Г.Батзориг: Нүүрсний үнэ урт хугацаандаа буурах ч ойрын үед тогтвортой байх магадлалтай

Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал болон экспортын голлох бүтээгдэхүүний талаар эдийн засагч Г.БАТЗОРИГТОЙ ярилцлаа.

-Дэлхий дахиныг хамарсан “COVID-19” вирусийн халдвартай холбогдуулан хил, гаалийг хаасан нь экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд багагүй сөрөг нөлөө болж байх шиг байна. Гэхдээ ямартай ч нүүрсний экспорт өдөр хоногоор нэмэгдэж байгаа. Энэ талаар та тодорхой тоон мэдээлэл өгнө үү?

 

-Эхний улиралд хилийн хорио цээрийн дэглэмтэй холбогдоод нүүрсний экспорт эрс багассан. 4-5 дугаар сард нүүрсний экспорт 40 хувиар татарч байгаа ч өмнөх саруудтай харьцуулахад арай дээрдэж байна. Хэвийн үед 1500 машин хилээр гардаг байсан бол одоо 1000 орчим хүнд даацын машинаар нүүрсээ тээвэрлэж, хилээр гарч ордог болсон. Энэ нь нүүрсний экспорт тогтворжих хандлагатай болж байна гэсэн үг. Өмнөх онуудад эхний дөрвөн сард 10-11 мянган тонн нүүрс экспортолдог байсан бол одоо 5.2 мянга орчим тонныг л гаргаж байна.Үнийн дүнгээр бодвол Австралийн нүүрсний үнэ хоёр дахин уначихсан байхад манайх тогтвортой байгаа. Энэ нь нүүрсний экспортын манай талын үнэ ханшийг хагас жил, зарим тохиолдолд бүтэн жилээр тогтоож, харилцан тохиролцчихсон байдагтай холбоотой юм.

 

Нүүрсний экспортын цаашдын ирээдүй ямар дүр зурагтай харагдаж байна вэ?

 

-Одоо Хятадын эдийн засаг өөрийн потенциалын 80-90 хувийг хөдөлгөж эхэлсэн гэж Блүүмбергийн шинжээчид үзэж байна. Энэ нь Хятадын хойд нутгийн гангийн үйлдвэр сэргэж байгаа хэрэг. Тэд 1-2 сарын хэрэгцээний нүүрсээ нөөцөлсөн байх учиртай. Одоо тэдний нөөц коронавирустэй холбоотойгоор шавхагдаад дууссан байна. Ялангуяа Австралиас авдаг илчлэг муутай нүүрсийг манайхаас импортолдог илчлэг өндөртэй нүүрстэй хольж хэрэглэдэг гангийн үйлдвэрүүдийн нөөц дууссан байгаа нь бидэнд боломж болж харагдаж байна. Тийм болохоор тэд наад зах нь зургаан сарын нөөцтэй болохын төлөө ажиллах нь манай нүүрсний экспорт нэмэгдэх замыг илүү нээх болов уу. Тэгээд ч коронавирусийн хоёр дахь давлагаа Хятадад ажиглагдаж байгаа нь нөөцлөх тактикт шилжүүлэх байх гэж харж байна.

 

Ер нь дэлхий дахин ногоон эдийн засагт шилжиж буйтай холбогдоод нүүрсний үнэ урт хугацаандаа буурах магадлалтай ч ойрын жилүүдэд нүүрсний үнэ болон нийлүүлэлт тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. Тэгээд ч энэ оны төгсгөлд манай нүүрсний экспорт нэмэгдэх байх.

 

 

-Энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, тэр хэрээр улсын төсвийн бүрдүүлэлтэд томоохон хувь нэмэр оруулна гэж тооцсон байгаа. Ийм боломж олдох болов уу?

 

-Голлох экспортын бүтээгдэхүүн гэдэг утгаараа иймэрхүү том тоо тавьдаг ч дээд тал нь 36 сая тонн нүүрс экспортолсон байдаг. Энэ онд гаалийн шинэчлэл буюу Замын-Үүд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг хоёр дахин, Гашуунсухайт дээр дөрөв дахин нэмэгдүүлэх шинэчлэлийн ажил хийж байгаатай уялдуулсан тоо байх л даа. Гэтэл коронавирусийн халдвартай холбогдон энэ ажил зогсонги байдалд орсон. Тийм учраас энэ жилийн хувьд дээрх хүлээлтэд хүрч амжихгүй л болов уу.

 

-Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг зэс, зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнэ тийм ч сайнгүй байна. Энэ нь төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх бол?

