Эрчим хүчний салбарын шуурхай хурал боллоо

Өнөөдөр буюу 8-р сарын 25-ны өдөр Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийн шуурхай хуралдаан онлайнаар боллоо. Шуурхай хуралдаанд эрчим хүчний салбарын 43 компани, аж ахуйн нэгжийн ерөнхий инженер, үйлдвэр эрхэлсэн дэд захирлууд оролцов. Хурлаар яамны зүгээс дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

- Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэх
- Аваар ослын үед ашиглах техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх
- Түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийх, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах
- Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр эрчим хүчний хэрэглээ багассан энэ цаг үед салбарын байгууллагууд шат шатандаа өр авлагаа барагдуулах өөрөөр хэлбэл станцууд уурхайнуудад өгөх өр төлбөрөө хурдан төлж барагдуулах
- Түлш эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай байгаа тул төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь дуусгах
- Удирдах ажилтнуудын ээлжийн амралтыг зөв зохион байгуулж, яаралтай ажилд нь оруулах
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг үүрэг даалгаварыг өглөө.

Манай компанийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 63 хувьтай, өнөөдрийн байдлаар авахад бэлэн нүүрсний нөөц 483 мян/тонн байна. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан цаг агаарын сааталд орж 7-р сард 10 хоног, 8-р сард 25-ны өдрийн байдлаар 10 хоног зогссон хэдий ч уурхайчид маань төлөвлөгөө нормоо биелүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна. Үүний үр дүнд станциудын гадаа байгаа нүүрсний нөөцний 60 хувийг Багануурын уурхайн нүүрс эзэлж байна хэмээн эрчим хүчний дэд сайд онцоллоо.

Хурлын үеэр компанийн зүгээс станцуудыг өр төлбөрөө хурдан төлж барагдуулах талаар болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг дуусгахад шаардлагатай байгаа 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх талаар дэмжлэг хүслээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар манай компанийн асуудлыг авч хэлэлцсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)