Н.Бямбадорж: Регистрийн дугаараар өөрийн тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгах боломжтой

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс бүртгэл, үйлчилгээ, дугаар олгох, техникийн өөрчлөлтийг бүртгэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл өгөх, улсын бүртгэлээс хасах зэрэг олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж нийслэлийн 9 салбар, 21 аймгийн 23 салбараар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржтой ярилцлаа.

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд хичнээн тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна вэҮүнээс хичнээн нь нийслэлд бүртгэгдсэн байдаг вэ? Импортоор тээврийн хэрэгсэл өдөрт дунджаар хичнээн бүртгэгдэж байгаа вэ?

-Тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр импортолсон автотээврийн хэрэгслийн тоо, тэдгээрийн шилжилт хөдөлгөөний ачаалал жил бүр нэмэгдэж байна. Тухайлбал: Монгол улс 1995 онд нийт 60212 тээврийн хэрэгсэлтэй, 2010 онд 254486 тээврийн хэрэгсэлтэй  байсан бол  өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 108 376  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 55 хувь нь нийслэлд, 45 хувь нь орон нутагт  бүртгэлтэй байна. Импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэл өдөрт дунджаар 300-400 орчим бүртгүүлж улсын бүртгэлийн дугаараа авдаг. Өөрөөр хэлбэл өдөр бүр зам дээр ийм тооны тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна гэсэн үг.

-Тээврийн хэрэгслийн бүртгэл болон дугаар олгохтой холбоотой асуулт иргэдийн зүгээс багагүй ирдэг. Эдгээр үйл ажиллагааг танай байгууллагын зүгээс цахим хэлбэрт шилжүүлж, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болсон байна. Энэ талаар?

-Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого, Засгийн газрын Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай 2018 оны 259 дүгээр тогтоол, 2019 оны Цахим засаглал үндэсний хөтөлбөр батлагдан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Тухайлбал, Төрийн мэдээлэл солилцооны Хур системтэй холбогдсон шинэ бүртгэлийн программыг 2019.07.24-ний өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад https://burtgel.transdep.mn цахим хаягаар улсын дугаарыг ил тод, нээлттэй сонгох боломжийг бүрдүүллээ. Хурууны хээ уншигч төхөөрөмж ашиглаж, Иргэний бүртгэлийн цахим сангийн  мэдээлэлтэй тулгаж баталгаажуулдаг  болсон нь өмчлөгчийн бүртгэлтэй холбоотой аливаа зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн иргэд тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийн ТҮЦ машинаас авдаг болсон нь чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна. Үүнээс гадна Автотээврийн үндэсний төвийн https://www.transdep.mn/byRegister.php цахим хуудаснаас регистрийн дугаараар нэвтрэн өөрийн тээврийн хэрэгслийн мэдээллээ харах, шалгах боломжтой болсноор иргэд өөрийн ашигладаггүй тээврийн хэрэгсэл дээр татвар болон торгуулийн өр үүсгэх эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой ажил болсон. Нийслэлийн бүртгэлийн салбаруудын үйлчилгээний зааланд Гэрэгэ киоск машиныг байршуулан 2019.07.03-ны өдрөөс эхлэн бүртгэлийн үйлчилгээний тэмдэгтийн хураамжийг  төлөх боломжийг бүрдүүлж, тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж иргэд олон нийтэд талархал хүлээгээд байна. Бидний үйлчилгээгээ цахимжуулах үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх ажил цаашид ч үргэлжилэх болно.

-Иргэд азын гэх дугаар гэж их ярих болсон. Эдгээр дугаарууд ямар боломжоор олгогддог вэ?

-Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, Зам,Тээврийн Сайдын 2015 оны 296 дугаар тушаарлаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг  зохион байгуулан ажилладаг. Таны хэлсэнчлэн дугаар, тоонд ач холбогдол өгдөг сонирхдог иргэд олон бий, үүнийгээ “азын” гэж нэрлээд буй. Бас сонирходдоггүй ач холбогдол өгдөггүй иргэд ихэнх нь байдаг. Ер нь сери бүрт 300 орчим дугаар л иргэдийн сонирхдог “азын” гэх дугаар байдаг. Шинэ сери нээгдсэн эхний өдөр эдгээр дугаар нь дуусдаг биш, иргэн бүрт боломж олгох хүртээмжтэй байлгах зорилгоор иргэдийн сонирхдог дугаарыг санамсаргүй байдлаар унадаг байхаар программчилж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийн сонирходог дугаар өдөр бүр захиалгын цонхонд гарч байна гэсэн үг. Улсын дугаарыг иргэд хүссэн газраасаа гар утас, таблет, комьпютер ашиглан хэзээч захиалах боломжтой болсон тул манай дугаар захиалгын сайтад олон иргэн зэрэг ханддаг ачаалал өндөртэй байдаг.

 -Дугаарын нөөцийн талаар? Хичнээн серийн хэдэн дугаар байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 56 сери,  орон нутгийн 78 серийн дугаар ашиглагдаж байна. Улсын бүртгэлийн дугаарын нөөцийг хоёр арга замаар нэмэгдүүлдэг нэг нь шинэ сери гаргах, нөгөөх нь ашиглах боломжгүй болсноор бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн дугаарыг чөлөөлж нөөцийг нэмэгдүүлдэг . Ер нь улсын дугаарын нөөц бол хангалттай байгаа.

-Ашиглагдахгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасалт хийлгээгүй  улмаас татварын өр үүссэн асуудал багагүй байдаг. Иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ? Өөрийн эзэмшлийн бус тээврийн хэрэгсэл тухайн иргэний өмчөөр бүртгэлтэй бол энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улсын бүртгэлд бүртгэлтэй  боловч тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй болон ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулдаггүй,  бусдад худалдсан тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүй шилжүүлсэн гэж бодоод яваад байгаа боловч шилжилт хөдөлгөөн хийгдээгүй тээврийн хэрэгсэл улсын хэмжээнд багагүй байгаа.

Иргэд маань тээврийн хэрэгсэл худалдсан, худалдан авсан шилжүүлсэн бол тухай бүрт тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэж өмчлөх эрхээ баталгаажуулдаг байх хэрэгтэй, цаг хугацаа өнгөрөх бүр авсан өгсөн хүнээ олохоо байх улмаар цааш худалдан борлуулах боломжгүй болох, баримт бичгийн зөрчилтэй болох зэргээр хүндрэл үүсч эхэлдэг. Зарим иргэд худалдан авсан тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлэлгүй олон жил унаж ашигладаг, хэт хэнэггүй хандлагатай байдаг зарим нь ийм замаар торгууль татвараас зугтдаг этгээд ч байдаг бололтой.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслээ худалдах бусдад шилжүүлэхдээ хичнээн нотариат итгэмжлэл өгсөн байсан ч бүртгэлд дээрээ өөрчлөлт оруулаагүй л бол хуучин бүртгэлтэй эзэмшигчийн хаягаар торгууль татвар нь очно гэсэн үг. Тиймээс бүртгэлээ цаг хугацаанд нь хийж байх хэрэгтэй. Мөн ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгсэлээ нэн даруй бүртгэлээс хасуулахгүй бол таны нэр дээрх тээврийн хэрэгсэл татварын өр үүсгэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь зөвхөн иргэн ч биш зарим байгууллага аж ахуйн нэгж ч бүртгэл хяналт сулаас хичнээн тээврийн хэрэгсэлтэйгээ мэддэггүй, татвар өр хуримтлагдах, замын хөдөлгөөний зөрчлийн торгууль тооцогдож, хаана хэнд хандахаа мэдэхгүй байдал үүсдэг. Иймээс энэ асуудлаа шийдвэрлэхэд иргэд байгууллагад туслах, мэдээлэл өгөх зорилгоор Тус үйлдвэрийн газрын веб сайт болох www.transdep.mn цахим хаягаар орж  Эзэмшигчийн регистерийн дугаараар тээврийн хэрэгсэл хайх цонхыг шинээр нээж байршуулсан. Иргэд, байгууллага дээрх хаягаар нэвтэрч, өөрийн регситрийн дугаарыг оруулахад өөрийн нэр дээр нь бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн мэдээллээ авах боломжтой болсон. Мөн манай Автотээврийн төвийн лавлах утас болох 1900-1234 дугаарын утсанд холбогдох болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн салбарууд дээр очиж мэдээллээ авах бүрэн боломжтой гэдгийг дуулгая.

-Иргэд тээврийн хэрэгсэл ашиглалттай холбоотой өөр юуг анхаарах хэрэгтэй вэ. Иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас хохирох явдал багагүй байх шиг байна?

-Тээврийн хэрэгсэл өмчлөгч эзэмшигч нь хуулиар хүлээсэн татвараа төлөх жил бүр техникийн хяналтын үзлэг хийлгэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох зэрэг зайлшгүй биелүүлэх үүрэгтэй байдаг. Автотээврийн тухай хуульд зааснаар автотээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нь автотээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан, зориулалтын, зөвшөөрөгдсөн байр, зогсоол, талбайд тавих, техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах үүрэгтэй.

Монгол улсад 1 сая 100 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа боловч сүүлийн 5 жил буюу түүнээс дээш хугацаагаар ороогүй, мөн дээрх хугацаанд татвараа төлөөгүй 164 мянган тээврийн хэрэгсэл байна. Иймд бид тээврийн хэрэгслийн тоог бодитой тогтоож байгууллагын үйл ажиллагааг зөв төлөвлөх, тээврийн хэрэгслийн бүртгэл ашиглалттай холбоотой хууль дүрэм журмуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор ашиглах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах, бүртгэлийн мэдээллийг шинэчлэх ажлыг  эхлүүлээд байна. Энэ ажлыг цагдаа, татвар, засаг захиргааны нэгжүүдтэй хамтран ажиллаж холбогдох хууль журмын хэрэгжилтийг хангуулах боломжтой гэж үзэж байгаа.

Эх сурвалж: АТҮТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)