Баялаг Монгол хэлээ хос бичгээр гагная

Би хувьдаа төрөлх монгол эх хэлээ хэний ч өмнө маш баян бөгөөд тун тансаг хэл мөнөөс мөн шүү гэж хэлнэ. Миний мэдэх цорын ганц энэ хэл бол Монгол Улсын байгаль, хүн, мал гурвын хамтдаа үүсгэж, арвижуулан баяжуулж ирсэн цогц цомог хэл билээ. Яагаад баян бэ гэвэл байгаль талаасаа гэхэд л Монголын нутаг дэвсгэр дэх уул нуруу, нуур далай, гол мөрөн, газар шороо, өвч ургамал, ой мод, агаар мандал, цаг улирап, ан амьтан, шувууд, хорхой шавьж цөм хангай говь тал хээр нутаггаа зохицон оновчтой монгол нэрийг олсон байдаг.

Тэр олон нэрийг монгол хүн, ялангуяа монгол малчин л нэг бүрчлэн бодож боловсруулан өгсөн гэдэгт эргэлзэх үндэс огтхон ч үгүй. Тиймээс л баян байгаа юм. Яагаад тансаг вэ гэвэл, нэгэнт өгсөн нэр бүхэн туйлын оновчтой. Нэрийн эзнийг яг таг олж, тохируулж өгсөн юм шиг бодогддог билээ.

Нэг. Хүн нь хүнээ хэрхэн нэрлэсэн бэ? Энд нэгэнт хэвшиж заншсан нэрсийн тухай ярихаас өөр аргагүй учир байгаа юмыг байгаагаар нь л дурдахыг зөвшөөрнө үү.

Шууд өгсөн дан нэр нь ч, давхар нэр нь ч хүнээ гадаад хэлбэр галбир, бие бялдар, дүр төрхөөр нэр нь үйл үг нь нэршсэн байдал ажиглагдана. Мөн ааш араншин, зан төлөвөөр нь ялгасан тал байна.

 

Өндөр нам, бүгтэр бөхгөр, майжиг жайжиг, хазгар доголон, тарган цатгалан туранхай, хатингир бүдүүн нарийн, ханхар ханагар, гүрдгэр хэрзгэр, атигар пагдгар, тоодгор тогдгор, булцгар цэлцгэр гэж нэг хэсгийг ганган хээнцэр, цэвэр цэмцгэр гэж нэг хэсгийг шалмаг хөнгөн, гоолиг хөөрхөн, царайлиг намбалаг, хээгүй хэнэггүй, ёсорхог, хүнлэг гэж нөгөө хэсгийг яриасаг хэлэмгий, нүүрэмгий, цовоо сэргэлэн, эвлэг зөөлөн, бүрэг ноомой, даруу төлөв сонгироо сагсуу, хойрго залхуу, ховдог шунахай гэж заримыг тус тус ялгадаг. Эдгээр нь цөм, монгол хүний олсон нэр.

 

Дам давхар нэрийн үйл үг гэвэл дотор нь жаахан төрөлжүүлж ангилснаар нэг багц, даажигнах, дамшиглах, өдөх хатгах шоолох шохоорхох, хардах сэрдэх, дарвих, дэврэх мэтийн нөгөө нэг багц мэтийн нөгөө нэг багц, цүрдийх цүдийх, цодойх, цордойх, даврах, даналзах, бултайх, цулцайх гэх өөр нэг багц байна. Цөм л нэршмэл хэрэглээний үгс. Хаяагүй л яриа хэллэгт оруулна.

