В.Бэрцэцэг: Арт терапистууд хүний оюун ухаан, бие махбодтой зэрэг ажиллаж хүндрэлээс гарахад нь тусалдаг

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн В.БЭРЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Арт терапи буюу урлагийн сэтгэл засал гэж юу вэ?

-Арт терапи гэдэг нь урлагаар дамжуулан сэтгэл засал хийхийг хэлдэг. Урлагийн сэтгэл засал өмнө нь сэтгэл заслын нэг төрөл байсан. 1945 онд Европод үүссэн бөгөөд одоо бие даасан чиглэл болон хөгжиж байна. Уламжлалт ойлголтоор сэтгэл засал дотроо арт терапийг зурган оношилгоо гэж ярьдаг байсан бол өдгөө энэ ойлголт өөрчлөгдсөн. Миний хувьд Австрали улсад нийгмийн ажлын чиглэлээр магистр хамгаалсан. Үүнийхээ дараа арт терапи мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээр цөөн монгол хүн суралцсан байдаг. Бид 2017 оноос Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоог байгуулан ажиллаж байна.

 

-Урлагаар дамжуулан хүний сэтгэлийг эмчлэх олон арга байдаг уу?

 

-Тийм ээ, олон арга бий. Байгалийн гэнэтийн гамшиг, гал, үерт автсан тохиолдолд хүн дотоод сэтгэлээ үгээр илэрхийлэхийг хангалттай бус гэж үздэг. Энэ үед урлагийн төрөл бүрийн арга хэрэгслүүдийг ашиглан хүний дотоод сэтгэлийг засах нь арт терапийн онцлог юм. Тухайн нөхцөлд ямар аргаар ажиллахыг мэргэжилтнүүд ажиглалтын явцад тодорхойлдог. Гэхдээ урлагийн сэтгэл заслыг дуу сонсгож, бүжиг бүжиглүүлэх төдийхнөөр төсөөлж болохгүй. Өргөн хүрээний ойлголт юм. Арт терапи бүх насныханд хамаатай. Өөрөөр хэлбэл, арт терапийн мэргэжилтнүүд бүх насныхантай ажиллах боломжтой гэсэн үг юм.

 

-Нийгмийн байдал, соёл, шашин шүтлэг зэргээс шалтгаалан европ, ази хүний сэтгэл зүй ялгаатай. Тэр дундаа Монголчуудын хувьд нийгмийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал давамгайлдаг байх?

 

-Улс орон болгон өөр өөрийн гэсэн арт терапийн холбоотой байдаг. Манай холбоо ч тэдэнтэй харилцаатай ажилладаг. Тухайлбал, бид одоо цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаараа мэдээлэл солилцож байна. Таны хэлсэнчлэн улс орон бүр өөр өөрийн соёл, ёс заншил, уламжлал, хүмүүсийн сэтгэхүйн хандлагаасаа хамаараад ажиллах аргачлал нь ялгаатай. Тэр дундаа Монгол хүнийх бүр өөр.

 

 

 

Монголчууд бидний хувьд нийгмийг илүү түгшээсэн хүчирхийлэл, дарамт, айдас, нийгмийн стресс давамгайлсан байдалтай байдаг. Ийм үед хүмүүс өөрийгөө ойлгож, үүссэн нөхцөл байдлаас гарах арга замыг олоход нь чиглүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэр арга замыг олоход арт терапистууд чиглүүлж өгдөг. Тэгэхээр арт терапистууд хүний оюун ухаан, бие махбодтой нь зэрэг ажиллаж аливаа бэрхшээл, хүндрэлээс гарах арга замыг олоход тусалдаг гэсэн үг.

 

 

 

Жишээлбэл, ажлын ярилцлагад орохдоо сандардаг хүн олон байдаг. Тийм хүмүүсийг өөртөө итгэх итгэлтэй болоход бид тусалдаг. Түүнчлэн тухайн хүний давуу болон дутагдалтай талыг нь ойлгуулахад чиглэж ажилладаг.

 

-Урлагийн ямар төрлийг ашиглан Монгол хүнтэй ажиллахад илүү тохиромжтой байдаг вэ?

