Академи олширч, академичид үнэгүйджээ

Академи гэдэг нэр томъёог хүн төрөлхтөн 2400 гаруй жилийн өмнөөс мэдэх болжээ. МЭӨ 427-347 онд амьдарч байсан эртний Грекийн гүн ухаантан Платон Афинд өөрийн гүн ухааны сургуулийг байгуулж академи гэж нэрлэсэн нь өрнөдийн анхны дээд боловсролын байгууллага байсан гэдэг. Платон энэхүү академиа байгуулсан түүх нь ч сонин. Гүн ухаантан эр Итали, Сицилээр аялж явахдаа тэндэхийн эзэн Дионисийн садангийн хүнтэй үг сөрснөөс болж шийтгэгдэн боол болжээ. Харин азаар Платоныг хүндэлдэг нэгэн хүн түүнийг эзнээс нь худалдан аваад чөлөөлөн явуулсан байна. Платоны найз нар мөнгө цуглуулан өнөөх сайхан сэтгэлт эрд өрийг нь төлөх гэсэн боловч цаадахь нь татгалзжээ.

Ингээд Платон нэгэнт эрх чөлөөтэй болсон, бас найз нөхдийн буянаар багагүй мөнгө цуглуулсан тул түүгээрээ Афины ойролцоо үзэсгэлэнт сайхан чидүн жимсний цэцэрлэг худалдан аваад тэндээ гүн ухааны сургуулиа нээсэн ажээ. Уг сургуулиа Грекийн домгийн баатар Академусын нэрээр нэрлэсэн гэнэ. Энэ бол МЭӨ 385 он. Тэр цагаас хойш академи боловсрон хөгжсөөр сонгодог утгаараа хүн төрөлхтөний шинжлэх ухаан, боловсролын дээд байгууллагын нэршил болжээ.

Түүх хүүрнэхээ үүгээр цэглэн шууд гол сэдэв рүүгээ шилжье. Академи гэдэг нэршлийг өнөө цагт ч гэсэн шинжлэх ухаан, боловсролын дээд түвшний үйл ажиллагаа явуулж, судалгаа, эрдэм шинжилгээ эрхэлдэг байгууллагуудад хамаатуулан авч үзэж буй. Ихэнхдээ аливаа улсын шинжлэх ухааны дээд байгууллагыг академи гэж нэрлэдэг. Харин Монголчуудын хувьд академи гэдэг нэр томъёог сүүлийн 20 гаруй жил нэн замбараагүй, хамаагүй хэрэглэж иржээ.

 

Төрийн бус байгууллага бүхэн л академи гэдэг гоё нэр зүүхийг эрмэлздэг болсонтой энэ нь холбоотой. Сүүлдээ янз бүрийн сургалтын төвүүд бүгд академи гэдэг том малгай “өмсөв”.

 

Энэ нь сургалтын төвүүдийн хувьд элсэгч ахиухан авах гэсэн менежмент нь болжээ. Гадаад хэлний эсвэл хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын төвд сурснаас гадаад хэлний академи, хүний нөөцийн академид суралцах нь залууст илүү нэр хүндтэй байдаг бололтой. Ингээд диплом бүхэн академи гэсэн алтан боронзтой бичигтэй, толгойтой бүхэн академич гэдэг алдар гуншинтай болох аян өрнөжээ. Академи байгуулах энэхүү марафон шинжлэх ухааны байгууллагуудын дунд бол харьцангуй бага, харин боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын дунд тун ширүүн байгааг цөөн хэдэн жишээнээс харж болно. Сүүлийн үед хүний нөөцийн мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй, түүнийг дагаад энэ мэргэжлээр суралцах, мэргэших хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо олширсныг олж харсан овжин бизнесмэнүүд хүний нөөцийн гэсэн нэртэй олон янзын академиуд байгуулах болжээ. Хүний нөөцийн академи, Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи, Хүний нөөцийн цогц чадамж академи, Санхүүгийн удирдлага, хүний нөөцийн академи гэх мэт ганц нэгхэн үгний зөрүүтэй олон академиудад ирээдүйн хүний нөөцийн менежерүүдийн толгой эргэж гүйцнэ. Яг үүн шиг улстөрч, улс төр судлаач болохоор зорьж буй залуус Улс төр, боловсролын академи, Улс төр менежментийн академи зэрэг академиудын дунд төөрнө.

Монгол суу ухааны “Манукол” академи, Монголын эзотерик ухааны академи зэрэг тодорхой салбар, мэргэжлийнхэн байтугай бүх ард түмнийг төөрөлдүүлж, толгойг нь эргүүлж мэдэхээр академиудын нэр ч дуулддаг. Уг нь төрийн бус шинжлэх ухааны байгууллага буюу академиудыг хэрхэн цэгцлэх талаар хууль тогтоогчдын түвшинд 10 гаруй жилийн өмнөөс ярьсаар ирсэн ч тодорхой зохицуулалт хийж чадалгүй өнөөг хүрчээ. 2006 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэнчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байхад энэ асуудлыг зарим гишүүн хөндөж байсан юм. Тухайлбал, тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Янз янзын хүмүүс академич болж байна. Чингис хааны академич гэдэг, салбарын академич гэдэг, зүгээр л нэг дэд доктор болсон хүн академич болж байдаг. Зуух бүтээдэг хүн ч академич болж байдаг. Тэгэхээр энийг зааглаж ялгах хэрэгтэй байх" хэмээн хэлж байв. Мөн Д.Туяа гишүүн ч гэсэн шинжлэх ухааны байгууллагуудын статусыг тодорхой болгох, ялангуяа төрийн бус шинжлэх ухааны академиудыг төрийн бус байгууллагын тухай хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгийг тухайн үед хуулийн төсөл санаачлагчдаас асууж байсан юм.

