Баянзүрхийн 20, Сонгинохайрханы 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороог түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд нэмсэн

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр мэдээллээ.

Агаарын чанарыг сайжруулах 154 хорооны 99 хороо нь гэр хороолол байдаг.

Нийслэлийн хэмжээнд таван хороо түүхий нүүрсийг хориглох бүсэд ороогүй байсныг Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан- Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд оруулж, 2020-2021 оны өвөл тус таван хорооны иргэд, ААН-үүд сайжруулсан шахмал түлш хэрэглэх шинэ хэрэглэгчид болж байгаа аж.

Иймд тус хороодод холбогдох сургалтуудыг явуулсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил хэлэв.

Мөн НМХГ-аас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд тогтмол хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.

Агаарын бохирдлыг бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл. Тэр дундаа дизель хөдөлгүүртэй машины тээврийн хэрэгсэл нь өндөр хувийг эзэлдэг.

Иймд энэ жил ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 17 ААН-ийн 281 дизель хөдөлгүүртэй ачаа тээврийн хүргэлтийн машинуудад тортогжилтийн хэмжээнд MNS50142009 стандартын дагуу хэмжилт хийсэн. Шалгалтаар 70 хувь нь утааны тогтворжилтын хэмжээ нь стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарсныг НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Бат-очир хэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)