Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 10-ны баасан гариг хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгав

Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

ДЭМБ-ын мэдээллээр 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахал дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрийг хамран нийт 12 сая хүн халдвар авч, 550 мянга орчим хүн нас бараад байна. Иймд дэлхийн 40 гаруй улс онц байдал зарлаж, 22 улс хөл хорио тогтоон, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгаж байна.

Хэдийгээр зарим улсад халдварын нөхцөл байдал тогтворжиж, Европын зарим улс хөл хориогоо цуцалж, бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа ч БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад халдварын тохиолдол дахин нэмэгдэж, халдварын тархалтын хоёрдугаар давалгаа болж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа тул дотооддоо хөл хорио тогтоох, хилээ хаах хугацаагаа сунгажээ.

Монгол Улсын хувьд уг өвчний 227 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж бүртгэгдснээс 195 нь эмчлэгдэж, 32 хүн эмчлүүлж, 3077 хүн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлын 84 хувь нь ОХУ-д сурч, амьдарч байсан иргэдээс илэрчээ. БНХАУ-д тархалт буурахгүй, хоёрдахь үеийн давалгаа эхэлснийг зарлаад байгаа юм.

Иймд хөрш орнуудын нөхцөл байдал болон гадаад дахь иргэдээ татан авч байгаатай холбогдуулан дээрхи эрсдлүүдийг тооцон гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахаар шийдвэрлэлээ.

 Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авна

Монгол Улсын Засгийн газраасавч хэрэгжүүлж буй коронавирусын халдварт цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээл нь 0.85 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөгдөх хугацаа 3 жил, 16 жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.

Коронавируст цар тахлын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүрэн хэмжээтэй бэлтгэлтэй байх нөхцлийг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нйигмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зарцуулах юм.  Цар тахлын аюул арилаагүй, дэлхийн улс орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбоотой манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Иймд холбогдох үйл ажиллагаанд зарцуулагдах төсвийг санхүүжүүлэхийн тулд дээрхи хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь зүйтэй гэж үзэж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)