Хүн төрөлхтөн, коронавирус хоёрын тэмцэлд хэн нь ялах бол?

Дэлхий даяар шинэ төрлийн вирус тархаад хэдийнэ зургаан сар гаруй хугацаа өнгөрчээ. Нэгдүгээр сарын сүүл үе гэхэд коронавирусаар 10 мянган хүн халдварлаж, 200 хүн нас бараад байв. Түүнчлэн Хятадаас өөр улсад нэг ч хүн амиа алдаагүй байсан. Гэвч гэнэтхэн олон оронд хурдацтай тархаж бидний амьдрал төсөөлж байгаагүйгээр өөрчлөгдлөө. Өнөөдрийн байдлаар 23 сая хүн халдвар авч 800 гаруй хүн нас барлаа. Анх 67 хоногт 100 мянган хүн, дараа нь 11 хоногт сүүлдээ дөрөвхөн хоногт 100 мянган хүн халдвар автлаа түргэн хугацаанд тархсан. Өдгөө цаг тутамд халдвар авагсдын тоо нэмэгдсээр байна. “Ковид-19” анх Хятад улсад тархсан ч өнөөдөр үр нөлөөг нь дэлхийн бүх хүн хүртэж байна. Азид анх дэгдсэн вирусын тархалтын голомт Латин Америкийн орнууд болж Брзаил улс халдвараараа АНУ-ын дараа бичигдэх болов. Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонароу хөл хориог эсэргүүцэж ард иргэдтэйгээ жагсаж, “Ковид-19”-ийг өчүүхэн ханиад хэмээн басамжилж байлаа. Гэтэл одоо Бразилд 3.5 сая хүн халдвар авч, 113 мянган хүн нас бараад зогсохгүй эрхэм ерөнхийлөгч өөрөө халдвар авсан юм. Дэлхий даяар олон хүн шинж тэмдэггүйгээр халдвар авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрэв.

Гэхдээ бид хуучнаасаа огт өөр “энгийн” амьдралд шилжих гэж хичээцгээж байна. Тухайлбал, Шинэ Зеландад анхны тохиолдол эрт бүртгэгдсэн ч хөл хорио тогтоож хилээ хааснаар цөөхөн хүн халдвар авч, тархалтыг хяналтдаа авч чадсан. Мөн Хятадтай хамгийн ойрхон Монгол улс цар тахлын нөлөөг тийм ч их хүртсэнгүй. Өнөөдрийн байдлаар 298 тохиолдол бүртгэгдэж нэг ч хүн нас бараагүй байна. “Монгол тархалтыг хязгаарлахын тулд сайн ажилласан. Коронавирус цар тахлын хэмжээнд хүрээгүй байхад тэд онц байдал зарлаж, олон улсын нислэгүүдээ цуцалж, сургуулиудаа хааж, иргэд нь маск зүүж, гараа ариутгаж эхэлсэн” гэж Лондоны их сургуулийн профессор Дэйвид Хэйманн ярилаа.

Харин Австрали хөл хорио тогтоож тархалтыг хязгаарлаад байсан ч Викториа муж гамшгийн хэмжээнд хүрлээ. Викториа мужийн нийслэл Мельбурн хотод дахин онц байдал зарлаж гэрээсээ таван километрээс хол явахгүй байхыг анхааруулав. Дээр дурьдсан зарим оронд өвчлөл бага байгаа ч бүх орон хэвийн амьдралдаа шилжсэний дараа дахин халдвар дэгдэхвий хэмээн хүн бүр санаа зовниж сууна. Учир нь  дахин тархахгүйгээр бүр мөсөн устана гэх баталгаа алга.Ингэхэд вакцингүйгээр вирусыг зогсоох боломж бидэнд байхгүй гэж үү. Одоогоор зургаан вакцин сүүлийн шатны туршилтаа хийж байгаа. Гэхдээ вакцин бүтээлээ ч үйлчлэхгүй бол бид яах вэ.  Хүн төрөлхтөн коронавирусыг хэрхэн ялах юм бэ?. Магадгүй аль тивд амьдардаг, ямар хэлээр ярьдаг, соёл, уламжлалын ялгаатай байдлаас үл шалтгаалан нэгдэж чадвал бид энэ вирусыг амжилттай ялж чадна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж:BBC               

Зууны мэдээ сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай