Иргэдийн буруугаас болж үерийн ус авто зам руу бууснаар замын эвдрэл үүсгэж байна гэв

Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хороо, Их тойруугаас хойш чиглэлд Дарь-Эхийн 3.3 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсонтой холбогдуулан энэ сарын 28-наас эхэлж нэг сарын хугацаанд тухайн авто замыг хаагаад байна. Тус ажлын хүрээнд авто зам нь хоёр талаараа явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, L хашлагатайгаар бүрэн шинэчлэгдэж иргэдийн аюулгүй тав тухай зорчих нөхцөл боломжийг хангах аж. Уг авто зам зуслан руу чиглэсэн хоёр гол авто замын нэг. Иймд дээрх авто замыг хааснаар Долоон буудлын авто замын ачаалал эрс өсөх төлөвтэй байгаа тул хөдөлгөөний чиглэлээ зохицуулахыг холбогдох албаныхан анхааруулав. Мөн аль болох нийтийн тээврээр зорчихыг зөвлөлөө.

ЗАМ ТАВИХ НОРМ, СТАНДАРТЫГ НЬ ЯГШТАЛ МӨРДҮҮЛЖ БАЙГАА

(Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра)


-Энэ жил нийслэлд хэчнээн замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа вэ?

-Энэ жил ихэвчлэн гэр хороолол руу түлхүү зам тавьж байна. Улаанбаатар хотын төвийн авто замын сүлжээ хангалттай бий болсон. Одоо бид гэр хорооллын бүсүүд, тэр дундаа зүүн, баруун бүс рүү авто зам түлхүү тавихаар ажиллаж байна.

Нийт авто замын засвар, шинэчлэлтэй холбоотой 100 гаруй төсөл, арга хэмжээ байгаа. Төвийн замуудын хувьд авто замын сүлжээ хангалттай болсон учир явган хүний зам талбай, авто замын орц, гарцыг хаасан аж ахуйн нэгжүүдийн хашаа, байгууламжийг албадан буулгахад анхаарч байна. Ерөнхийдөө хотын хэмжээнд зам засварын ээлжит урсгал засвар 80 гаруй хувьтай явж байгаа. Сая үер уснаас болж замын эвдрэлүүд нэлээд гарсан. Эвдрэл үүссэн замууд ихэнхдээ өндөр насжилттай байгаа. Өөрөөр хэлбэл, 15, 20, 25 жил ашиглачихсан учир бүтцийн эвдрэл үүсч, үер уснаас болж эвдэрч байна. 23:00-06:00 цагийн хооронд хөдөлгөөний эрчим багассан үед авто замыг чийггүй болгож байгаад нөхөн сэргээлтийн ажлуудыг хийгээд явж байгаа.

Ерөнхийдөө өндөр насжилттай авто замууд дээр яаралтай шинэчлэлт хийх ёстой. Нөхөөд байх бус бүтцийн эвдрэлд орсон замыг шинэчлэх хэрэгтэй. Гэхдээ үүнд нийслэлийн төсөв хаанаа ч хүрэхгүй байгаа. Тиймээс автомашины хөдөлгөөн хамгийн ихтэй, бүтцийн эвдрэлд ихээхэн орсон замуудаа эхэлж засч байна. Үүнд Баянбүрдийн аюулгүйн тойрог, Тасганы овооны зам, “ТЭЦ-4”-ийн замыг дурдаж болно. Ирэх сард усархаг бороо орох урьдчилсан төлөв байгаа учир цаг хугацаатай уралдаж ажиллаж байна.

-Бороо ороход нийслэлийн авто замууд усанд автдаг үзэгдэл их байна. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-Гэр хорооллын арын өндөрлөг хэсгүүдийн айл, аж ахуйн нэгжүүд үерийн жалга, сувгийг шороогоор нягтаршуулж, хааснаас болж үерийн ус авто зам руу орж ирж, лаг шавар нь ус зайлуулах шугамыг бөглөж байна. Авто замын ус зайлуулах шугам сүлжээ гадаргуугийн усаа зайлуулах ёстой. Гэтэл үерийн ус зайлуулах шугам сүлжээ шиг болчихоод байна. Өнөөдөр цэвэрлэдэг ч маргааш нь лаг, шавар, хогтой үерийн ус төвийн замын шүүрт худгуудыг бөглөж орхидог. Үүн дээр Нийслэлийн Засаг дарга арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулж, нийслэл, дүүргээс зөвшөөрөл аваагүй, үерийн ус зайлуулах жалга, сувгийг таглаж буусан хүмүүсийг албадан буулгахаар ажиллаж байна. Гэхдээ энэ нь маш олон хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байна. Өрх толгойлсон, олон хүүхэдтэй айл өрхүүд гарч ирээд албадан буулгалт хийхээр ирсэн машин техникийн дугуйн доор орох, шанаган дээр гараад суучихдаг. Нэг айл өрх, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болоод нийтийн эрх ашиг зөрчигддөг.

Ер нь авто замын шүүрт худгуудыг нэмэх ажлыг жил болгон хийж байна. Гэхдээ энэ нь хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болж санасны зоргоор бүрэн дүүрэн хийгдэх бололцоогүй. Эхний ээлжинд хамгийн их ус тогтдог замуудын шүүрт худгуудыг нэмж байна. Тухайлбал, “Чингис” зочид буудлын зүүн хойд уулзвар дээр нуур шиг ус тогтдог байсан бол энэ байдал арилсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нарны гүүрний доор гэх зэрэг олон жишээ бий. Шинээр тавьж байгаа замуудын тухайд ус зайлуулах хоолой гэх зэргээр иж бүрнээр нь шийдээд явдаг.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, авто замын шүүрт худгууд маань тухайн авто замын гадаргын усыг зайлуулах зориулалттай болохоос биш үерийн усыг зайлуулах ёсгүй. Үерийн ус зориулалтын далан сувгаараа гадагшлах ёстой. Гэвч дээр хэлсэнчлэн жалга, сувгийг нь айл, албан байгууллагууд тагласнаас болоод үерийн ус зам руу орж ирж шугам сүлжээг бөглөх асуудал гардаг.

-Өнгөрсөн их борооноор зам урссан тухай мэдээлэл сошиалаар явж байсан. Энэ нь замын чанарт асуудал байна гэсэн үг үү?

-25 дугаар эмийн сангаас өгссөн Чингүүнжавын гудамж гээд зам байгаа. 3, 4 жилийн өмнө ингэж их үерийн ус орж ирдэггүй байсан. Яагаад үерийн их хэмжээний ус орж ирсэн гэхээр “Өргөө” кино театрын арын гэр хорооллын айлууд үерийн жалга сувгийг хаасан. Үүнийг албадан буулгах ажлыг зохион байгуулаад явж байна. Авто замын шугам сүлжээ замынхаа гадаргуугийн усаа зайлуулах стандарттай байтал их хэмжээний үерийн ус орж ирснээр зайлуулах боломжгүй болчихож байгаа юм. Өндөр насжилттай зам учир хагарал үүссэн. Тэр хагарал руу их хэмжээний үерийн ус хавж ороод замыг хуулж гаргаж ирсэн. Ерөнхийдөө Чингүүнжавын хөшөө рүү өгссөн замыг 1970-аад оны эхээр Оросууд анх бетоноор барьсан юм. Ингээд 2008 онд хатуу хучилттай авто зам болгосон. Арав гаруй жил үүргээ биелүүлээд явж байсан зам. Иргэд үүнийг буруугаар ойлгож муу, чанаргүй зам тавьсан мэтээр ярьж болохгүй.

-Ер нь замын чанарт тавих хяналт хангалттай байж чаддаг уу?