 

-Урлагийг хэнд, хэзээ яаж ашиглаж болох вэ гэдэг их чухал. Учир нь, урлагийн төрөл болгон хүнийг уярааж, ухааруулдаггүй. Дуу хөгжим сонсох нь зарим хүнийг уяраадаг бол өөр нэгний асуудпыг сэдрээх эрсдэлтэй. Тиймээс л дан ганц хөгжим сонсох эсвэл зураг зурахыг урлагийн сэтгэл засал гэж ойлгож болохгүй гэж хэлээд байгаа юм. Харин энэ бол урлагийн сэтгэл заслын нэг техник. Ийм техникээр тухайн хүний анхаарлыг одоо цагт төвлөрүүлдэг. Энэ арга бүх хүмүүст тохирно. Яагаад гэвэл, хүн өнгөрснийхөө талаар бодохдоо заримдаа харамсдаг.

 

Ирээдүйд том зорилго тавихаар түүнийгээ биелүүлэхийн төлөө стрессдэх тал бий. Тиймээс хүнийг өнгөрсөн эсвэл ирээдүйд бус яг одоо цагт нь төвлөрүүлбэл илүү бүтээлчээр сэтгэдэг. 

 

 

 

-Танайд аль насны хүмүүс илүү их хандаж байна вэ?

 

-Бид одоогоор хувь хүнтэй ажиллахаас илүү олон нийттэй харилцдаг мэргэжилтнүүдийг мэргэшүүлэхэд илүү анхаарч байна. Урлагийн сэтгэл заслыг хөгжүүлэхийн тулд бодлогын түвшинд болон доод нэгжээсээ зэрэг ажиллах ёстой гэж боддог. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам манай холбоотой 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд үндэсний хэмжээнд гэр бүл, хүүхэдтэй ажиллаж байгаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн цагдаа, эмч нарыг чадавхжуулах сургалтыг илүү их хийж байна. Ингэхдээ олон улсад хэрэглэж байгаа арга, туршлагаас судалснаасаа тэдэнтэй хуваалцдаг юм. Бид хамгийн сүүлд цар тахлын улмаас хөл хорионд байгаа хүмүүст чиглэсэн контент боловсруулсан. Хэдийгээр 2017 оноос хойш цөөн  мэргэжилтэнтэй ажиллаж байгаа ч 2500 гаруй хүнд зориулан сургалт хийгээд байна.

 

-Гаднаас арт терапийн мэргэжилтэн авчирч хамтран ажилладаг уу?

 

-Хүүхэд хамгааллын “Түр хамгаалах байр” гэж байдаг. Энд маш их шоктой хүүхдүүд ирдэг. Тэр хүүхдүүдтэй ажиллуулахаар Австралиас арт терапист урьж байсан. ДЭМБ-аас үе тэнгийнхний дарамт  шахалттай холбоотойгоор өсвөр насныхны дунд амиа хорлох оролдлого нэмэгдэж байгааг мэдэгдэж, үүнд чиглэж ажиллахыг сануулсан. Бид энэ хүрээнд ажил эхлүүлсэн боловч цар тахлын улмаас түр зогсоогоод байна.

 

-Бусад улсын иргэдтэй харьцуулахад монгол хүн аливаа асуудал үүсэхэд сэтгэл зүйчид хандах нь ховор. Магадгүй тийм учраас сүүлийн үед нийтээрээ стресстэй байх нь элбэгшсэн байх.Танай байгууллагаас энэ чиглэлээр хийсэн судалгаа бий юү?

 

-Одоогоор судалгаа хийгээгүй байна. Мэргэшсэн байгууллагууд нь энэ чиглэлээр судалгаа хийсэн байх. Бид арт терапийг хүмүүст зөвөөр ойлгуулах, таниулах чиглэлд түлхүү ажиллаж байна. Тэгэхгүй бол эхнээс нь арт терапийг зураг зуруулаад оношилдог гээд ойлгочихвол олон улсын практикаас зөрж, чиглэсэн хүндээ хүрэхгүй байх эрсдэлтэй.

 

-Арт терапистууд хавдартай хүмүүстэй ажилласнаар тэдний сөрөг бодлыг өөрчилж, илүү тайван болгож байгааг зарим жишээнээс харсан. Энэ туршлагыг Монголд мөн хэрэгжүүлдэг үү?

