Ж.Дэлгэрсайхан: Сонгуулийн дараа улсын төсвийг тодотгосон нь зөв шийдвэр болсон

Улс  орны эдийн засгийн өнөөгийн байдал, улсын төсвийн тодотголын хүрээнд СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-УИХ-аар хэлэлцэж Монгол Улсын төсвийг тодотгосон тухайд эдийн засагч, судлаачид өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Таны хувьд ямар санал бодолтой байна вэ?

-Улсын төсвийн тодотголын хувьд цаг хугацаа, бодит байдалтай санал нэг байна. Сонгуулийн өмнө төсвийг тодотгох шаардлага үүссэн боловч нөхцөл байдал, уур амьсгал халуун байсан бөгөөд Монгол Улсын төсвийн институц буюу төсвийг тодотгож батлах үйл явц нь улс төрийн нөлөөлөл өндөртэй байлаа. Тиймээс хавар дөрөвдүгээр сард нэг хууль баталж, тодорхой орон зай гаргаж байгаад төсвийн дотор зарим зохицуулалтыг хийгээд явсан. Үүнийг зарим эдийн засагч хууль зөрчсөн гэж үзэж байгаа ч УИХ-ын сонгуулийн дараа улсын төсвийг тодотгосон нь зөв болсон гэж бодож байна. Гэхдээ энд тодруулбал зохих зарим зүйл бий. Тухайлбал, төсвийг тодотгох нь зүйтэй ч нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж, эдийн засаг унасантай уялдуулж тодруулах зүйл байгаа юм. Юуны өмнө, төсвийн алдагдал яагаад ийм өндөр байна вэ. Төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөг байна гэдэг нь Монгол Улсын төсвийн орлого, зардалтай харьцуулахад том тоо. Энэ нь бидэнд томоохон эрсдэл авчирна. Гэхдээ дээрх алдагдал гарцаагүй байсан уу, бууруулах боломж байгаагүй юу. Үүнтэй уялдаад төсвийн зардлаа хэмнэх боломжит хэмжээнд хүртэл танаж чадсан уу гээд олон асуулт урган гарна. Хоёрдугаарт, урсгал зардлын асуудал байна. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардлаас нийт 400 гаруй тэрбум төгрөг танасан гэх нь 10 их наядаар баталсан төсвийн хувьд хангалттай хэмнэлт гэж хэлэхэд хэцүү. Аливаа зүйлийн үр ашгийг нь тодруулахгүйгээр энэ хэмжээний алдагдалтай байна гэж тооцох нь учир дутагдалтай юм.

 

-Энэхүү алдагдлыг бодитой тооцохын тулд юуг анхаарах ёстой вэ?

 

-Төсвийн зардлын бүтцийг илүү сайжруулж, тодорхой болгох шаардлагатай. Нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулсан, Монгол Улсыг ирээдүйд эрсдэлд оруулахгүй байх томоохон, зөв бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтаа хийгээд бусдыг нь “царцааж” болоогүй юмуу гэх эргэлзээ байна. 

 

-Энэ жилийн хувьд том тоотой бондуудын эргэн төлөлтийн дарамтгүй байгаа нөхцөлд төсвийг ийм их алдагдалтай батлах шаардлага байсан уу. Ер нь эдийн засагт эерэг зүйл байна уу?

 

-Эерэг талаас нь харвал сүүлийн гурван жилийн улсын төсөв өмнөх жилүүдээс сайжирсан. Алдагдал тодорхой хэмжээгээр буурч, төсөв нэмэх дүнтэй гарсан зэрэг нь дотоод, гадаадад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гадаад зах зээлийн таатай нөхцөлтэй холбоотой. Монгол Улс “Ирээдүйн өв” сандаа мөнгө хуримтлуулж эхэлж, энэ онд нэг их наядад хүргэхээр төлөвлөж байлаа. Гэтэл “СOVID-19” цар тахалтай холбоотойгоор байдал өөрчлөгдөж, онцгой нөхцөлд тохирсон төсвийн бодлого хэрэгжүүлэхээс аргагүй болсон. Энэ хүрээнд Засгийн газраас зарласан хөтөлбөрүүд эдийн засгийн агуулгаараа зөв байсан. Иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах талаар цөөнгүй арга хэмжээ авсан гэж үзэж байна. Харин бизнесийг дэмжих, орчныг бүрдүүлэх тал дээр харьцангуй сул ажилласан гэж хэлж болно.