 

-Нүүрс болон зэс нь экспортын нийт бүтээгдэхүүний 70 хувийг бүрдүүлдэг. Нүүрсний борлуулалтаас 1.2 их наяд орчим, зэсийн экспортоос нэг их наяд гаруй төгрөгийн бүрдүүлэлт хийхээр төлөвлөсөн. Оны эхний дөрвөн сард төсвийн бүрдүүлэлт 300-400 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаагийн ихэнх нь уул уурхайгаас оруулахаар төлөвлөсөн мөнгө байгаа юм. Зэсийн үнийн хувьд нүүрснээс арай өөр, ялгаатай л даа. Тонн нь 6000 ам.доллар байсан зэсийн үнэ 5000 руу буусан ч одоо харьцангуй өсөж, 500 ам.доллараар нэмэгдсэн байгаа. Манай “Оюутолгой”-гоос гарч байгаа зэсийн баяжмалыг хоёр тонноор савлаад хилээр гаргахад Хятадын импортлогчид хүлээж авахдаа тухайн өдрийн дэлхийн зах зээлийн ханшаар боддог. Үүнийг дагаад зэсийн баяжмалын үнэ хөдөлгөөн ихтэй байдаг. Дээр нь “Оюутолгой” компани ил уурхайгаасаа олборлолт хийж байгаа учраас зэсийн агууламж харилцан адилгүй байдаг гээд олон асуудал байна. Тухайлбал, зэсийн баяжмал дахь алтны агууламж энэ онд харьцангуй бага байгаа бол ирэх жилүүдэд нэмэгдэх магадлалтай гэж үздэг. “TRQ” гэж Оюутолгойн тэргүүлэх компанийн нэгдүгээр улирлын тайлангаас харахад борлуулалтын орлого нь 40 гаруй хувиар унасан байдалтай байгаа нь зэсийн агууламжтай холбоотой байна. Түүнээс биш экспортын хэмжээ зэсийн баяжмалын хувьд багасаагүй. Товчхондоо, нүүрсний хувьд экспортын хэмжээн ,зэсийн баяжмалын тухайд үнэ ханшийн нөлөөлөл байна гэж хэлж болохоор байгаа юм. Цаашдаа зэсийн үнэ урт, богино аль ч хугацаанд өсөх магадлалтай. Гэхдээ үүнд гадаад орчин, нөхцөл буюу Хятадын эдийн засаг сэргэж эхэлсэн нь таатай мэдээлэл боловч Хятад, АНУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа таагүй болж байгаа нь сөрөг нөлөө болохыг үгүйсгэх аргагүй юм.

 

-Өөр нэг гол асуудал нь дотоодын валютын нөөц бүрдүүлэлт байх шиг. Хил, гаалиа хаасантай холбогдон алт тушаалт нэмэгдэж, энэ хэрээр валютын нөөц овоо нэмэгдэж байгаа юм биш үү?

 

-УИХ-ын сонгуультай уялдан санал хураалтаас нааш, цааш гурван сарын хугацааны валютын нөөцийн судалгааг хийж үзсэн. Судалгаанаас харахад УИХ-ын сонгууль болохтой холбогдон валютын ханш өсдөг гэх таамаглал нь бодитой биш юм билээ. 2004, 2008, 2012 оны УИХ-ын сонгууль болох үед эдийн засгийн суурь нөхцөл харьцангуй сайн байжээ. 2016 онд энэ суурь нөхцөл маш муу байсныг та бүхэн санаж байгаа байх. Валютын нөөц хомс, эдийн засаг уналттай хэцүү үе байлаа. Эндээс харахад, эдийн засаг хүнд байх цагт сонгууль давхацвал энэ үед ханшийг барих шаардлагатай болно. 2012 онд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтаар хахаж, цацаж байсан үе. “Оюуголгой” ашиглалтад орж, толгойтой болгон л бизнес хийх гэж оролдож байлаа. Ийм цаг үед сонгууль болсон ч валютын ханш хөдлөөгүй. Гэтэл 2016 онд гарсан валютын ханшийн огцом өсөлт иргэдийн тархи толгойноос гарахгүй байгаа бололтой. Үүнийгээ УИХ-ын сонгуультай холбож, уяж ойлгоод байх шиг байна. Тухайн үед төлбөрийн тэнцэл хасах дүнтэй, валютын нөөц дуусчихсан, үндсэндээ эдийн засгийн суурь нөхцөл маш муу байсан болохоор ханш өсөх үзүүлэлттэй л байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй сайн байна.

 

 

 

Монголбанк дахь валютын нөөц 4.2 тэрбум байсан бол энэ жилийн валютын хамгийн том урсгал буюу Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын төлбөрийг хийснээр багахан дундарсан. Дээр нь Хятадын Ардын банктай хийсэн 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлийн төлбөрийг гурван жилээр хойшлуулахаар болсон байна. Тиймээс валютын ханш савлах гадаад, дотоод нөхцөл байхгүй гэж ойлгож болно.

“Хар зах” дээр валютын ханш бага багаар өсеж, 2800-гаас давсан нь сонгуультай холбогдон валют үнэд ордог гэсэн иргэд, худалдан авагчдын хүлээлттэй л холбоотой байх. Одоогоор төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байгаа ч энэ нь ханш хөдлөх суурь нөхцөл яавч биш. Тэгээд ч валютын ханшийн өөрчлөлт тодорхой, 2-3 сарын дараа бодит байдал руугаа дөхдөг жамтай. Тэгэхээр ханш удахгүй буурна гэж харж байна. Ирэх онд 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт байгаа. 2022 оноос нэг тэрбум ам.долларын эргэн төлөлт хийж эхлэх үед жинхэнэ асуудал үүснэ. Эдийн засгийн потенциал ч коронавирустэй холбоотойгоор саарах хандлагатай байгаа учраас дараагийн Засгийн газар үүнийг хойшлуулах ч юм уу, ер нь л идэвхтэй ажиллах шаардлага тулгарах болов уу.

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.46.182)

    2020-06-17

    дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байна.