Махны үнэ сонгуулийн хийрхэлтэй хамт өсч байна

Сонгуулиар амьсгалсан энэ өдрүүдэд иргэдийн бухимдал хаана хамгийн их байгааг мэдэх үү. Хүнсний зах, дэлгүүрүүдэд. Иргэд нэг өдрийн цалингаараа ганц кг хонины ястай мах худалдан авахдаа хамгийн их бухимдаж байна. Халдварт өвчин гарснаас хойш иргэдийн орлого буурч, зарим хэсэг нь ажилгүй гэртээ байх болсон. Орлого муудахтай зэрэгцээд гол хүнс болсон махны үнэ ойрын өдрүүдэд огцом өсөөд байна. Үүнийг өнгөрсөн өвлийн зуднаас шалтгаалж мал тарга тэвээр муутай байгаагаас нийлүүлэлт багассан гэдгээр наймаачид тайлбарлаж байна. Гэхдээ 70 сая малтай монголчууд ганц оройныхоо хоолны махыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа нь яавч тоглоом биш боллоо.

Үнэтэй ресторанд хооллосонтой дүйцэхүйц зардлаар гэрийнхээ хоолны зардлыг авах болчихоод байна гэсэн үг. Түүнчлэн эрэлт их байгаатай холбоотойгоор махны үнэ буурах биш улам өсөх хандлагатай байгааг наймаачид хэлж байна. Нийслэлийн статистикийн хорооноос мэдээлснээр энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10229 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12380 төгрөгийн үнэтэй байжээ гэж тэмдэглэжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар “Хүчит шонхор”, “Баянзүрх” гэх мэт хамгийн хямддаа тооцогддог хүнсний захууд дээр хонины махны дундаж үнэ 12-13 мянга, үхрийн мах дунджаар 15-20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос огцом өссөн гэдгийг иргэд хэлж байна. Энэ талаар худалдан авагчид болон худалдаачдын яриаг хүргэе.

 

“Баянзүрх” захын махны худалдаачин М.Балсан :

- Махны үнэ их хэлбэлзэлтэй байна. Энд эрэлт, нийлүүлэлт гэсэн хоёр гол юм бий. Эрэлт их байгаа ч нийлүүлэлт алга. Малчид, ченжүүдээс мах их орж ирсэн өдөр үнэ нь буучихаж байна. Бага орж ирсэн өдөр өсч байна. Тэгэхээр энэ эрэлт, нийлүүлэлт гэх хоёр юмыг тэнцүүлж байх чухал байгаа юм. Үүнийг хийх ёстой газар нь төр засаг, өөрөөр бол Хөдөө Аж Ахуйн Яам. Хүн байгаа газар эрэлт байна. Нийлүүлэлт гэдэг юм харин зайлшгүй бодлогоор зохицуулагдах шаардлагатай. Үүн дээр хөдөө аж ахуй бирж ажиллаж байх ёстой. Зах зээлийн тогтолцоог шууд удирддаг зүйл гэж байхгүй. Харин сайн зохицуулалт л хэрэгтэй байна.

 

“Баянзүрх” захын мах бэлтгэгч н.Батаа:

- Бид мах худалдаж авчихаад авсан үнэ дээрээ 1000-аад төгрөг л нэмдэг. Эвдэх, шулах, зөөх гээд их ажил байгаа шүү дээ. Мах цөөн орж ирсэн өдөр үнийг нь нэмэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол ашиггүй шүү дээ. Малчид хэрэв ченжээр дамжуулвал үнэ нь дагаад л өснө. Худалдаачдаас хамаарах зүйл иргэдийн боддог шиг их байдаггүй юм. Мал онд муу орсон болохооор махны нийлүүлэлт бага байх шиг байна. Улсаас жижиг дунд бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм.