 

Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт түлхүү анхаарч, сайн ажилласан. Цаашдаа боломжийг алдсан гэж шүүмжлэхээс илүүтэй хамгаалалтын шинж чанартай, өнөөдрийн болон ирээдүйн эрсдэлийг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого чухал болоод байна. Үүнд төсвийн зардлыг хамгийн оновчтой болгох, алдагдлыг боломжит бүх хэлбэрээр бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах шаардлага тулгараад байгаа юм. Учир нь, эдийн засаг ирэх онд магадгүй таатай байж болох ч макро эдийн засаг, төрийн зардлын хувьд томоохон дарамтуудыг үүрэх болно. Тиймээс хил гаалийн хорио цээр, зарим дэглэмийг суллах арга хэмжээг судалгаа, шинжилгээг үндэслэн ойрын үед авах хэрэгтэй болов уу гэж бодож байна. 

 

 

 

Цар тахлын улмаас бизнесийн бүх салбар суларч, оны эхний хоёр улиралд эдийн засаг 10.7-9.7 хувиар унасан нь Монгол Улсын эдийн засаг эмзэг, хэврэг байгааг харуулж байгаа хэрэг. Гэвч иргэдийн амьжиргааг хамгаалахын тулд Засгийн газраас зургаан их наяд төгрөгийн хөтөлбөр зарлаж хэрэгжүүлсний хүчинд нөхцөл байдал тийм ч доор орчихоогүй байна.

 

 

 

-Цаашид энэ хүнд үеийг хохирол багатай даван туулах гол гарц нь юу гэж харж байна вэ?

 

-Бизнесийн орчныг дэмжих, зээлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь иргэдийн амьжиргааг унагахгүй байх, ирээдүйн төсөвт учирч болох эрсдэлийг даван гарах үндсэн суурь болно. Төсвийн тодотгол дээр энэ талын бодитой зорилго, зорилт тодорхой тусгагдаагүй байна. Бид уул уурхайн салбараа сэргээж, экспортоо хэрхэн нэмэгдүүлэх, бизнесийн бусад салбарыг яаж хөл дээр нь богино хугацаанд босгох талаар онцгой анхаарах ёстой.

 

-Ард түмний амьжиргааг хамгаалах талаар сайн ажиллаж байна гэж та дүгнэлээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэлсэн нь тэдгээрийн нэг болох байх. Энэ нь хэр цагаа олсон ажил гэж бодож байна вэ?

 

-Өмнөх Засгийн газрын үед гарсан шийдвэрийг өнөөдөр ажил болгож хэрэгжүүлсэн нь зөв байлаа. Сүүлийн 10 гаруй жилийн турш ярьж, иргэдийн хувьцаа нь “амь ордоггүй", ногдол ашиг тарааж байгаагүй, Монголын дийлэнх иргэн хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчит компани ийм ажил хийсэн нь сайн хэрэг. Энэ нь иргэдэд ч эерэг нөлөө үзүүлж байгаа.

 

 

 

Монгол Улсын эдийн засаг төсвийн өнөөдрийн хүнд нөхцөл байдлын үед “Эрдэнэс Тавантолгой” хувьцааныхаа ногдол ашгийг тарааж байгаа нь иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр дэмжлэг болно.

 

 

 

Хамгийн гол нь тухайн компани техник технологио шинэчлэх, дэд бүтцээ сайжруулах, усны асуудлаа шийдэх замаар үр ашгаа дээшлүүлж гэмээнэ төрийн өмчит компаниас ч ашиг хүртэж болохыг иргэд, олон нийт мэдрэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд оролцох хувьцаа эзэмшигчдийн идэвх, хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж харж байна.

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)