 

-Өвчинтэй хүмүүсийн онцлог гэж бий. Ер нь арт терапистууд онцлогийг харгалзан үзэж хөтөлбөрөө боловсруулдаг. Жишээлбэл, олон улсын хэмжээнд хавдартай хүмүүсийг сургалтад хэзээ ч гурван цаг суулгадаггүй. Дээд тал нь нэг цаг суулгадаг. Дээрээс нь хэт олон биш, 4-5 хүнийг л сургалтдаа хамруулдаг. Тэр хүмүүст стресс маш их бий. Тийм байдлаас гаргахын тулд анхаарлыг нь одоо цагт төвлөрүүлэх хэрэгтэй. Тэглээ гээд дандаа зураг зуруулаад байж болохгүй. Энэ нь нэг талаараа эргээд нөгөө хүнээ стрессдүүлдэг. Хэт эрээн мяраан зүйл зуруулаад суулгавал тэр хүнийг шийтгэж байгаатай адил юм. Тиймээс арт терапист эхлээд тухайн хүнээ сайн судлах хэрэггэй болдог.

 

-Арт терапист өвчинтэй хүмүүстэй ажиллахдаа ямар зүйлийгхамгийн түрүүнд ойлгуулахыг хичээдэг вэ?

 

-Бахархмаар зүйлийг нь сануулна. Мөн өнгөрсөн хугацаанд сайн сайхан маш олон зүйл хийсэн. Тэр нь үр хүүхэд эсвэл баг хамт олонд нь шингэсэн байгаа. Ийм сайхан зүйл үлдээж байгаа учраас одоо тайван, аз жаргалтай байх ёстой гэдгийг ойлгуулж, мэдрүүлэх ёстой. Өөрийнх нь хяналтаас хэт давсан зүйлд стрессдэх хэрэггүй гэсэн хандлагыг техникээрээ тухайн хүнд ойлгуулах ёстой юм.

 

-Өвчтөнөөс гадна түүнийг асран хамгаалж байгаа хүмүүс ч их стресстдэг. Тэдэнд мөн та бүхний туслалцаа хэрэг болдог байх?

 

-Тийм шүү. Өвчинтэй хүмүүсийн гэр бүлийнхэн нь маш их стресстэй байдаг. Зарим тохиолдолд гэрийн нэг хүн нь ажлаасаа татгалзаад харж, хандах шаардлага үүсдэг. Тиймээс энэ хүмүүстэй ажиллах нь зайлшгүй хэрэгтэй.

 

-Нөгөө талаас өөрт  ямар мэдрэмж төрж байгаагаа чөлөөтэй  илэрхийлж чаддаггүй бүлэг бол хүүхэд, өсвөр насныхан. Хүүхдийг хаа хамаагүй зураг зурахаар “Цаас, харандаа гарзадлаа” гэж зарим эцэг, эх зэмлэдэг. Гэтэл хүүхдийн хувьд энэ нь өөрийнхөө сэтгэл зүйг илэрхийлэх арга болдог болов уу?

 

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдардаг. Мөн нойр хоолоо хугаслаад ажиллаж байгаа. Гэтэл тэдний бодол үйлдэл зөрөөд байдаг. Үр хүүхдээ сайхан харилцаатай болгон төлөвшүүлэхийг хүсэж байгаа мөртлөө болох, болохгүй үг хэлчихдэг. Анхаарууштай нь, хүүхдүүд яг тэр үгийг л сурч хоцордог. Эцэг эхийнхээ хэлснээр нь өөрийгөө төсөөлөн боддог. Тиймээс хүүхдээ ямар нэг алдаа гаргахад нь айлгаж цочоохгүйгээр болохгүй зүйл хийснийг нь ойлгуулах ёстой. Жишээлбэл, дүрсгүйтэж яваад аягаа хагалчихвал муу үг чулуудаж, хашхирч зандарч болохгүй. Аяга чухал биш. Харин дараа дахиж аяга хагалуулахгүйн тулд зөв аргыг нь зааж өгөх хэрэгтэй. Эсвэл асгасан зүйлийг нь хамтдаа цэвэрлэхдээ болохгүй зүйл хийснийг нь ухааруулж, ойлгуулах ёстой юм. Хамгийн гол нь хүүхэд тайван байхдаа их зүйл сурч авдгийг мартаж болохгүй.

 

-Монголын арт терапистуудын хийхээр төлөвлөж буй ажпын талаар тодруулж ярилцлагаа өндөрлөе.

 

-Бид 2018-2019 онд янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулсан. 2020 онд гэр бүлийн гишүүдийг хамтад нь арт терапистуудтай ажиллуулах сонирхолтой байна. Дээр нь үе тэнгийнхний дарамтад өртөж амиа хорлох эрсдэлтэй хүүхдүүдтэй ажиллахаар төлөвлөж байгаа.

 

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)