О.Солонго: Томуугийн вакциныг хийлгэх тохиромжтой үе нь аравдугаар сар

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч, АУ-ны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонготой ярилцаж, томуугийн вакцинжуулалтын талаар тодрууллаа.

-Томуугийн вакциныг зарим хувийн эмнэлгүүд хийж байгаа. Вакцин хийх тохиромжтой хугацаа нь хэзээ вэ?

-Улирал хоорондын энэ үеийг ханиад шуухинаагийн үе гэж үздэг. Ард иргэд томуугийн үе эхэлсэн гэж андуурах тохиолдол байна. Томуугийн вирус нь хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдарч эмгэг төрүүлэх шинж чанартай болдог. Улирлын томуу нь жил бүрийн 11 дүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт байдаг. Гэвч өвчлөлийг 100 хувь бууруулна гэсэн үг биш юм. Өвчлөлийг багасгах, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг багасгах үр дүнтэй байдаг.

 

Томуугийн дархлаажуулалтад манай улс жил бүрийн аравдугаар сарын 01-ээс 15-ны хооронд идэвхтэй хамруулдаг. Энэ үе нь хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно.

 

 

 

Энэ жил ЭМЯ-аас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамрууулахаар болсон. Өмнөх жилүүдээсээ хэд дахин өндөр дархлаажуулалтанд хамруулж байгаа. Вакцин хийхдээ эцэг, эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг байгаа. Хувийн эмнэлгүүдийн хувьд цөөн тоогоор оруулж ирж хийдэг учраас сайн дурынхан төлбөрөө төлөөд хамрагддаг.

 

-Томуугийн вирус ямар онцлог шинжтэй вэ?

 

-Амьсгалын замын цочмог халдвар нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Сэрүүн бүсийн орнуудад ард иргэд томуу, томуу төст өвчинд жилд 5-6 өртдөг байна. Томуу нь томуугийн вирусаар үүсгэгддэг, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг амьсгалын замын цочмог халдвар юм. Вирус нь А, B, С хүрээний хэв шинжтэй.

 

 

Томуугийн халдвараас сэргийлэх нийтлэг арга хэмжээ бол өвчилсэн хүнтэй хавьтахаас зайлсхийх, амны хаалт хэрэглэх, гараа угаах, зөв ханиаж найтаах, шингэн зүйл ойр ойрхон уух, зөв асаргаа сувилгаа-дулаан байлгах, илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, сайн унтаж амрах зэрэг байдаг.

 

 

Томуугийн урьдчилан сэргийлэх тарилга /вакцин/ нь уг вирусийн эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан зохиомлоор дархлаа тогтоох тарилга юм. Томуугийн вакцин хийлгэсний дараа вирусийн халдвар авахад дархлаа тогтолцоо үр дүнтэй идэвхжиж вирусийг устгаж биеэс зайлуулах урвал явагдана. Вирус дархлаа тогтолцоонд устахгүй амьсгалын замын эсэд халдварлан өсөж үржсэнээр томуугаар өвчилнө. Улмаар халуурах, бие зарайх, жихүүцэх, ханиах, хоолой сөөх, өвдөх, шингэн нус гоожих, булчин биеэр хөндүүрлэх, толгой өвдөх ба ядарч сульдах шинж илэрдэг.

 

-Томуугийн вакцинд нэн тэргүүнд хамрагдах зорилтот бүлэгт хэн хэн ордог вэ?

-Томуугийн дархлаажуулалтанд бага насны хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд архаг өвчин эмгэгтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудыг нэн тэргүүнд хамруулдаг.

-Томуугийн вакцин хэр хугацаанд үйлчилдэг вэ. Ямар шинж тэмдэгтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэж болохгүй вэ?

-Томуугийн вакцин хийлгэсний дараа олдмол дархлаа хамгийн багадаа 14 хоногт үүснэ. Судалгаагаар вакцины дархлаа тогтоох чадвар дунджаар 5 сар байдаг байна.  Ханиад бүрэн эдгээгүй, ханиадны (халуурсан, ханиалгасан, нус гоожсон гэх мэт) шинж тэмдэг илэрсэн үед, бусад товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол дархлаажуулалтанд хамрагдахгүй. Мөн өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан, өндөг, тахианы мах болон тахианы бусад бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүмүүс, тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөхгүй.

Тарилга хийсний дараа тухайн газар улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын шинж, мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр шинжүүд нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг. Тарилга хийлгэснээс хойш хоёр хоног ус хүргэхгүй байна.Маш ховор тохиолдолд харшлын урвал, анафилаксийн шок илэрч болно.

 

Баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)