Бразил Улс шүгэл үлээгчийн тогтолцоог сайжруулж байна

Авлигын хэрэг нь ихэвчлэн нууц хэлбэрээр, оролцогчдыг олж тогтооход төвөгтэй байдлаар явагддаг тул авлигыг үр дүнтэй шийдвэрлэхэд ихэвчлэн мэдээллийн эх сурвалжид ойр этгээдээс нотлох баримт олж авах шаардлагатай байдаг. Тиймээс шүгэл үлээгчдийг зохих журмын дагуу хамгаалах, урамшуулал өгөх нь нэн чухал юм. Бразил Улсад бусад олон улсын адилаар шүгэл үлээгчтэй холбоотой соёл, уламжлал байдаггүй бөгөөд авлигын талаар нотлох баримтаар хангасан хүнийг хамгаалах, урамшуулах хууль эрх зүйн тогтолцоог илүү боловсронгуй болгох нь чухал юм. Сүүлийн хэдэн жилд Бразил Улс энэ чиглэлээр чухал ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч хийх зүйл их байна.

Хоёр жилийн өмнөөс эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өгсөн хүмүүсийг тодорхой хууль тогтоомжийн дагуу урамшуулах практикийг нэвтрүүлсэн. Энэ хууль тогтоомжоор Бразилийн муж улсуудад хууль бус үйлдлийн талаар мэдээлэх утасны шугам бий болгохоос гадна засгийн газрын бүх түвшинд гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, шийдвэрлэх явцад мэдээлэл өгсөн хүмүүст урамшуулал олгохыг зөвшөөрөв. Тус хууль тогтоомж нь сайн алхам болсон хэдий ч тодорхойгүй, дутуу үлдсэн зүйлүүд байсан юм.

Өнгөрсөн оны сүүлчээр Бразил Улс гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг баталсантай холбогдуулан шүгэл үлээгчийн хуулиа шинэчлэх чиглэлээр бас нэгэн чухал алхам хийсэн. Энэ хуульд үндэсний болон муж улсын засаг захиргаа, тэдгээрийн агентлаг, компаниудын төрийн захиргааны эсрэг гэмт хэрэг, зөрчил, олон нийтийн эрх ашиг, сонирхолд харшлах аливаа үйл ажиллагааг мэдээлэх боломжийг хангах үүднээс гомдлыг шийдвэрлэх албыг байгуулахыг шаардсан. Энэ хуульд шүгэл үлээгчийг (санаатайгаар болон худал мэдээлэл өгснөөс бусад тохиолдолд) эрүүгийн болон иргэний хэргийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар тусгасан.

Тус хуульд шүгэл үлээгчдэд санхүүгийн шагнал олгох талаар тодорхой заалтуудыг оруулсан бөгөөд төрийн захиргааны эсрэг авлигын гэмт хэргээс олсон орлогын талаар мэдээлэл өгсөн хүнд тухайн гэмт хэргээс хураан авсан хөрөнгийн 5-аас доошгүй хувийн санхүүгийн урамшуулал олгохоор заасан.

Энэхүү ахиц дэвшил гарч байгаа хэдий ч Бразилд шүгэл үлээгчийн талаарх хууль эрх зүйн орчин дутагдалтай хэвээр байгаа бөгөөд цаашид сайжруулах шаардлагатай байна.

Нэгдүгээрт. Шүгэл үлээгчийн нэрээ нууцлах асуудал хангалттай тодорхой болоогүй хэвээр байна. Одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид шүгэл үлээгчид өөрсдийн хувийн мэдээллийг хамгаалах эрхтэй гэж заасан байдаг боловч шинэ хуульд шүгэл үлээгчид өөрсдийн хувийн мэдээллийг өгөхийг шаардаж байна. Шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг тодруулах нь олон нийтийн эрх ашиг, сонирхолд нийцсэн эсвэл мөрдөн байцаалтын явцад тодорхой ашиг тустай юу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Мөн шүгэл үлээгч нэрээ нууцлахыг хүссэн тохиолдолд дараагийн мөрдөн байцаах ажиллагааг зогсоох эсэх, шүгэл үлээгчийн хэн болохыг үнэхээр нууцалж чадах эсэх нь тодорхой бус хэвээр байна.

Хоёрдугаарт. Шүгэл үлээгчдэд санал болгосон санхүүгийн урамшуулал хэтэрхий бага бөгөөд хэтэрхий эргэлзээтэй байна. 2019 оны хуульд урамшууллыг шүгэл үлээгчийн өгсөн мэдээллээс олсон орлогын 5 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарласан. Энэ хувь хэмжээ нь 20% эсвэл 30%-иас их байх хэрэгтэй бөгөөд зөвхөн нөхөн төлсөн орлогод биш ногдуулсан торгуулийн мөнгийг оруулан тооцох шаардлагатай.

Эх сурвалж: globalanticorruptionblog.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)