"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан "Яараад яахав дээ" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. 

Энэ тоог тэг болгож, нэг амь нэгэн гэр бүлийг ч болов аврахын төлөө  тээврийн хэрэгсэл эзэмшиж, жолооны ард сууж байгаа хүн бүхний хүчин чармайлт чухал болохыг энэ аян та бүхэнд сануулж байна. Иймээс өнөөдөр /2020.07.03/ Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт  баруун аймгуудын чиглэлд аян замд гарч байгаа зорчигчидтойгоо хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

Энэхүү үйл ажиллагаанд олон арван залуучууд чин сэтгэлээсээ дэмжин оролцож, Crown Starex машин , мотоцикл эзэмшигчдийн группын залуус, олны танил жүжигчид, "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нарын зэрэг олон хүмүүс дэмжиж  бусдыгаа уриаллаа.

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгдэж, хамгийн их хүн нас бардаг зуны улиралд буюу  07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор энэхүү аяныг ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

Мөн “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК хамтран ажиллаж,  Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын алба, Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон аж  ахуйн нэгж, байгууллагууд дэмжин оролцож байгаад иргэдийн зүгээс талархалтай хүлээн авсан юм. 

Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ аяны гол үр дүн бол зам тээврийн  осол гэмтлийг бууруулах юм. Иймээс энэхүү аяныг хүн бүхэн насан туршийн аян болгон хэвшүүлэх,  жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулах түүчээ  болж байна. 

Гэрэл зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)