Холбоо нэр үг гэхээр алдар суу, авхаалж самбаа, ан цав, араа тэгээ, арга ухаан, авьяас билэг, ая эв, аз хийморь, ариг гам, анир чимээ, асга хад, ашиг хонжоо, айл хөрш, ахуй амьдрал, андуу ташаа, атаа жөтөө, атга чимх, ааш араншин, аваа өгөө, ана мана, аюул занал, ад чөтгөр, ач тач, алба амь гээд л зөвхөн а-гаар эхэлсэн үгс гүйцэгдэхийн аргагүй, тоолохын аргагүй олон байна. Цааш нь ойр тойрон, хов жив, заль мэх хадаг самбай, урам зориг, эрэг шураг, эв нэгдэл, утаа униар, орд харш, уур хилэн, ууц нуруу, ямаан омог, эрх ямба, хэв маяг, хэлбэр дүрс, хэл ам, хэрүүл маргаан, дэм тус, дэмий балай, найр наадам, удам судар гэх мэтээр тоолж баршгүй холбоо үгс байна.

Хоёр. Малтай холбож үзвэл дэлхийд гэршиж гаршсан 50-иад төрөл зүйлийн адгуус амьтан байдаг гэдэг. Тэдгээрээс монгол хүн хэдийг ялгаж аваад бод, бог мал гэж хоёр хуваажээ. Бод, бог нэртэй тэр малаа тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа гэж таван нэр өгөөд таван хушуу мал гэжээ. Энэ тавын эхний гурвыг нь бод, сүүлийн хоёрыг бог гэж нэрлэжээ. Таван хушуу малаа бэлчээрээс салгасангүй. Монгол хүн нь малчин нэр авч эзэн болжээ.

 

Зэрлэг шинжээ алдаж гэрийн болсон мал, монгол малчин хоёр нийлж монгол мал аж ахуй болон яваандаа хувирснаар нүүдлийн шинжтэй энэ аж ахуй хэдэн арван мянганы туршид оршсоор өдий хүрэхдээ өөр бусад хаана ч биш гагцхүү монгол нутагт л байсан учраас монгол эзний, монгол мал гэж үүрдийн нэрийг авсан байна. Зөвхөн энэ хүрээнд 14-15 шинэ нэрийг буй болгосноор монгол хэлээ баяжуулжээ.

 

Яагаад тэмээ, адуу, үхэр хонь ямаа нэрийг оноож өгсний учраас хэн мэдэх вэ. Хэн ч мэдэхгүй л болов уу. Ямар ч болсон таван төрөл мал таван өөр нэр авч эзэндээ ээлтэй мал улмаар сүрэг болон хувирсан байна. 1, 2, 3, 4, 5 гэсэн тоон нэрийн цаана таван төрөл мал өөрийн нэртэй болсон явдал монгол хэлний үгийн санг алхам тутамд нэмэх болов.

Тоор тор гэхээр тэмээ нь, гурий гурий гэвэл адуу нь, хөөр хөөр, өөв өөв гэхээр үхэр нь эзний дуу хоолойг танин ойртож ирдэг болсон бололтой. Хэрэв тушгирвал хонь, цүүцүүлбэл ямаа нь ч эзний дуугаар хөдлөх бопж. Эзэн мал хоёрын хооронд үг хэл, нэрийн ямар нэг холбоо хэвшиж эхзлсэн нь лавтай. Гүүргийлэх чимээг хонь, чай хэмээх дууг ямаа андахгүй болсон явдал том өөрчлөлт буюу. Ишиг хурга, тугал бяруу, унага даага, ботго тором цөм л монгол хүний дуу чимээ, хөдөлгөөний байдлыг хар нялхаасаа таньдаг болсон түүхэн урт хугацаанд хүн мал хоёрын харилцаа өдөр хоног тутамд ойр байх учир малд өгсөн нэршил улам л тогтворшин уугуул шинж агуулах болов.

Ингэж мал хүн хоёрын нэршил лавшран улам бүр олшрох болсон байх. Нэр нэмэгдэх тутам үгийн санд шинэ хандив орж хэл баяжих нөхцөлд монгол хэл өснө, томорно. Хэлээ мэдэх нэн чухал, мэдэхийн хэрээр бүрэн ашиглах нь бас чухал. Багтаж ядсан баян монгол хэлийг ашигласан шиг ашиглаж чадвал ёстой бахархал болно. Монгол хэлээ дутуу үнэлж дөрөөлж үзвэл модоо барьж ядрахын туйлд очно гэсэн үг. 