 

Үнэхээр тухайн үед олон төрийн бус академиуд байгуулагдаад академич гэдэг цолыг зоргоороо, дур мэдэн олгож эхлээд байв. Тэр үеийн статистикийг шүүрдэж үзэхэд 2006 оны байдлаар Монголд төрийн бус академи 24 байжээ. Энэ тоо 14 жилийн дотор мэдээж хэд дахин өссөн байж таарна. Тооноос гадна чанар, агуулгын хувьд ч гэсэн монгол академиуд сонгодог утгынхаа эсрэг явсаар байгаа нь олон жишээнээс харагдана. Шинжлэх ухааны нээлт хийсэн хүн л академич гэж нэрлэгддэг байтал жирийн нэг загвар өмсөгч академич гэж цоллуулах нь эмгэнэлт инээдэм юм.

 

 

 

Манай улс Шинжлэх ухаан, технологийн хуульдаа “Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг, төрийн бус өмчийн шинжлэх ухааны академийн үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Гэтэл Төрийн бус байгууллагын тухай хуульд нь академи гэдэг үг, нэр томъёо байхгүй. Тиймээс өнөөгийн энэ олон академиуд хуулийн цоорхой дээр дөрөөлөн байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг л төрийн бус байгууллагууд, ихэнх нь сургалтын төвүүд ажээ. Тоогоо алдсан олон академи, академичдаа цэгцлэхгүй бол бид олон улсын өмнө ичгэвтэр байдалд орох вий. Тогооч, нягтлан, барилгачин, номлогчдыг академич болгодог монгол академиуд хөөрхий Платоныг хүртэл ичээх нь байна шүү.

 

МОНГОЛЫН АКАДЕМИУДЫН ЗАХ ЗУХААС

“Academy of Management” удирдлагын академи

“Амжилт" мэдээлэл технологийн академи

Англи хэлний академи

Банк санхүүгийн академи

Барилгын сургалт, хөгжлийн академи

Боловсрол, сэтгэл судлалын академи

Гадаад худалдааны академи

“Гүншим”академи

“Гэгээн Муза" академи

“Залуу манлайлал" хөдөлмөр, хүний нөөцийн академи

М-Си-Эсакадеми

Математикийн багш нарын академи

Монголын анагаах ухааны академи

Монголын оюун ухааны академи

Монголын театрын хөгжлийн академи

Монгол суу ухааны “Манукол” академи

Монголын үндэсний кино урлагийн академи

Монголын цогц сургалт хөгжлийн академи

Монголын эзотерик ухааны академи

Монгол уламжлалын академи

Монголын уран зохиолын академи

Мэдээллийн технологи, менежментийн академи

Мэргэжлийн ур чадварын академи

“Номт хувцас" загварын академи

Олон улсын стандартын академи

“Рояал” академи

“Сайн ажил" академи

Санхүүгийн удирдлага, хүний нөөцийн академи

Стратеги академи

Судалгаа хөгжлийн эрдмийн академи

Театрын хөгжлийн академи

“Титэм арт” академи

“Тomujin”академи

Удирдлагын академи

Улс төр, боловсролын академи

Улстөр менежментийн академи

Үндэсний старт ап академи

Үндэсний тагнуулын академи

“Хан"академи

“Хосмастер”шатрын академи

“Хурдан форвард” академи

Хууль сахиулахын удирдлагын академи

Хүний нөөцийн академи

Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи

Хүний нөөцийн цогц чадамж академи

Хүүхэд хөгжлийн академи

Чингис хааны дэлхийн академи

Шинэ цагийн удирдлагын академи

Эрүүл аж төрөх танин мэдэхүйн академи

 

 

Г.Хангарди

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)

    2020-07-31

    Энэ асуудлыг онцгой анхаарч учрыг нь олох цаг болсондоо. Академи нэр зүүсэн авахад ч хэцүү хаяж ч чаддаггүй нөхдүүдэд сонсголгүй байх болов уу?

  • зочин (127.0.0.1)

    2020-07-25

    Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг аль талаараа огт хамааралгүй зарим хүн сайд, дарга, элчин сайд, генерал, улсын баатар, гавьяат, хурандаа, доктор, профессор, академич, генерал, хурандаа гээд цол хэргэм авч ичих ч үгүй явах юм. Өгч буй нь ичихгүй, авч буйн ч ичихгүй болж дээ. Төрийн одон медалиуд ч замбараагаа алдсан. Ингэснээр Монгол улс хөгждөг юм бол хөгжих болсон. 500 айлын орон сууцыг хаяа нийлүүлэн барьчихаад машин зогсох, хүүхэд салхилах талбайгүй гээд гажиг юмыг гадныхан хараад гайхдаг байх. Академич болохын төлөө мандтугай.

  • Зочин (127.0.0.1)

    2020-07-24

    ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ НЭЭЛТ ХИЙСЭН, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛИЙН ДАГУУ Ш/У-НЫ БҮХЭЛ БҮТЭН КОНЦЕПЦИ БОЛОВСРУУЛСАН 10-20БОТЬ ЗОХИОЛТОЙ ХҮМҮҮС Л АКАДЕМИЧ БОЛДОГ БОЛХОНООС ХЭДЭН БҮТЭЭЛ ТУУРВИАД БУЮУ ДАРГА НАРТ ТААЛАГДСАН ХИЙГЭЭД ДАРГА НАРЫН СУУДАЛДАА ЦААШИД БАЙХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАДАГ ГЭХ МЭТ ДАРГА НАРТАЙ ХУВИЙН ЭРХ АШГААР ХОЛБОГДСОН ХҮМҮҮС АКАДЕМИЧ БОЛДОГГҮЙ .