Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөлөө

 Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөж, чуулганы ажиллагааг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент Анхдугаар чуулганаа хуралдуулж, хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.

Та бүхний өндөр үр бүтээлтэй ажлын үр дүнд Засгийн газраа шуурхай байгуулж, бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг баталлаа. Улсын Их Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын тухай хуулиа баталж, Байнгын хороод, дэд хороодоо байгуулж, дарга нарыг нь сонголоо.

Энэ бүтээлч, хүчээ  нэгтгэсэн хамтын ажиллагаа, цаг баримталж, үр бүтээлтэй хуралдсан энэ ажил цаашид ч хэм хэмжээ болж үргэлжилнэ гэж итгэж байна. Одоо бидэнд амарч тухлах, асуудлыг хойш тавих эрхгүй их олон ажил, асуудлууд хүлээж байна.

Анхдугаар чуулганы нээлтээр Улсын Их Хурал таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогыг халамжийг хавтгайруулахгүй зорилтод бүлэг рүүгээ чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ингэснээр төрөө төвхнүүлэх сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн таван хороог байгуулахаар шийдвэрлээд зохион байгуулалтад орж бэлэн болоод байна.

Анхдугаар чуулганыг завсарлуулсан ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана.

Завсарлагааны хугацаанд эрхэм гишүүд бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсоно. Хариуцсан ажлын хэсэг, Байнгын хороод  ард иргэд, холбогдох байгууллагуудын саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлно гэдгийг тэмдэглэлээ.

Мөн Улсын Их Хуралд гурван Байнгын хороо нэмэгдлээ. Ингэснээр төсөв зардал Улсын Их Хурлын Тамгын газарт нэмэгдэхгүй, харин ч ёс зүй  сахилга хариуцлагыг сайжруулж, үйлдвэржилтийг дэмжиж, цахим засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлснээр төсөв эдийн засагт эрс шинэчлэлт хэмнэлт хийгдэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Энэ жил байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ой тохиож байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ түүхт ойнуудыг угтаж Монголын парламент 100 чухал зорилт дэвшүүлж, нийгмээ эрүүлжүүлэх, төрөө цэгцлэх, хуулийн хувьсгал хийх шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурал шинэ, саруул ирээдүйг төлөвшүүлэх, Монгол эх орон, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн нэн чухал шийдвэрүүдийг хугацаа алдалгүй батлан хэрэгжүүлэх эрхэм үйлсийн манлайлагч байх ёстой гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо. 

Түүнчлэн парламент бол Монгол төрийн нүүр царай. Бидний үйл ажиллагаа түмний нүдэн дээр ил байдаг. Тиймээс хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэж, хэдхэн хоногийн өмнө төр, түмэндээ өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, үнэнч шударга, сахилга хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь нэн чухал юм. Ингэж байж бид төрд итгэх иргэдийнхээ итгэлийг сэргээнэ. Улстөржилт, талцал хуваагдал, ёс зүйгүй байдал, хэрүүл маргаан, зөрчил тэмцэл, хууль зөрчих үзэгдэл энэ удаагийн парламентад байж таарахгүй гэдгийг онцлон дурдлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)