Коронавирусийн амин газар буюу цаг хугацаатай өрсөлдсөн эрдэмтэд

3 дугаар сарын 16 (COVID-19-өөр өвчлөгсдийн тоо 167,515 болов)

“Вирусийн янз бүрийн уургийн гурван хэмжээст бүтцийг тодорхойлсноор л бүх юм бүтчихгүй. Харин тэр тодорхойлсон бүтэцдээ үндэслээд вирусийн үржлийг зогсоох эм бэлдмэл, халдвараас нь урьдчилан сэргийлэх вакциныг бүтээх ёстой” хэмээн Техасын Их Сургуулийн Молекулын биологийн лабораторийн эрхлэгч Жайсон Маклеллан хэлж байсан юм. Тийм ч учраас, эрдэмтэд COVID-19-ийг үүсгэсэн шинэ коронавирус (SARS-CoV-2)-ийн хамгийн гол хэдэн уургийн бүтцийг тодорхойлсныхоо дараа, шууд л энэ өвчнийг эмчлэх эм бэлдмэл, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин бүтээх ажилдаа оржээ.

Үнэндээ, COVID-19-ийг үүсгэсэн вирусийн геном сэтгүүлд нийтлэгдсэн өдрөөс хойш яг 65 хоногийн дараа Moderna Therapeutics биотехнологийн компани энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн анхны вакциныг АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн санхүүжилтээр үйлдвэрлэн, эмнэлзүйн туршилтад шилжүүлсэн билээ. Коронавирусийн төрөлд багтдаг бөгөөд SARS, MERS зэрэг халдварт өвчнийг үүсгэсэн вирусүүдийн судалгаа урьд нь хийгдсэн байсан нь COVID-19-ээс урьдчилан сэргийлэх вакциныг туйлын шуурхай үйлдвэрлэн гаргахад тус болсон байна. Бетезда хотын Халдварт Өвчний Вакцины Эрдэм Шинжилгээний Төвийн вирус судлалч Барний Грэм энэ талаар тайлбарлан ярихдаа: “Moderna Therapeutics биотехнологийн компани вакцинаа бусад төрлийн вакцинаас  хурдан үйлдвэрлэсэн төдийгүй анагаах ухааны түүхэнд хамгийн богино хугацаанд бүтээгдсэн вакцин байгаа юм. Харин энэ вакциныг үйлдвэрлэхэд ашигласан вирус нь коронавирус биш, буньявирус ч юм уу, аль эсвэл аренавирус байсан бол хоёроос гурван жил чармайж байж л бид вакцин гаргаж авах байсан байх шүү” гэсэн юм.

Гэвч вакциныг хичнээн хурдан, түрүү түрүүчийнхээ “рекорд” амжилтыг эвдэн үйлдвэрлэлээ ч гэсэн шинэ вакциныг практикт хэрэглэх зөвшөөрөл авахын тулд заримдаа шинэ эмийн зөвшөөрөл авахаас ч урт удаан цаг хугацаа зарцуулдаг ажээ. Тэр ч байтугай, шинэ вакциныг тарьж турших хүмүүсийг олж хамруулахад ч бэрхшээл учирдаг байна. Халдварт Өвчний Бүтцийн Геномикийн Төв (ХӨБГТ)-ийн дэд захирал Карла Сачелл COVID-19-ээс урьдчилан сэргийлэх шинэ вакцины эмнэл зүйн туршилтыг хэрхэн хийх талаар ярихдаа: “Өнөөдөр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүст туслахын тулд, бид шинэ вакциныхаа туршилтыг хамгийн хурдан аргаар л хийнэ” хэмээн амалсан билээ.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Exscientia хэмээх, зохиомол оюун ухаан ашиглан эм үйлдвэрлэдэг компани ч ялгаагүй COVID-19-ийг эмчлэх эмийг үйлдвэрлэж, эмнэл зүйнх нь туршилтыг тун шуурхай хийхээр төлөвлөж байгаагаа тус компанийн гүйцэтгэх захирал Эндрю Хопкинс бидэнд танилцуулж байсан юм. Энэ компани SARS-CoV-2-ын үндсэн протеаза (Mpro) фермент, сэртэнгийн уураг, хоёр дахь протеаза фермент, репликацийн комплекс зэрэг дөрвөн уургийн бүтцэд тулгуурлан эм бүтээхээр шамдаж буй бөгөөд тэдгээр уургийн бүтцийг тус компанитай нягт хамтран ажилладаг өөрийнх нь улсын Даймонд хэмээх байгууллагын эрдэмтэд тодорхойлжээ. АНУ-ын Калифорни мужийн Ла-Хойяа хот дахь Скриппсийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдэмтэд Exscientia компанийн үйлдвэрлэлд ашиглах 1200 бэлдмэлийг бүтээж, хүний биед аюулгүй эмийн найрлагад шууд ашиглаж болохыг нь судлан тогтоогоод, хуурай мөстэй хөөсөнцөр хайрцганд хийн илгээснийг энэ оны 3 сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирал Эндрю Хопкинс хүлээн аваад байсан юм. Энэ компани одоогийн байдлаар, коронавирусийн үндсэн протеаза фермент, сэртэнгийн уураг хоёртой холбогдон саармагжуулах эмийг үйлдвэрлэж, эмнэл зүйн туршилтад шилжүүлэхэд бэлэн болгоод байна.

