Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Аюушийн Ариунзаяа нь 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Иймээс уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд А.Ариунзаяаг өөрийнх нь хүсэлтээр Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 хувь нь дэмжлээ.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргахаар заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд  Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)