Цагдаагийн алба хаагчид явган хүний  гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1301 жолоочид хариуцлага тооцжээ

Тээврийн цагдаагийн албанаас нэгтгэсэн мэдээллээр, энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүн амь насаа алдаж, 12 хүн бэртжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баацагаан сумын тавдугаар багийн нутагт энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагийн орчимд "Мустанг" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй Д амь насаа алдсан байна.

Мөн энэ сарын 24-ний өдрийн 09:16 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төв дэх автомашины зогсоолд Toyota Succeed маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 78 настай, эмэгтэй Б-г мөргөж, амь насыг нь хохироожээ.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 22-ноос 26-ны өдөр нийт 1107 дуудлага бүртгэгдсэнээс 677 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж. Цагдаагийн алба хаагчид явган хүний  гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1301 жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочид хариуцлага тооцжээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16,4 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,7 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 42,8 хувиар, ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг  60 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэнд хорооллын доторх замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (127.0.0.1)

    2020-06-28

    Ялангуяа гэрэл дохиогүй гарцан дээр зам тавьж өгдөггүй .ийм газар л цагдаа хяналтаа тавимаар байна.Баярлалаа.