Х.Ганхуяг: Уул уурхайн бүтээгдэхүүнээ солонгоруулснаар төсвийн орлого нэмэгдэнэ

“COVID-19" цар тахлын улмаас улс орнуудын төсвийн орлого буурч, алдагдал хүлээж байна. Манай улс 2020 оны нэгдсэн төсвөө 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан ч үүсээд буй нөхцөл байдлын улмаас эхний хагас жилийн байдлаар ийм хэмжээний алдагдал хүлээв. Төсвийн орлого олон хүчин зүйлээс шалтгаалж  буурсан ч экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ багасаж, үнэ буурсан нь голлон нөлөөлжээ. Иймд үүсээд буй нөхцөл байдлын улмаас орлого нь багасаж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжиж, эдийн засгаа тогтворжуулах зорилгоор төсөвтөө тодотгол хийхээр болоод буй. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг энэ онд 5-6 хувиар буурахаар байгаа ч ирэх жил ийм хэмжээнд, үүнээс ч илүү хувиар өсөх таамаглалыг холбогдох судалгааны байгууллагууд гаргажээ. Тиймээс манай улс цаашид төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд юунд анхаарах ёстой тухайд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Манай улс эдийн засгаа солонгоруулах тухай ярьдаг.

 

Экспортын гол бүтээгдэхүүн нь алт, зэс, нүүрс. Эхний ээлжид бид уул уурхайн бүтээгдэхүүнээ солонгоруулах ёстой. Тэгж байж манай төсвийн орлого дорвитой нэмэгдэнэ. Бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд асар их хөрөнгө оруулалт хийдэг ч экспортод гаргаж чаддаггүй. Учир нь, БНХАУ-ын импортын татвар маш өндөр. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт гэхэд л 25-30 хувийн татвартай учраас тус улстай худалдааны хэлэлцээр хийх ёстой.

 

Тиймээс би гишүүдтэй хамтарч Гаднын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжсэн лобби бүлэг байгуулахаар ажиллаж байна. Манайх чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон, Европын холбооны улс орнуудтай хийчихсэн. АНУ-тай ноос ноолуурын чиглэлээр хийх гэж байна. Уг нь манайх Европын улс руу 6000 бүтээгдэхүүн гаргах боломжтой ч бид гаргаж чадахгүй байна. Энэ нь үйлдвэрлэгчид мэдээлэл багатай, стандартаа хангаж ажиллаж чадахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, манайх евро стандартаас зөрүүтэй. Тиймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулна.  “Алсын хараа-2050” урт хугацааны баримт бичигт энэ талаар тусгасан байгаа. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш 10 орчим орны Элчин сайдтай уулзахад тэд гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих эсэхээ тодорхой болгохыг илэрхийлсэн. Бид Европын улс, Япон, Америк руу гадаад худалдааны ийм хэлэлцээртэй гэдгээ сурталчлах хэрэгтэй байна. Ингээд гаднын хөрөнгө оруулагчдыг татан үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2020-08-08

    Хэн ч хэлэх үгийг давтаж хэллээ.