Таван зүйлийн есөн бодгалийг бөгжилсөн байна

Монголын шувуу хамгаалах төв, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори, Зүүн бүсийн дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл болон судлаачид Монгол орны зүүн бүс нутагт Чух нуураар дайран өнгөрдөг нүүдлийн эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийх намрын судалгаагаа эхлүүлсэн. Тэд долоо хоног бүр мэдээллээсээ хуваалцаж байгаа юм. Судлаачдын гурав дахь долоо хоногийн мэдээгээр нийтдээ таван зүйлийн есөн бодгалийг барьж бөгж зүүлгэсэн байна.

 

Судалгааны багийнхан нуурын болон нуур орчмын шувуудын бүртгэлээ өдөр бүр хийхийг хичээдэг бөгөөд ногоохон нугас, бор нугас, гэзэгт шумбуур зэрэг усны шувууд, морин цууцал, бүрдний хөгчүү, шугуйн хөгчүү, эгэл хайргын хөгчүү, нарийн хиазат зэрэг эргийн шувууд, ухаа дунхай, Умардын дууч шувуу, борлог дууч шувуу, дагуурын намнаахай зэрэг жижиг шувууд нуур болон нуурын орчмоор идэвхтэй нүүж байгааг ажигласан байна.

 

Түүнчлэн улаанхүзүү шумбуур, алаг шунгаач, халзан түнжүүр, хондон ангир, анхидал ангир зэрэг зүйлийн шувууд нууранд тогтмол байршиж байгааг олж мэджээ. Энэ хугацаанд Монголын шувуу хамгаалах төвийн судлаач Э.Баасансүрэн, Зүүн бүсийн Дархан цаазат газруудын ”Дорнод” хамгаалалтын захиргааны мэргэжилтэн О.Булган, МУБИС-ийн Биологийн багшийн ангийн гуравдугаар түвшний оюутнууд О.Адъяа, Т.Энхзаяа, Э.Эрдэнэхүү, МУИС-ийн Экологийн ангийн гуравдугаар түвшний оюутан Ц.Алтангэрэл, Дорнод аймгийн Чойбалсан хотын ерөнхий боловсролын V сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Халиун нар ажиллажээ.

Эргийн шувуудын намрын нүүдлийн идэвхжил Чух нууранд наймдугаар сарын эхээр нэмэгддэг байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)