"Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт" эхэллээ

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор жил бүр болдог “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт” долоодугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо эхэллээ.

Энэ удаагийн чуулга уулзалтын анхаарлын төвд “COVID-19” цар тахал, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, даван туулах, эргэн сэргэх асуудал байх бөгөөд сэдэвчилсэн хурал, арга хэмжээнүүд болж, НҮБ-ын гишүүн 47 улсын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн сайн дурын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.

Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа илтгэгчээр оролцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад статистикийн салбарын гүйцэтгэх үүрэг, мэдээллийн чанарыг сайжруулах, салбарын чадавхийг бэхжүүлэхэд хөгжиж буй улс орнуудад ямар дэмжлэг шаардлагатай байгааг танилцуулав. Мөн “COVID-19” цар тахлыг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд зөв бодлого, хариу арга хэмжээ, шинэ түншлэл нэн чухал болохыг тэрээр хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо нь НҮБ-ын Статистикийн комиссын дэргэдэх “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд статистикийн салбарын түншлэл, зохицуулалт, чадавхи бэхжүүлэх асуудлаарх өндөр түвшний ажлын хэсэг, 21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл ПАРИС 21 (PARIS 21) консорциумын Удирдах зөвлөл, Америк, Ази, Номхон далайн бүсийн тооллогын товчоодын нийгэмлэгийг тус тус тэргүүлэн ажиллаж байна.

Виртуал хэлбэрээр долоодугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт”-аас Сайд нарын тунхаглалыг батална.

Гадаад харилцааны яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)