Сургууль цэцэрлэгийн ойролцоох "хэвтээ цагдаа"-г шинэчилье

Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Хэдэн сар нам жим байсан сургууль, цэцэрлэгийн орчин хөл хөдөлгөөнтэй болж, хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ базааж эхэлжээ. Хашаа, хаалгаа будаж засварлахаас эхлээд хийх ажил мундахгүй.

 

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд багачуудын хөл хөдөлгөөн тасардаггүй. Тиймээс зарим автозамтай ойрхон байрладаг сургуулиуд хариуцлагатай жижүүр томилж, хүүхдүүдийг аюулгүй байдалд анхаардаг. Мөн сургууль, цэцэрлэгийнхээ ойролцоо хурд сааруулагчийг суурилуулсан байдаг юм. Багачууд хурд сааруулагчийг “хэвтээ цагдаа" гэдэг.

 

 

Тэдний хувьд хурд сааруулагч өөрсдийг нь аюулаас сэргийлэн хамгаалдаг цагдаа шиг санагдсан учраас ингэж нэрлэсэн байх. Сүүлийн хэдэн өдөр нийслэлийн зарим сургуулийн ойролцоо замд хэд хэдэн “хэвтээ цагдаа” суурилуулжээ? Тэдгээрийн зарим нь өмнө нь тавьж байсан хурд сааруулагчаас ялгаатай бөгөөд өндөр нам, өргөн бүдүүнээрээ ондоо. Зарим нь намхан байхад өөр нэг нь машин эвдэлчихээр өндөр юм. Үүнээс манай улсад хурд сааруулагчийн стандарт мөрддөггүйг харж болохоор байна. Мөн олон төрлийн материалаар хурд сааруулагч хийсэн байх бөгөөд эхнээсээ борооны усанд идэгдэн салж унажээ. Уг нь олон улсад резинэн хурд сааруулагч хэрэглэдэг стандарттай.

Түүнчлэн хурд сааруулагчийн тэмдэглэгээ дор хаяж 100 метрийн зайтай, тод өнгийн цацруулагч, гэрэлтүүлэгтэй байх ёстой. Гэтэл манай улсад энэ стандартыг мөрддөггүй. Үүнээс шалтгаалан аваар осол гарч, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох аюулгүй. Уг нь хурд сааруулагчийг аваар ослоос сэргийлэхээр суурилуулдаг биз дээ. Тиймээс ядаж шинээр суурилуулж байгаа хурд сааруулагчаа стандартын дагуу гүйцэтгэмээр байна. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчинд байгаа “хэвтээ цагдаа”-г засварлан шинэчилж хүүхэд багачуудаа авто ослын хохирогч болохоос сэргийлье.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)