Х.Хүрэлчулуун: Манай сумынхан наадмаар өмсөх дээл хувцсаа бэлдэж, бөх, уяач, харваачид маань бэлтгэлдээ гараад эхэллээ

Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунтай утсаар холбогдож ярилцлаа.


-Сайхан зусаж байна уу?

-Баярлалаа. Сайхан зусаж байна.

-Баяндун суманд зуншлага хэр байна вэ?

-Хур бороо элбэг, сайхан зун болж байна. Сүүлийн жилүүдэд их л гандуу байсан, энэ жил ногооны гарц ч сайн байна.

-Төр засгаас сумын баяр наадмыг тэмдэглэх шийдвэр гаргалаа. Үүнийг танай нутгийнхан хэр хүлээж авч байна вэ?

-Цар тахлыг дотроо алдаагүй болохоор зуны дэлгэр цагт иргэд сайхан баярлах хэрэгтэй. Энэ жил манай сумын 95 жилийн ой тохиож байна. Саяхан бас сонгууль хийгээд амжсан юм чинь жилдээ цөөхөн болдог томоохон баяруудын нэг болохоор сүр дуулиантай биш ч гэсэн тэмдэглэх нь зөв гэж бодож байгаа.

-Танай нутаг Улаанбаатар хотоос 600 гаруй км-ийн зайтай бил үү?

-Манай сум хотоос 650 километрийн зайтай.

-Баяндун суманд бахархмаар зүйл их олон байдаг байх. та нутгийнхаа талаар ярихгүй юу?

-Манай сум хойд хэсгээрээ хангай, өмнөд хэсгээрээ нарийн өвстэй. Говь, тал хосолсон онцлог газарзүйн байрлалтай. Ихэнх иргэд нь МАА эрхэлдэг. Эрдэмтэн сэхээтэн олонтой нутаг. БНМАУ-ын анхны гавьяат багш, дипломатч, зохиолч Д.Цэвэгмид, Төрийн далбааны зураг, өнөөгийн алдар гавьяатнуудын энгэрийг мялааж байгаа одон медалиудын ихэнхийнх нь эх загварыг бүтээсэн Д.Чойдог, Зууны домогт хилчин, генерал Б.Цэдэн-Иш, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатар гэх мэт авьяаслаг, эрдэмтэй хүмүүс олон бий.

-Танай сумынхан 95-н жилийн ойдоо ихээхэн ач холбогдол өгч байгаа байх?

-Тийм ээ. Иргэдтэйгээ уулзаж наадмын хандив цуглуулах, талбай сэргээн засварлах гэх мэт олон ажил байна. Шийдвэр нь гарчихсан болохоор үлдсэн хэдэн хоногт чамбай ажиллах хэрэгтэй байгаа.

-Наадам хийх болсон гэдэг шийдвэрийг сонсоод нийслэл болоод бусад аймагт амьдарч байгаа уугуул иргэд чинь юу гэж байх юм?

-Өнөөдөр хүмүүс их холбогдож байгаа. Очих бодолтой байна, зочид буудал бий юу, хамаатнууд маань хаагуур нутаглаж байгаа вэ гэх мэтээр захаасаа сураг тавьж эхэлж байна.

-Улсын наадам үзэх сайхан. гэхдээ хүмүүсийн сэтгэлд сумын наадам шиг сайхан наадам байдаггүй байх?

-Тэгэлгүй яахав. Сумын наадамд уралдсан морьд, барилдсан бөхийг бүгд танина. Асарт сууж ахмадуудаа хүндлэн хууч хөөрч, удаан уулзаагүй найз нөхөд ангийнхан хоорондоо уулзаж, хоёр захад байдаг малчид хүртэл сумын наадмаараа л уулзалдана. Ер нь нутгийн иргэд нэг дороо цугладаг ганц үе нь гэж хэлмээр юм уу даа.

-Баяндун сумын хаанах нь наадмын талбай байдаг вэ?

-Сумын төвийн зүүн урд дов дээр байрладаг. Наадмын талбайд жилдээ гурав дөрвөн удаа л цуглана. Манай сум эрийн гурван наадмаасаа сур харваанд сайн. Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн Д.Цэцэг манай сумынх. Шинээр гарч байгаа харваачдаас Ч.Гандаваа, Н.Сүхбаатар, хурдан мориноос “Их хурд ” уралдаанд түрүүлдэг “Тайж” Халтарын уяач П.Цэгмид, хүчит бөхөөс аймгийн арслан Б.Батхуяг гэх мэт алдартнууд манай нутгийнх болохоор наадам тэгш сайхан болдог доо.

-Цар тахал, хөл хорионы үед танай суманд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөл хорио тогтоох үед хөдөө байгаа иргэд бензин, тосоо авах гэж л жаахан асуудал үүсдэг. Тэрнээс бусдаар сумын төвд, эсвэл яг хөдөө байгаа хүмүүсийн дунд ажил хэвийн үргэлжилж байна. Төр засаг сайн ажиллаж вирусыг дотроо алдаагүй болохоор айх зүйлгүй байна.

-та сумын засаг даргын албыг хэр удаан хашиж байна вэ?

-2008 оноос сумынхаа Иргэдийн Хуралд сонгогдож, аймгийн Иргэдийн Хурлын ажлын албанд хоёр жил гаруй ажилласан. 2012-2016 оны хооронд Багийн засаг даргаар, үүнээс хойш Сумын Засаг даргаар ажиллаж байна.

-Ихэнх иргэд нутгаасаа холдож, төв бараадах нь элбэг байдаг. төрсөн нутагтаа ажиллаж амьдрахын давуу тал, өгөөж нь юу байдаг вэ?

-Залуус хот руу илүү чиглээд байвал хөдөө орон нутагт үлдэж байгаа нь голдуу хөгшчүүл болох гээд байдаг талтай. Ялангуяа зах хязгаар, хөдөө нутагт хүн ам нь цөөрвөл нүүдлийн соёл иргэншил ч байхгүй болно. Тиймээс төрсөн нутгаа эзэнтэй байлгах нь зөв. Залуус бид сурсан мэдсэнээ сум орон нутагтаа ирж хэрэгжүүлвэл бас л хэрэгтэй. Ахмад буурлууд маань бидэнд энэ сайхан сум, эх орныг үлдээсэн. Бид үүнийг нь зөв авч явж дараагийн үедээ хүлээлгэж өгөх ёстой.

Манай сумын мал таван төрөлдөө сүүлийн гурван жилд тогтмол өсөж байна. Шилжилт хөдөлгөөн бага, хүн амын тоо өссөн үзүүлэлттэй байгаа.

-Сумын наадам болно гэсэн мэдээг сонсоод хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сонгууль ярьж байсан иргэд маань наадмын бэлтгэлээ хийж байна. Өмсөх дээл хувцсаа бэлдэж, бөх, уяач, харваачид маань бэлтгэлдээ гарч эхэлсэн. Иргэд маань их сайхан хүлээж авч байна. Ер нь бол хүлээж байсан шийдвэр бололтой.

Энэ дашрамд Монгол түмэндээ сайхан баярлаарай гэж хэлье. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг, энэ жилийн наадам ч сайхан болно байх. Нутгийн зон олондоо 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

М.ЭНХЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)