БНХАУ-ын Шанхай хотын Технологийн их сургуулийн эрдэмтэн Зихе Рао, Хайтао Янг нарын удирдсан судалгааны багийнхан ч ялгаагүй SARS-CoV-2-ын үндсэн протеаза (Mpro) ферментийн идэвхийг саармагжуулж чадах молекулыг олохын тулд, янз бүрийн өвчтэй хүмүүсийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн эм болоод одоо эмнэлзүйн туршилт хийж байгаа эмүүдийн найрлагад орсон 10,000 гаруй бэлдмэлийн найрлага бүтцийг хамгийн хүчирхэг компьютерийн программ ашиглан судалж үзжээ. Тэгээд тэд коронавирусийн үндсэн протеаза ферментийн идэвхийг саармагжуулах эмийн найрлагад ашиглаж болохуйц зургаан бэлдмэлийг олж тогтоосны нэг нь эбселен юм. Сэтгэл мэдрэлийн хоёр туйлт эмгэг, дүлийрэл зэрэг өвчний эмчилгээнд аль хэзээний туршин хэрэглэж байгаа эбселенийг одоо коронавирусээр халдварлуусан амьтанд турших гэж байгаагаа Хайтао Янг бидэнд ярьсан билээ. Мөн түүнчлэн, Шанхай хотын Технологийн их сургуулийн эрдэмтэд коронавирусийн репликацийн комплекс хэмээн нэрлэдэг нэгэн том уургийн бүтцийг нарийвчлан судлан тогтоогоод, судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнг энэ оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Science сэтгүүлд нийтлүүлсэн юм. Коронавирусийн репликацийн комплекс гэдэг бол, энэ вирусийн бүтцэд ордоггүй гурван уургийн, тухайлбал, РНХ-ээс РНХ нийлэгжүүлэгч полимераза (РРНП), nsp7, nsp8 гурвын нэгдэл билээ (nsp гэдэг нь, nonstructural protein буюу бүтцийн бус уураг гэсэн үгийн товчлол болно–Э.П). Эбола өвчнийг эмчлэхэд зориулан анх үйлдвэрлэсэн ремдесивир гэдэг эм, энэ гурван уурагтай холбогдож коронавирусийн үржлийг зогсоодог нь батлагдсан тул, эрдэмтэд энэ эмийг COVID-19-ийн эмчилгээнд туршин хэрэглэж эхэлсэн юм. Ремдисивирийн эмнэлзүйн туршилтын эхний хоёр шат хэдийнэ дуусаад, одоо гуравдугаар шатных нь туршилт хийгдэж байна. Хятадын эрдэмтэд, ремдесивир коронавирусийн репликацийн комплекстой холбогдсон бүтцийг саяхан тодорхойлж дууссан бөгөөд тэдний энэ шинэ судалгааны үр дүн дүгнэлтэд үндэслэн, вирусийн эсрэг хэрэглэсээр ирсэн эмүүдийн бүтэц загварыг өөрчлөн шинэ эм бүтээх боломж нээгдэх нь дамжиггүй.

4 дүгээр сарын 22 (COVID-19-өөр өвчлөгсдийн тоо 2,471,136 болов)

COVID-19-ийг үүсгэсэн шинэ коронавирусийн уургийн нийлэгжилтийг зогсоох эмийг биохимийн уламжлалт аргуудаар үйлдвэрлэвэл, наанадаж, хэдэн сарын, цаанадаж, хэдийн жилийн хугацаа шаардагдах боловч энэ аюултай өвчнийг эмчилж чадах сайн эмийг зохион бүтээж болох нь болно (“Коронавирусийн үржлийг зогсоох механизм” гэдэг зургийг үзнэ үү).

БНХАУ-ын Шанхай хотын Технологийн их сургуулийн эрдэмтэд болоод тэдэндтэй хамтран ажилладаг судлаачид, коронавирусийн үндсэн протеаза (Mpro) ферментийн идэвхтэй төвд холбогдон идэвхийг нь саармагжуулж чадах янз бүрийн молекул, бэлдмэлийг зохион бүтээж, нийлэгжүүлэн гарган авчээ. Эсийн өсгөвөрт коронавирусийн үржил (репликци)-ийг зогсоодог төдийгүй харх нохой зэрэг туршилтын амьтанд ямар ч хортой нөлөө үзүүлдэггүй нь батлагдсан нэг бэлдмэлийнхээ химийн бүтцийг нарийвчлан тогтоосон судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнг тэд энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мөн л Science сэтгүүлд нийтлүүлсэн юм. Энэ бүтээлийн нэг зохиогч Хайтао Янгийн хэлснээр бол, тэд коронавирусийн халдварын эмчилгээнд хэрэглэх эм бэлдмэлүүдийг цаашид ч зохион бүтээх гэнэ.

 Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Даймонд хэмээх байгууллагын эрдэмтэд бас коронавирусийн үндсэн протеаза (Mpro) ферментийн идэвхтэй төвд холбогддог мөртөө ердийн эмийн гуравны нэгээс ч жижигхэн 91 төрлийн молекулын бүтцийг тодорхойлсон нь, COVID Moonshot гэдэг нэртэй, ашиг орлого хөөцөлдөөгүй нэгэн төслийг хэрэгжүүлэх санаачлагыг өрнүүлэхэд хүргэжээ. Английн эрдэмтдийн бүтээсэн молекулуудыг ашиглан вирусийн эсрэг эм бүтээх үйлсэд оролцохыг дэлхийн химичдэд уриалсан тэр санаачлагын дагуу 4600 гаруй эмийн загвар эрдэмтэдээс ирсний, зарим нь, шууд эм болгон үйлдвэрлэж эмчилгээнд хэрэглэх боломжтой загвар байсан байна. COVID Moonshot хэмээх төслийг хэрэгжүүлэхэд оролцсон эрдэмтэд цалин хөлс авалгүй онлайн ажилладаг ажээ.

ХБНГУ-ын Любекийн Их Сургуулийн профессор Рольф Хилгенфельдийн удирдсан судалгааны багийнхны бүтээсэн нөгөө 13b гэдэг ингибиторийг ч зарим эрдэмтэн SARS-CoV-2-оор халдварлуулсан хулганад туршиж үзжээ. ХБНГУ-ын Брауншвайг хот дахь Хельмхольцийн нэрэмжит Халдварт өвчин судлалын төвийн эрдэмтэн Катарина Рокс энэ туршилтыг хийсэн бөгөөд SARS-CoV-2-ын халдварт хамгийн их өртдөг уушгинд 13b ингибитор маш сайн хуримтлагддагийг нь батласан байна. Түүнчлэн, Техасын Их Сургуулийн Молекулын биологийн лабораторийн эрхлэгч Жайсон Маклелланы удирдсан судалгааны багийнхан ч бас нэгэн бэлдмэлийг бүтээн, түүнийгээ compound77 гэж нэрлэсэн бөгөөд энэ бэлдмэл SARS-CoV-2-ын үржлийг эсийн өсгөвөрт зогсоож чадаж байжээ. Гэхдээ энэ судалгааныхаа үр дүнг хараахан хэвлэгдээгүй байгаа юм. Маклеллан тэргүүтэй эрдэмтэд энэ зуны эцэс гэхэд туршилтаа бүрэн дуусгахаар шамдан ажиллаж байна.

5 дугаар сарын 14 (COVID-19-өөр өвчлөгсдийн тоо 4,248,389 болов)

