Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах тухай зөвлөмж

Борооны улирал эхэлж, хур тунадас, аадар бороо их хэмжээгээр орж байгаатай уялдуулан гарч болзошгүй осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, байгалийн гэнэтийн болзошгүй нөхцөл байдлын үед авто зам, замын байгууламжийн ашиглалтын аюулгүй байдалд анхаарах, сэрэмжтэй байх, анхааруулах арга хэмжээг авч, Авто замын тухай болон бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, авто замын ашиглалтын хэвийн зорчих нөхцөл, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллахыг Аймаг, нийслэлийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч болон хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагуудад ЗӨВЛӨЖ байна.

Үүнд:

 

  1. Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагууд Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.6 дахь заалтын дагуу гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, захиалагчийн хамт саадыг арилгах арга хэмжээг шуурхай авч ажиллах;
  2. Хариуцагч байгууллага авто зам, замын байгууламж, үерийн хамгаалалтын байгууламж, техник, хэрэгслийн ашиглалтын байдалд үзлэг шалгалтыг тогтмол хийж, ус зайлуулах байгууламжийг байнга бэлэн байлгах, гүүрийн тулгуур орчмын болон хоолойн орох гарах амсрын чулуун бэхэлгээний бүрэн бүтэн байдлыг хянах, сэргээн засварлах, цэвэрлэх, гольдиролыг хэвийн байдалд оруулан шулуутгах, замын шуудууг сэргэх, уулын гадаргуугийн ус залах, гуу жалга, ус нэвтрүүлэх суваг, шуудуу, хоолойн хог хаягдал цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг урьдчилан сэргийлэх засвар, арчлалтын ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх;
  3. Суурин газарт үерийн аюулд өртөж болзошгүй аюултай бүс болох үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд гэр, хашаа, саравч, орон байрыг барьж суурьшихгүй байхад хяналт тавьж, суурьшсан бол нэн даруй нүүлгэх болон  үерийн далангийн ус зайлуулах байгууламжаар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
  4. Улсын болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн засвар, барилга угсралтын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллах, “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” MNS 4596:2014 стандартын дагуу анхааруулах, мэдээлэх тэмдэг, тэмдэглэл, хашилтыг байршуулан осол аваараас урьдчилан сэргийлэх;
  5. Байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюулын улмаас үүссэн авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлах шаардлага гарсан үед Монгол Улсын Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.7 дахь заалтын дагуу Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тээвэр, холбооны хэрэгсэл, машин механизм, эд хөрөнгийг нөхөн олговортойгоор дайчлан гаргуулах, хүн хүчний туслалцаа авах ажлыг зохион байгуулж, авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  6. Захиалагч байгууллагын зүгээс авто замын ашиглалтын хэвийн байдлыг хангуулах, болзошгүй үерлэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, ус зайлуулах байгууламжийн нэвтрэх чадварыг хангуулах, сэргээн засварлах, цэвэрлэх, уулын болон өөрийн шуудууг сэргээх зэрэг урьдчилан сэргийлэх засвар, арчлалтын ажлыг тогтоосон хугацаанд хийж байгаа байдалд хяналт тавих;
  7. Сүүлийн жилүүдэд үерийн усны улмаас авто замд их хэмжээний эвдрэл гарах нөхцөл байдал үүсч байгаа тул хиймэл байгууламжуудын ашиглалтын найдвартай байдал, удаан эдэлгээний шаардлагуудыг болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй үерлэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс захиалагч байгууллагын зүгээс үерийн улмаас эвдрэл гардаг хэсгүүдэд усны тооцоо судалгааг хийлгэж, нэмэлт ус зайлуулах байгууламж, хамгаалалтын далан барих болон бусад шаардлагатай арга хэмжээг авах;
  8. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих, батлагдсан замын маршрутаар зорчуулах, усны үер болох магадлалтай газраар нэвтрүүлэхгүй байх, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчуулах арга хэмжээг авах ажлыг зохион байгуулах;
  9. Тус зөвлөмжийн дагуу байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюулын улмаас авто замд гарсан эвдрэл, гэмтлийг арилган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж, Авто замын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулсан байдалд хяналт тавьж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах;
  10. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нарт үер, усны улмаас эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн болон ашиглалтын нөхцөл байдлын шаардлага хангаагүй, эвдрэлтэй гүүр, замын байгууламжийн талаарх мэдээллийг өгч, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг авахуулж байх, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах зэрэг болно.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)