 

Худалдан авагч О.Лхамсүрэн:  

- Махны үнэ ер нь их өндөр байна. Би сард 350 мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Гол орлого минь тэтгэвэр. Тэгтэл махны үнэ буухгүй, улам л өсөөд байна. Идээд сурчихсан юм аа идэхгүй байна гэдэг хэцүү. Ер нь монгол хүн мах идэхгүй байна гэдгийг төсөөлөхөд ч хэцүү дээ. Тэтгэврийн хэдэн төгрөг маханд л явж байна.

 

Худалдан авагч Ц.Цэцгээ

- Махны үнэ өндөр байгаа нь амьдралд маш хүнд тусаж байна. Сая хоёр кг шахам мах авахад л 23600 болсон. Ингээд бодохоор махны үнийг бууруулах, хэвэнд нь барих шаардлага их байгаа. Хичнээн үнэтэй байлаа ч махгүй хонож чадахгүй юм. Орлогын маань ихэнх хэсэг нь маханд явж байна. Үүний цаана өмсөж зүүх, элдэв бусад хэрэглээний зүйлс гээд маш их хэрэглээ байгаа шүү дээ. Хүнс гэхэд л ганц мах идэхгүй. Сонгуульд гэж их мөнгө хөрөнгө зарж байхаар халдвар гарсан энэ хүнд үед махны үнийг ядаж буулгаад өгвөл ард иргэдэд их хэрэгтэй. Хонины мах 6800 төгрөг, зарим буусан үедээ бүр 5500 төгрөгтэй байсан. Харин сая би 11500 төгрөгөөр хонины ястай мах авлаа. Хоёр гурван хоног ч идэж хүрэхгүй мах шүү дээ. Арай л үнэтэй байна. Малчид, ченжүүд, худалдаачид бүгд л бодох хэрэгтэй. Улсаас ч дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.

 

Худалдан авагч  Г.Ганчимэг:

- “Ковид-19” гээд ажилгүй болж, гэртээ сууж байгаа хүн их байгаа. Цалин байхгүй, өрхийн орлого буурсан байхад махны үнэ буухгүй хэвэндээ байхаар мэдээж хүндрэлтэй байна. Монголчуудын хоол хүнсний хамгийн чухал зүйл нь мах шүү дээ. Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажилладаг. Манай гэр гурвуулаа. Нэг гишүүн маань халдварт өвчин гарснаас болоод ажилгүй байгаа. Нэг нь ажилгүй байхад л гэр бүлийн маань эдийн засаг доройтож байна. Цөөн хүн ам, их малтай байж мах ингэж өндөр үнэтэй байгаа нь учир дутагдалтай. Үүн дээр улсаас хяналт тавих хэрэгтэй гэж бодож байна.

 

Таксины жолооч, иргэн Б:

- Би идэвхитэй ажил хайгч. Үндсэн мэргэжил гэвэл нягтлан. Гэрээтэй байгууллагуудын тайланг гаргадаг болохоос тогтсон ажилгүй. Нөхөр хөдөө ажил хийдэг. Завтай үедээ таксинд явж мөнгө олдог. Сүүлийн үед бензиний үнэ буурсан гээд таксины үнэ яагаад буухгүй байгаа юм гэх боллоо. Хичнээн бензиний үнэ буулаа гээд бас л мөнгө олж амьдралаа залгуулах гэж байгаа хүний хувьд мах, бусад бүтээгдэхүүн өндөр үнэтэй байхад үнээ буулгах хэцүү. Ажилд орьё гэхээр ажлын байр байхгүй байна. Уг нь нягтлан чинь эрэлт ихтэй мэргэжил шүү дээ. Өвчин гарсан гээд байгууллагууд ажилтан нэмж авах сонирхолгүй болчихож. Ийм нөхцөлд манайхын хүнсэндээ зарцуулж байгаа мөнгө маш их. Тэр тусмаа маханд. Сонгууль гэж хэрэггүй их цаас, самбарт мөнгөө гарздахаар энэ тал дээр ажил хийвэл зүгээр байгаа юм. Цахимаар сурталчлах боломж ч байгаа. Тэрнийхээ оронд махны өсөлт дээр хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

 

О.ЭНХЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)