-Ер нь сүүлийн жилүүдэд бид бүх замаа норм, стандартыг нь ягштал мөрдүүлж байгаа. Бид авто замыг чанартай хийлгэхийн тулд Японы мэргэжилтнүүдтэй хамтарч гарын авлага гаргаж авсан. Энэ гарын авлагын дагуу тухайн авто зам доор хийгдэж байгаа далд ажлыг гүйцэтгэгч, захиалагчийн хоёр хяналтын инженер үе шат бүрээр нь метр тутамд (тухайн орчныг оруулан авна) баримтжуулан авч комисс хүлээн авахад хавсаргах юм. Хэрэв фото зургийг бүрэн хавсаргаагүй тохиолдолд энэ замыг чанаргүй хийсэн гэж үзээд хуулуулна. Зардлыг тухайн аж ахуйн нэгж өөрөө гаргаж хийх ёстой гэсэн хяналтыг гэрээн дээр тусгуулаад явж байгаа. Иймд сүүлийн үеийн авто замууд иж бүрдлээрээ, чанартай хийгдэж байна.

-Зуслан руу чиглэсэн авто замын ачаалал маш их болсон. Дарь-Эхийн авто замыг шинэчлэн зассанаар хөдөлгөөний ачааллыг бууруулахад хэрхэн нөлөөлөх вэ?

-Дарь-Эхийн зам дээр эвдрэл гарсан шалтгаан нь зүүн талын уулархаг газрын айл өрхүүд үерийн ус зайлуулах жалга, шугамыг хаасантай холбоотой. Ингээд үерийн ус орж ирж замыг их хэмжээгээр эвдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо тус замыг засварлах, шинэчлэх ажил эхлээд байна. Ус зайлуулах шугам хоолойтой нь дахин сэргээж хийж байгаа. Зам ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим тэнд саатахгүй. Замыг ирэх сарын 27 хүртэл хоёр хэсэгт хэсэгчлэн хаана.

ГЭР ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМЫГСОНГОЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

(Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очир)


-Иргэдийн зуслан руугаа явах гол зам учир Дарь-Эх, Долоон буудлын авто зам зуны улиралд ихээхэн ачаалалтай байдаг. тэгвэл Дарь-Эхийн авто замыг хааж, засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлснээр хөдөлгөөний ачааллыг зохицуулах чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-Тээврийн цагдаагийн албанаас зам засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалтыг эрчимтэй явуулж байна. Өдрийн цагаар Долоон буудлаас төв рүүгээ чиглэлтэй хөдөлгөөнүүд нэлээн ачаалалтай байна. Харин үдшийн цагаар эргээд буцах хөдөлгөөнүүд ачаалалтай болдог. Энэ нөхцөл байдалд тохируулж хөдөлгөөн зохицуулалтыг хийж ажиллаж байна. Тухайн зам засварын ажил БЗД-ийн II хорооны нутаг дэвсгэр Сансарын клонкоос Дарь-Эхийн дунд буудал хүртэл үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор жолооч нар зорчих хөдөлгөөний чиглэл, цаг хугацаагаа сайн тооцоолж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн гэр хороолол дундах замаа сонгох нь зүйтэй. Жишээ нь, Сансарын клонкоос хойшоо гэр хороолол дундуур явсан зам чөлөөтэй байгаа. Мөн Монелоор хойшоо Дарь-Эхийн зам руу нийлэх Ганц худгийн замыг сонгох боломжтой.

-Хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулж ямар зөрчил их гарч байна вэ?

-Урсгал сөрөх үзэгдэл их байна. Бид бүхний зүгээс хяналт шалгалтыг биечлэн болон камераар тогтмол явуулж байгаа. Тэгэхээр жолооч нар урсгал сөрөхгүй, бусдын эргэлт хөдөлгөөнд саад учруулахгүй, аюулгүй байдалд нөлөөлөхгүй байж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Г.БАТ

Б.ДАРИЙМ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)