Үндэсний хэлээ сайн мэдэж өргөн хүрээтэй чадмаг ашиглах нь нэг ёсондоо тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломжийн нэгэн түлхүүрийг чангаас чанга атгана гэсэн утгыг илэрхийлнэ. Төрөлх хэлээ эзэмших боломжийн нэгэн том шижим нь бичиг үсгийн боловсролоо улам өндөр болгох явдал. Тэр тусмаа уйгаржин монгол бичигт хүсэл эрмэлзлээ сайтар дайчлан суралцах явдал үнэхээр чухал тулгамдсан асуудал болж байна. Хэрэв улсын хэмжээгээр албан хэргээ улсын хэмжээнд нэлдээ уйгаржин бичгээр хөтлөх зорилт биелбэл одоо ч идэвхтэй ашиглаагүй хэн гуайд ч нөхөхийн аргагүй бэрхшээл тулгарна.

Заавал хийх аливаа үйлсийг эрт бэлдээгүй цагт хэн байлаа ч алдагдалд унадгийг хэлэх хэрэг юун. Нийтээр уйгаржин бичгээ шамдан суралцвал хэн ч хохирохгүй бизээ. Дээр доргүй энэ тал дээр хамтын зүтгэлээ өнөөдрөөс дайчилъя. Хождоод зовсонд орвол урьдаад бичиг үсгийн нөөцөө бор авдартаа хийж авах нь л дээр буюу. Уйгаржин бичгээ сурах уралдаан тэмцээнийг одооноос өдөр шөнөгүй зарлан зогсолтгүй явуулцгаахыг уриалъя.

 

Залуу хойч минь ой ухаанаа сэргээн бадруулж үндэсний нэг хэлтэй хоёр бичигтэй болсон байхыг 2022 оны наана шийдэцгээе. Анхаарал төвлөрөн зориг гаргавал ямар ч бичгийг хоёр сард буюу 8-10 долоо хоногт сурах үндэслэлтэй. Энэ үндсэн дээр баян тансаг монгол эх хэлээ үндэсний хоёр төрлийн уйгаржин болон кирилл бичгийн мэдлэгээр тун удахгүй угтан баяжуулцгаая. Энэ ямар вэ? Сайхан биз дээ. Кирилл бичгийн хэл хэдийгээр аман ярианд ойр боловч уйгаржин бичигт оруулахад ядах юм огтхон ч үгүй. Яарагтун. Шийдэгтүн.

 

Баян монгол бичгээ хоёр бичгээр гагнах нь бид бүхний баярлах нэгэн учрал мөнөөс мөн. Хэн нь аль дуртайгаараа аль чадахаараа уншина, бичнэ биз. Яагаад болохгүй байв гэж. Уйгаржин кирилл хоёр бичгээр хэд хэдэн хуудас бүхий хорхой хүргэм гоё бичсэн зүйлийг олон хувь үйлдэн тараах юмсан. Төв, хөдөөд хэн үүнийг гардан хариуцан хийх бол. Тав арван мөнгөтэй ямар аавын хүү хаана явна.

Монгол хэлийг баян хэл гэж хэлэх нь хоосон магтаал, бахархалын төдий бахархал яавч биш. Энэ хэлийг сурна, танин мэднэ, эзэмшинэ гэдэг бол маш их хүч хөдөлмөр гаргана гэсэн үг. Эрвийх дэрвийхээрээ чармайн, хичээн чандлан, мэрийн зүтгэл гаргаж, эмх замбараатай, эрэмбэ цэгцтэй нямбай хандахгүй бол олз багатай л хоцорно. Жишээ нь монгол хүний монгол малдаа өгсөн нэр гэхэд л наад зах нь шууд нэр 40-50, дүрс нэр 60-70, зүс нэр 100 хол давна.