Коронавирусийн зарим уургийн бүтцийг тодорхойлж дууссан бүтцийн биологич эрдэмтэд бэрхшээлээс үл шантран бусад нууцлаг уургийнх нь бүтцийг ч тодорхойлохоор шамдан ажилласаар байгаа юм. Тэдгээр нууцлаг уургийн нэг нь ORF8 генийн нийлэгжүүлдэг уураг. Чухам ямар үүрэг гүйцэтгэдэг нь оньсого шиг хэвээрээ байгаа энэ уургийн бүтцийг тодорхойлохоор ажиллаж байгаа Адам Годзик хэлэхдээ: “Бид энэ уургийг талсжуулж гарган авах боломжтой л гэж бодоод байгаа юм. Гэхдээ энэ уургийг талсжуулаад гаргаад авчихсан хүн ч алга. Бид л одоо оролдож байна” гэсэн юм. Адам Годзик бол, АНУ-ын Калифорни мужийн Риверсайд хот хот дахь Калифорнийн Их Сургуулийн био-информатикийн мэргэжилтэн бөгөөд Халдварт Өвчний Бүтцийн Геномикийн Төвийн судлаач эрдэмтэн билээ.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Даймонд хэмээх байгууллагын эрдэмтэд одоо коронавирусийн хоёр дахь протеаза ферментийн идэвхтэй төвд холбогдож чадахуйц ингибиторыг олохоор янз бүрийн бэлдмэлийг харьцуулан судалж байгаа бол Техасын Их Сургуулийн Молекулын биологийн лабораторийн эрхлэгч Жайсон Маклеллан өөрсдийнхөө зохион бүтээсэн, коронавирусийн сэртэнгийн уургийг нийлэгжүүлэгч генийн угсрааг дэлхийн 100 гаруй лабораторид  илгээгээд байгаа ажээ. Маклелланы илгээсэн генийн угсрааг хүлээж авсан лабораториудын дийлэнх нь, коронавирусийн сэртэнгийн уургийг ашиглан, COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн ийлдсээс янз бүрийн эсрэгбиес ялгаж, эмчилгээнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой эсрэгбиеийг сонгохоор ажиллаж байгаа юм. Харин Жайсон Маклелланы удирдсан судалгааны багийнхан, COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд тохирмоор нэг төрлийн эсрэгбиеийг хамгийн анх судлан тодорхойлоод байна.

Уг нь,  ХБНГУ-ын тэтгэврийн хуулийн дагуу гавьяаныхаа амралтанд гарахаар зэхэж байснаа ажлын шаардлагаар больсон профессор Рольф Хилгенфельд ч судалгааныхаа ажлыг үргэлжлүүлсэн хэвээр байна. Тэр эрдэмтэн бидэнд ярихдаа: “Намайг хорин жил коронавирус судалж ирэх хугацаанд энэ вирусийг ч хүмүүс тоодоггүй, энэ вирусээр үүсгэгдсэн халдваруудыг ч хүмүүс тоодоггүй байсан юм. Гэтэл одоо ийм айхавтар халдварт өвчин гараад байхад би яаж ажлаа орхиод явах вэ дээ?!” гэсэн юм. Профессор Хилгенфельдийн удирдсан судалгааны багийнхан одоо SARS-CoV-2-ын хэд хэдэн уургийн бүтцийг судалж байгаагийн нэг нь  nsp3 гэдэг уураг юм. Энэ уураг бол коронавирусийн нийлэгжүүлдэг нэг томоохон уураг бөгөөд дархлалын эсүүдийн үйл ажиллагааг дарангуйлдаг айхавтар уураг билээ.

Коронавирусийн амин газар буюу цаг хугацаатай өрсөлдсөн эрдэмтэд (3)

Ийнхүү, эрдэмтэд цаг хугацаатай уралдан SARS-CoV-2-ын уургуудын бүтцийг судлан тодорхойлсоор байгаа ч энэ вирусээр үүсгэгдсэн цар тахал мөддөө зогсох шинж алга. Энэ аюултай цар тахлын тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхий дахинд тогтоосон хөл хориогоо улс орнууд цуцлаад эхлэх үед SARS-CoV-2-ын халдвар дахиад тархах эрсдэл байсаар байна. Халдварт Өвчний Бүтцийн Геномикийн Төвийн дэд захирал Карла Сачелл энэ талаар тодруулан тайлбарлахдаа: “Хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарласан хөл хориог цуцлангуут л энэ аюултай цар тахал дахиад дэлхийг хамран тархана шүү. SARS-CoV-2-ын халдварыг эмчлэхийн тулд одоо эрдэмтдийн зохион бүтээгээд байгаа сайн эмүүд тэр үед л жинхэнэ ач тусаа үзүүлнэ. Тийм учраас, бид яарах хэрэгтэй байгаа юм” гэсэн билээ.

Англи хэлнээс орчуулсан анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа (drpurev@gmail.com) 

Эх сурвалж: Megan Scudellary. The sprint to solve coronavirus protein structures – and disarm them with drugs. https://www.nature.com/articles/d41586-020-01444-z

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай