М.Болдсайхан: Тусгаарлах байранд байгаа хоёр сурагчаас хэрхэн шалгалт авахыг УОК-той хамтран шийдвэрлэхээр санал солилцож байна

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын хоёрноос тавны хооронд зохион байгуулахаар товлосон. Коронавирус гарсантай холбогдуулан ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах талаар “Боловсролын үнэлгээний төв”-ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.


-Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Бэлтгэл ажил аль шатандаа явж байна вэ?

- Энэ жил улсын хэмжээнд нийт 30902 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. ЭЕШ-ын материал засах, оноожуулах, зарлан мэдээлэх ажлыг УОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу шалгуулагчдыг бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулах юм. Шалгуулагч шалгалтын дүн оноогоо “шууд засалтын шилэн технолог”-ийн дагуу http:/live.eec.mn цахим хуудсаар шалгалт өгсөн даруйдаа мэдэх бөгөөд долоодугаар сарын зургааны есөн цагт үндэсний хэмжээний жагсаалтыг www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-гаас харж, их, дээд сургуулиудын элсэлтэд хамрагдана. Бэлтгэл ажлын тухайд бол шалгуулагчдын шалгалт өгөх газар, суудлын хуваарилалтын ажил дууссан. Тусгаарлах байранд ЭЕШ-ын сэдэв, даалгавар боловсруулах ажлыг хийж байгаа. Эдгээр хүмүүс нь шалгалт дууссаны дараа тусгаарлах байрнаасаа гарна.

-Сэдэв боловсруулах ажилд нийт хэдэн багш ажиллаж байгаа вэ?

-ЭЕШ-ын сэдэв боловсруулахад дунд сургууль, их сургуулиас тус тус нэг багш ажиллаж байна. Мөн хөндлөнгийн шинжээчээр их, дээд сургуулийн нэг багш ажиллана. Тухайн сэдэв даалгавар нь хөтөлбөрийн хүрээнд нийцсэн, шинжлэх ухааны эсвэл техникийн ямар нэгэн алдаа байгаа эсэхэд хөндлөнгийн шинжилгээ хийх юм. Түүнчлэн бэлэн болсон шалгалтын материалыг хэвлэх, олшруулах ажил хийгдэж байгаа. Хэвлэсэн материалыг ууталж савлах, шалгалтын байранд хүргэх 20 оюутан, харуул хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, ЭЕШ-ын ажилд оролцож байгаа хүмүүст үйлчлэх ажилчдыг тооцвол 70 орчим хүн байна.

-Боловсруулсан даалгавруудаа хэзээнээс орон нутаг руу хүргүүлэх вэ?

-Даалгаврыг энэ сарын 27,28-наас эхлэн орон нутаг руу хүргүүлнэ. Энэ ажлыг Тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн алба гүйцэтгэдэг. Ер нь нууцлалын өндөр зэрэглэлд явуулдаг гэсэн үг.

-ЭЕШ-д нийт хичнээн албан хаагч ажиллахаар байна вэ?

-85 багийн ахлагч, 85 сэдэв хариуцагч, 65 шалгалтын материал засагчид 2020 оны шалгалт зохион байгуулах удирдамж, анхаарал асуудлын талаар сургалт зохион байгуулсан. Бусад хянагч багш нар, зохион байгуулагч багш, эмч, үйлчлэгчдэд хийх сургалтыг багийн ахлагчдаар дамжуулан хүргэхээр төлөвлөөд байна.Ер нь Улсын хэмжээнд ЭЕШ зохион байгуулахад давхардсан тоогоор 10675 багш, эмч, сургуулийн ажилтан албан хаагч оролцож байна. Энэ нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

-Шалгалтын үед сурагч хоорондын зай баримтлахаас гадна халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах вэ?

-БҮТ-өөс элсэгч, шалгуулагчдад зориулан 117 удаагийн телевизийн зөвлөмж, 2120 минут 106 удаагийн онлайн давтлага зохион байгууллаа. Мөн шалгуулагчдад хүргэх 22 төрлийн зөвлөмж мэдээллийг долоо хоног бүрийн лхагва гарагт давхардсан тоогоор 241600 шалгуулагчид бүртгүүлсэн и-мэйл хаягаар нь хүргэжээ. УОК-оос гаргасан заавар зөвлөмжийн дагуу нэг ангид байх ширээ хоорондын зайг 1,5-2 метрт байршуулахад, нэг ангид арванхоёроос олонгүй хүүхэд хуваарилагдсан нь урьдчилан төлөвлөсөн 50 шалгалтын байрыг 85 болгон өргөжүүлэх үндэс болсон. Үүнээс гадна нэг удаагийн бээлий 65000 хос, амны хаалт 35000, гарын ариутгагч 649000 мл, цэвэрлэгээний бодис /жавелин/ 30600, белизна 2094 л, халдваргүйжүүлэх өмсгөл 170 ширхэг ашиглах тооцоо гарсан.

-Төгсөх ангийн сурагчид үзээгүй хичээл нь шалгалтад орж ирэхвий гэж их санаа зовож байна лээ. Энэ тал дээр хариу хэлэхгүй юү?

-COVID19 вирусын тархалт дэгдэлтийн улмаас танхимын сургалт урт хугацаагаар тасалдсан нь 2020 оны ЭЕШ-ын сэдэв даалгаврын агуулгад нөлөөлсөн шүү дээ. Энэ жилийн шалгалтын агуулгыг арав, арваннэгдүгээр ангийн заавал судлах агуулгыг бүрэн хамруулж, арванхоёрдугаар ангийн судлаагүй агуулгаас зайлсхийж шалгалтын блупринтийг боловсруулсан. Тийм учраас үзээгүй хичээл нь ЭЕШ-д орж ирэхвий гэж санаа зовох хэрэггүй. Үзсэн агуулга, хичээлүүд л орно. Мөн шинээр нэмэгдсэн 35 шалгалтын байранд суралцагчдын сонсоод ойлгох чадвар сорьсон даалгавар гүйцэтгэхэд ашиглах сонсгох төхөөрөмж байршуулах боломжгүй байсан учраас англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлүүдийн сонсох даалгавар хасагдсан.

-Covid19 вирусын тархалт, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байгаа шалгуулагчдаас хэрхэн шалгалт авах вэ?

-ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд байгаа хоёр сурагчаас хэрхэн шалгалт авахыг УОК-той хамтран шийдвэрлэхээр санал солилцож байна. Тэр нь манайхаас очих уу эсвэл сурагчдыг шалгуулагчийн байр луу зөөх үү гэдэг асуудал яригдаж байгаа юм л даа. Үүнээс гадна гадаадын улс оронд хөл хорионд байгаа ЭЕШ-д бүртгүүлчихсэн хүүхдүүд байна. Солонгост гурав, Туркд нэг сурагч байна. Эдгээр хүүхдүүд ЭЕШ өгөх боломжгүй. Яагаад гэхээр онлайнаар шалгалт зохион байгуулах эрх зүйн болон технологи, хүний нөөц, хяналтын боломж байхгүй.

- Энэ жил хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЭЕШ өгч байгаа вэ. Мөн шалгалт өгөх байр, хангамж, хэрэгслийг нь хэр бэлдсэн бэ?

-Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй 27 хүүхэд ЭЕШ өгсөн. Эдгээр хүүхдүүдийн гурав нь МУБИС-д тусгай мэргэжил, боловсролын чилэлээр суралцаж байгаа. Харин энэ жил 12 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Байр, хэрэгслийн хувьд 100 орчим хүүхэд шалгалт өгөх бололцоотой. Жишээлбэл, хараагүй хүүхдэд зориулсан барель үсэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд аппаратнаас эхлээд бүх хэрэгсэл бий. Ер нь бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ЭЕШ-ыг хоёрдугаар сургууль дээр тогтмол зохион байгуулдаг. Хоёрдугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүнд орох гарах хаалга, ариун цэврийн өрөө гээд зориулагдсан бүх зүйл бий.

-ЭЕШ-ын босго оноог хэрхэн тогтоосон бэ?

-Улаанбаатар хотын төрийн өмчийн дээд сургууль босго оноогоо 480, хувийн хэвшлийн сургууль 410, хөдөө орон нутгийн сургууль 400 оноогоор тус тус тогтоож байна. Энэ бол сурагчдын хувьд тийм ч өндөр босго биш. Хүүхдүүд ойролцоогоор гурваас дөрвөн хичээлээр шалгалт өгдөг учраас сурагчдын 85 хувь нь их сургуульд элсэн суралцах боломжтой.

-Шалгалтын сэдэв, даалгаврыг нууцлалын өндөр зэрэглэлд явуулдаг ч гэсэн жил бүр даалгавар задарсан гэх мэдээлэл гардаг?

-Энэ бол байнга л яригддаг яриа. Өмнө жилүүдэд гарсан ЭЕШ-ын материал задарсан гэсэн мэдээлэл бол худлаа. Жишээлбэл Дорж гэдэг хүүхэд ЭЕШ өгөхөд түүний төлөө хэдэн хүн санаа зовох вэ. Мэдээж ээж, аав, ах, эгч, дүү таньдаг бүх хүн л санаа зовж анхаарал хандуулна. Бодоод үзэхэд нэг жилд ЭЕШ өгч байгаа хүүхдүүдийн төлөө ойролцоогоор 200 мянга гаруй хүн шалгалтын үр дүнд анхаарал тавьж санаа зовдог. Бүр сонгуулиас илүү үүнд л санаа зовдог. Эцэг, эхчүүдийн хувьд хэн сонгуульд ялах нь бус хүүхдээ ЭЕШ-д нь тэнцүүлж их, дээд сургуульд оруулах нь амин чухал байдаг шүү дээ. Жишээлбэл энэ жил 22 мянган хүүхэд математикийн шалгалт өгнө. 22 мянга орчим хүүхдээс шалгалтад өндөр үр дүн үзүүлэхгүй хүүхдүүд гарна шүү дээ. Тэр хүүхдүүдээс ЭЕШ-ын сэдэв задарсан гэсэн яриа үүсгэдэг. Нөгөөтэйгүүр хэн нэгний өндөр оноо авах хүсэл дээр нь тулгуурлаад худлаа ярьж ашиг олох гэсэн сонирхолтой хүмүүс байдаг. Энэ хүмүүс нийгэмд бухимдал үүсгэдэг.

-ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой санал гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хуучин бол шууд хэлбэрийн шилэн технологи нэвтрээгүй үед БҮТ төв дээр бүх өргөдлийг нэгтгэж асуудлыг шийдвэрлэдэг байсан. Өнгөрсөн жилээс бид шууд хэлбэрийн шилэн технологид шилжиж хариуг нь тэр дор нь өгдөг болчихсон. Харин тухайн анги танхимд ажиллаж байсан хянагч багшийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон зүйл болбол тухайн үед өргөдлийг нь авч шийдвэрлэж болно.

-ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүд юун дээр анхаарвал зохимжтой вэ?

-Хүүхдүүдийн хамгийн их гаргадаг алдаа бол шалгалт өгөх газраа андуурч очдог. Суудлын хуваарь дээр нь хаана шалгалт өгөх, хэдэн цагаас аль орцоор орох вэ гэдэг нь бичээстэй байхад уншилгүйгээр шууд л өөрийн төгссөн сургууль дээрээ оччихдог. Тэгэхээр шалгалт өгөх гэж байгаа өдрөө бүх ажлуудаа сайн төлөвлө гэж захимаар байна. Замын түгжрэлээс эхлээд. Үүн дээр тухайн хүүхдийн анги удирдсан багш, эцэг эхчүүүд ч анхаарал тавих хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай