Д.Нямхүү: Нэмж хоёр тохиолдол илэрч, нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 11926000 хүн өвчилж, 545000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 7-ны өдөр нийт 370 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 368 хүнд коронавирус илрээгүй. Харин Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр хүмүүс нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 болон 22 настай эмэгтэй. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ хүн нь 24 настай эмэгтэй бөгөөд 50 хоног эмчлэгдээд гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 195 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 32 хүний биеийн байдлыг үнэлбэл, 31 нь хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагт АНУ-д 46,000, Бразилд 45,000, Энэтхэг 24,000-р өвчлөл нэмэгдсэн. Өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдэж, халдварын эрчимжиж байна. Дэгдэлт хурдацтай явагдаж байгаа ч оргил үедээ ирээгүй байгааг ДЭМБ-аас мэдээлж, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох шаардлагатайг онцоллоо. ОХУ-д сүүлийн хоногт 6,368 хүн шинээр халдвар авч 198 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад өвчлөл үл ялиг буурч байгаа.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 215 хүн ажиглалтад орж, 52 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо 2,995 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 6 хүний биеийн байдал хүнд байна. 24 цагийн хугацаанд 119 дугаар 157 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Шведээс хойр иргэн холбогдож зөвлөгөө авлаа" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай