн ур ухаан, мэдрэмжийг нь кодоороо илэрхийлж санаанд оромгүй шийдлүүдийг гаргаж ирсэн байхыг харах үнэхээр урамтай. Тиймээс код бичих нь сурагчдад хамгийн хөгжилтэй хэлбэрээр суралцах боломж олгоно.

-Код сурахад эхэн үедээ хэцүү юү. Код бичиж сурснаар хүүхдэд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ?

-Анх код бичээд л тэр нь шууд ажиллачихна гэж хэзээ ч байдаггүй, алдаа заавал гарна. Тэр болгонд кодон дээрээ дүн шинжилгээ хийж алдааг засах хэрэг гарна. Код бичиж эхэлж буй хүүхдийн хувьд үр дүнгээ заавал харах эрмэлзэл төрдөг ба энэ нь эргээд тэдэнд боломж эрэлхийлэх, няцашгүй оролдлого хийх сэдэл төрүүлдэг. Мөн бусадтай хамтарч багаар ажиллах, харилцааны чадварт суралцах нь ямар ч ажлын байрны гол үзүүлэлт мөн. Манайх мөн хүүхдийг багаар бичил кодинг төслүүд дээр хамтарч ажиллах дадалд сургадаг бөгөөд энэ нь ганцаараа ажилласнаас илүү үр дүнтэй нь ажиглагддаг. Тухайлбал, чөлөөт сэдэвт төслийн хүрээнд хамтарч асуудлыг шийдвэрлэдэг, хамтдаа суралцдаг учир багаар ажиллаж буй хүүхдээс илүү сонирхолтой бүтээлч санаа гардаг. Код бичиж өөр өнцгөөс тархиа ажиллуулах нь хичээлдээ дургүй болсон, эсвэл өөртөө итгэлгүй болсон сурагчдад урам зориг өгдөг нь судалгаагаар батлагдсан. Мөн байгалийн ухааны хичээлүүдэд дур сонирхолгүй хүүхдэд шинжлэх ухааныг шинэ арга замаар таниулахад тустай. Код сурсан хүүхэд математик зэрэг хичээлүүдээ ойлгож дур сонирхолтой болох нь элбэг байна. Код бичих нь дан ганц компьютерийн инженер, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээр хязгаарлагдахгүй цаг үе улам бүр ойртсоор байна. Мэдээллийн эрин зуунд өгөгдөлд бие даан дүн шинжилгээ хийх чадвар бүх салбарт давуу талыг авчрах болсон. Ямар ч сургууль, ажилд орох өргөдөл өгөхөд компьютерийн хэлээр ярьдаг бол таны үнэлэмж эрс дээшилнэ гэсэн үг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)