Вакцин онош зүйн тасгийн нээлтийн үйл ажиллагаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр өнөөдөр 2020 оны 6-р сарын 19-ний өдөр Биобэлдмэлийн үйлдвэрийн Вакцин онош зүйн тасгийн нээлтийн үйл ажиллагаа болов. Орчин үеийн эмийн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэх зорилгоор 2010 оноос үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг улсын төсвийн хөрөнгө болон дотоодын нөөцөөс нийт 1 тэрбум 580.2 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар “Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага”, “Биобэлдмэлийн үйлдвэрт тавигдах шаардлага” стандартад нийцүүлэн засч, үйл ажиллагааг нь 2019 оны 10 дугаар сард сэргээн нээсэн юм. Тэгвэл дараагийн шатанд тус үйлдвэрийн Вакцин онош зүйн тасгийн урсгал засварт шаардагдах хөрөнгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шийдвэрлэсний үр дүнд зарим дээж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, тасгийн үйл ажиллагааг өнөөдөр ийнхүү албан ёсоор нээж байна.  

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэр нь анагаах ухааны биотехнологид суурилан, хүний эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчныг үйлдвэрлэх боломжтой. Вакцин онош зүйн тасаг нь вакцин, биобэлдмэл, оношлуур үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан Биобэлдмэлийн үйлдвэрийн ууган нэгжүүдийн нэг юм. Тус тасагт 1933 онд 98000 хүн/тун цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэн гаргаснаар энэхүү аюулт өвчнийг устгасан Азийн анхны орон болсон билээ.

Тус тасагт цаашид 20 гаруй тэжээлт орчин, колибактерин, галзуугийн эсрэг эдийн өсгөврийн вакцин, балнадын нян залгиур, шиллэг эд зэрэг 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

Засгийн газрын 2020 оны 98 дугаар тогтоолоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд орон тоо, төсвийн хамт шилжин ирснээр Биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхээр болж байгаа юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)