Иргэд амны усыг зориулалтаар нь хэрэглэж байна

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ бүтээн байгуулалт өнгөрсөн сарын 21-нд ашиглалтад орсон. Хөгжимт усан оргилуур, ногоон байгууламжтай зэрэгцэн иргэдийн хувьд шинэ соёл болсон зүйл нь амны ус байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун, зүүн хоёр захад байрших амны ус нь гүний усыг цэвэршүүлэн гаргаж ирдэг тул шууд уух болон амаа зайлахад тохиромжтой юм.

 

Манай улсад өмнө нь байршиж байгаагүй энэ усыг ашиглалтад орсон даруйд зарим иргэн цоргонд нь амаа хүргэн, сорж уух, гараа угаах зэргээр буруу хэрэглэж байсан. Үүнээс болж эхний хэдэн өдөр их бохирдсон. Харин одоо л иргэд маань амны усыг зориулалтаар нь хэрэглэж байна. Нэг хүн хэрэглээд бохирдох тул ариутгал цэвэрлэгээг ойр ойрхон хийж байгаа хэмээн хот тохижилтын газрын ажилтан хэлж байсан.

 

Зуны халуунд хэрэг болох амны ус иргэдийн түгээмэл хэрэглээ болоогүй нь ажиглагдлаа. Тухайлбал, ихэнх хүн  хажуугаар нь гарахдаа амны усыг харж зогсон, уухгүй өнгөрч, цоргоны дээрх товчийг дарж үзчихээд яваад өглөө. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн Б.Баясгалан “Энэ усыг цэвэр эсэхэд эргэлзсэн учраас уулгүй өнгөрсөн. Коронавирус дэгдээд байгаа энэ үед олон хүн амаа хүргэн ууж байгаа учраас уухыг хүсэхгүй байна. Ерөнхийдөө цаг үеийн байдлаас болоод амны усыг шууд уух итгэл төрөхгүй байна. Олноор байршуулж, амьдралын хэвшил болгож чадвал халуунд цангасан эсвэл амаа зайлах шаардлага гарсан хүнд тохиромжтой л юм” гэсэн юм.

 

Шууд уухад итгэлгүй байгаа иргэд амны усыг саванд хийж эсвэл алган дээрээ тосч ууж байлаа. Ялангуяа, унадаг дугуйтай иргэд ойр ойрхон ирж амны усыг хэрэглэж байсан юм. Амны усыг хэрэглэсэн иргэн Х.Өнөржаргал “Дугуй унаад цангахад зам гарч дэлгүүр оролгүй энэ уснаас уух боломжтой нь сайхан санагдсан. Ус нь хэт халуун эсвэл хүйтэн биш уухад яг тохиромжтой байна” гэж байлаа.

 

Бага насны хүүхдүүдийн хувьд ч амны ус содон зүйл байв. Тэд өлмийгөө өргөн товчлуурыг дарж “Ууж болох юм уу, нусаа нийдэг юм биш үү” хэмээн хоорондоо ярилцаж, амны усыг бие бие рүүгээ цацан тоглож байсан. Харин уншиж чаддаг хүүхдүүд “Гар, нүүрээ угааж болохгүй гэж байна” хэмээн амны усыг зааврын дагуу ашиглаж байв.

 

Амны ус бидний хэрэглээнд нэвтрээд тодорхой хугацаа өнгөрсөн ч зарим иргэн зохисгүй ашиглаж байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн хэв журмыг сахиулахаар ажиллаж буй цагдаагийн албан хаагч Х.Түмэннаст “Амны усны талаар хууль байхгүй учир буруу хэрэглэсэн иргэдийг бид торгодоггүй. Харин шаардлага тавьж, зааврын дагуу хэрэглэхийг сануулдаг” гэсэн юм. Амны усны төхөөрөмж дээр бичсэн анхааруулгын дагуу гар нүүрээ угаахгүй, амаа хүргэлгүй зайнаас уух нь зөв хэрэглээ. Мөн товчийг дарж хэдэн секунд усыг гоожуулсны дараа хэрэглэх хэрэгтэй.

 

 

Ж.Мишээл

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)