 

Малаа хайрлан өсгөж үржүүлж ирэхдээ таван төрөл бүрт ерөнхий таван гол нэрийн хараал зохиосныг бодоод үз л дээ Тэмээг гувруу, адууг сэдрэг, үхрийг  милан, хонийг хорхироо, ямааг годрон гэжээ. Ямар ч чадмаг орчуулагч энэ таван үгийг нэрээр нь утгаар нь ганц ганц үгээр орчуулж чадахгүй. Бусад малыг байг, зөвхөн адууны зүслэлээс цөөхөн нэр авъя. Шарга, хонгор, хул, хээр, саарал цааш нь шаар хээр, хар хээр, бор хээр, хээр халтар, зээрд, хүрэн, цавидар гээд гарч өгнө.

 

Тэмээгээ ботго, тором, гунж, тайлаг, ат, буур, ингэ, адуугаа унага, даага, үрээ, шүдлэн, морь, азрага, гүү, үхрээ тугал, бяруу, гуна гунж, шар бух, үнээ, хонио хурга, төлөг, шүдлэн, эр эм хонь, ирэг, хуц, ямаагаа ишиг борлон, шүдлэн, эр эм ямаа, сэрх, ухна гэж мал маллах арга ухаандаа хэвшүүлжээ. Энэ бүхэн монгол хэлэнд үгийн сан, ухаарал хоёрыг нэгэн зэрэг өгч байна.

 

Монгол хэлээ магтан дуулж, гайхуулахад бус ийм хэлийг эзэмших шиг эзэмшиж дотоод гадаадад зөв зохистой хэрэглэсэн шиг хэрэглэхэд хамаг учир орших байх. Баян хэлийг баяных нь хэрээр авч явбал юутай сайхан бэ. Ямар нэгэн гадаад том, жижиг хэлнээс орчуулга хийхэд монгол хэл үгээр болон найраг хэллэгийн утгаар дутна гэж байхгүй. Ядуурал, хомсдолын зовлонг эдлэхгүй гэдэгт би бат итгэнэ.

 

Аль ч хэлний баялгийг шалгах хатуухан шалгаварын нэг нь орчуулга.

Монгол хэлэнд олон тооны нэлээд адармаатай өвөрмөц үг, хэллэг бий. Жишээ нь, нэгэн муу зүйлийг яаж олон янз нэрлэдгийг дурдаад үзье. Золиг, новш, ёдор, хог, буг, булш, цөвдөл, хогийн шаар гэж нэрлэх нэр бий. Хэрэв амьтай бол годил, үхдэл, үхээр, адсага, хараал идмэр, заяа нь хаямар, хэрүүлийн ший, хараал идмэр, заяа нь хаямар, ургаа хад, дээлийн гол, хоолны сав, төрийн хутгуур, өөдгүй өлөгчин, өмхий санаат гэх мэтээр муулна. Заримдаа зүйр цэцэн үг, холбоо үгээр санаагаа “Ямаа туйлавч янгирцаг эвдэхгүй”, “Бушуу туулай борвиндоо юмтай", “Чамлахаар чанга атга", “Борогч гүүний адил шарагч байдсыг богочиж байж саахгүй бол дошгин шүү” гэх мэтийг шууд үгээр нь орчуулбал түвэг учирна.

“Тэмээ тийрнэ”, “Морь өгшиглөнө", “үхэр мөргөнө”, “хүрэгч гунжийг ивлэг, "Идээ эзнээ танихгүй”, “Хүнд өвчин ёолуулна”, “Шаазгай шагшрана", "Ам бардам гуя шалдан”, “Шар халзан хонио мал маханд битгий өгөөрэй" гэх мэтийг 2, 3 үгэнд багтаан өөр хэлэнд орчуулъя гэвэл яггүй цаг орно.

 

Ц.Балхаажав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)