А.Амбасэлмаа: Эдгэрсэн боловч давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг байнга ажиглаж байна

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнээс дахин вирус илэрч байгаа тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч буй. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна. Тийм ч учраас бид 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс 4, 5 удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж буй. Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа.

Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий нийт одоогоор тайлж чадаагүй байна. Үүнийг иргэд маш зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид эдгэрсэн хэрнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч буй бөгөөд ард иргэдийнхээ дунд энэ халдварыг алдахгүйн тулд халдвар судлалынхаа заалтаар ажиллаж байна” гэв.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "VII сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. VII сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги Мандалын боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нар, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа. Бид дараагийн чартерын онгоцыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад хүлээж байна" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай