О.Амартүвшин: Богино хугацаанд бүх зүйл хэвэндээ орж эдийн засаг сэргэх боломжгүй

Засгийн газар цар тахлын хөл хориог дотооддоо бүрэн цуцлаад байна. Хөл хорионы улмаас үүдээ хаасан үйлчилгээнүүд сэргэж, сургууль соёлын үйлчилгээ жигдрэнгүүт эдийн засагт сэргэлт ажиглагдах уу гэсэн асуултыг бид МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинд тавьсан юм. Түүнтэй хийсэн тодруулга ярилцлагыг хүргэе.


-Шинэ хичээлийн жил эхэлж байна. Удахгүй оюутнуудын хичээл сургууль эхэлнэ. Бүх төрлийн үйлчилгээний газруудын хорио цээр цуцлагдаад хэвийн ажиллаж эхэллээ. Энэ урсгал эдийн засагт том эргэлт бий болгож, сэргэлт авчрах уу?

-Энэ бол мэдээж эдийн засагт маш том эргэлт бий болгоно. Үүнийг дагаад худалдаа сэргэнэ. Монголбанкны танилцуулсан судалгаагаар худалдаа, үйлчилгээний салбарын үйлчилгээ нэлээд буурсан дүр зураг гарсан. Хорио цуцалснаар эдгээр үйлчилгээний хувьд сэргэлт ажиглагдана. "Ковид-19" дан ганц худалдаа үйлчилгээ биш өөр олон салбарт сөрөг үр нөлөө үзүүлсэн. Наад захын том жишээ нь аялал жуулчлал байна. Жуулчлалтай холбоотой салбаруудын олох ашиг эргэж нөхөгдөхөд хэцүү. Хөнгөн үйлдвэрлэлтэй холбоотой салбар ч төвөгтэй нөхцөлд байгаа. Мэдээж сурагч, оюутнууд хэвийн горимоор хичээллэх нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

-Кино театрын үйл ажиллагаа сэргээд удаж байгаа. Кино театрын бизнес ер нь ямархуу байгаа бол?

-Сая хөл хориог нь цуцалсан үйлчилгээнүүдээс кино театрын үйл ажиллагаа сэргээд багагүй хугацаа өнгөрсөн нь үнэн л дээ. Гэсэн хэдий ч сэргэлт мэдрэгдсэн зүйл алга. Үзэгч багатай хэвээр байгаа. Магадгүй оюутнуудын урсгал нэмэгдвэл хэвийн болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ тодорхой хугацаа хэрэгтэй л дээ. Ер нь олон сар хөл хорионы нөхцөлд байна гэдэг олон сөрөг нөлөөг аль хэдийнэ авчирчихсан. Иргэдийн гар дээрх орлогод сөрөг нөлөө үзүүлчихсэн. Хэдийгээр хүүхдийн мөнгө олголт үргэлжилж байгаа ч тэр мөнгөний зарцуулалт хүнсний хэрэглээнд л зарцуулагдаж байна. Өргөн хэрэглээний бараа, бусад бараа үйлчилгээний хэрэглээ төдийлөн сэргэхгүй байгаа.

-Хувийн хэвшлээ дэмжээч гэсэн саналыг МҮХАҮТ-аас оны эхэнд л тавьсан. Хожим нь удаа дараа ийм хүсэлт тавьсан ч засаг зүгээс мэдрэгдэхүйц дэмжлэг үзүүлээгүй. Ийм шалтгаан байгаа учраас үйлчилгээний бизнесүүдийн үйл ажиллагаа сэргэсэн ч эдийн засаг хэвийн байдалдаа ортлоо хугацаа шаардана гэсэн үг үү?

-Гуравдугаар сарын 23-наас эхлээд л МҮХАҮТ-ын зүгээс Засгийн газар, УИХ, УИХ-ын байнгын хороо, Монголбанк, мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай маш олон талаар хамтарч ажилласаар өнөөг хүрсэн. Удаа дараа санал хүсэлт хүргүүлсэн. Бизнесийн орчны судалгааг ч удаа дараа хийж, байдал ямар байгааг танилцуулж байсан.

Гэвч засаг зүгээс хувийн хэвшилтэй холбоотойгоор авах ёстой арга хэмжээг аваагүй гэх мэт цаг алдсан зүйл их бий. Бид энэ байдлыг дан ганц Монголд биш, дэлхий дахинд ажиглагдаж байгааг ойлгож яваа. Гэхдээ цаг алдалгүй авах арга хэмжээнүүд байсан. Шийдвэрүүд нь байгаа оноогүй, үр дүнгүй өнгөрсөн зүйл их бий. Жишээ нь, өнөөг хүртэл сургууль, соёлын бүх газрыг хаасан. Үйлчилгээний газрууд тодорхой хязгаарлалттай байсан. Голлох худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд эргэж сэргэхэд хэцүүгээр хүндэрсэн тал байгаа. Буцаад хэвийн болтол хугацаа хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, богино хугацаанд бүх зүйл хэвэндээ орж, эдийн засаг сэргэнэ гэсэн ойлголт байхгүй.

-Хямралын үед хэрэглэгчдийн зан төлөвт өөрчлөлт ордог, тэр нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэл үү?

-Хямралын үед хэрэглэгчийн зан төлөвт өөрчлөлт ордог. Худалдааны зан төлөв гээд маш олон зүйлд хямрал, цар тахал өчнөөн сөрөг нөлөө үзүүлдэг.

-Цар тахлын хоёр дахь давлагаа эдийн засагт өнөөгийнхөөс илүү сөргөөр нөлөөлж магадгүй гэцгээж байна. Манай улс ч гэсэн лав л он дуустал болгоомжилсон хэвээр байх юм шиг байна…?

-Болгоомжлолыг бүх түвшинд бий болгочихоод байгаа. АНУ, Австради гэх мэт бусад улс оронтой харьцуулахад мэдээж Монгол дотроо алдаагүй нь үнэхээр том, чухал зүйл мөн үү гэвэл мөн. Энэ бол үнэхээр эерэг нөлөөлөл. Бусад улс оронд гэр орноосоо гарахгүй, гарлаа гэхэд зөвхөн хүнсний дэлгүүр орох, хүнсний дэлгүүр ороход хүртэл цагийн хязгаар үйлчлэх гэх мэт хатуу хориг үйлчилж байгаа. Учир нь ковидын хоёр дахь давлагаа бодитойгоор нүүрлэчихсэн. Эдгээр улс орнуудтай харьцуулахад манайд дотроо алдаагүй гэдэг нь маш том давуу тал. Гэхдээ энэ зөв цэгээ зөв хянаад нээлттэйгээр харьцангуй зөв зохион байгуулах шаардлагатай.

-Цар тахлын үед бизнесийнхэнд тулгарсан хамгийн том асуудал гэвэл юу байна?

-Бизнесийнхэнд анхнаасаа тулгарсан, одоо ч тулгараад байгаа нэг том асуудал бий. Хөдөө аж ахуйгаас бусад салбар бултаараа уналттай байна. Орлого буурахын хэрээр бэлэн мөнгөний хомсдолд ордог. Тэр хэрээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилт хүндэрдэг. Бүр цаашилбал цалин мөнгө, түрээс, цахилгааны төлбөр гэх мэт бусад зардлуудаа шийдэхэд хүндрэлтэй болж ирдэг.

Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг шийдэх, банкуудыг мөнгөжүүлэх гэх мэт асуудал дээр төр эрс шийдэмгий бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж компаниудаа бага хүүтэй, урт хугацааны санхүүжүүлж чадна. Төр нэг удаа ийм эрс шийдэмгий үйл ажиллагаа зохион байгуулах шаардлага тулгарчихаад байна.

-Төрөөс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр хамгийн түрүүнд дэмжих шаардлагатай салбарууд гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Ажлын байр шингээдэг салбаруудаа дэмжих шаардлага бий. Ажлын байраа хадгалах нь амин чухал асуудал болоод байгаа. Хүүгийн зардлыг нь төрөөс тодорхой хэмжээнд татаас олгох замаар шийдэхэд ч болохгүй юмгүй. Ингэж чадвал эдийн засгаа хамгаалах бодитой алхам болж чадна.

Жилийн хугацаанд л аж ахуйн нэгжээ бүр сөхрөөчихгүйхэн шиг дэмжээд, өнөөгийн нөхцөл байдлыг нь дордуулчихгүйхэн шиг байлгаж чадвал цар тахлаас үүдсэн бүх асуудал харьцангуйгаар зөв шийдэгдэх тал руугаа орно. 2021 оны дунд үе хүртэл цар тахлын нөлөө хэцүү хэвээр байна гэж хараад байгаа. Тэр хүртэл аж ахуйн нэгжүүдээ бодитой дэмжих зайлшгүй шаардлага байна.

-Гадны хөрөнгө оруулалт таг зогссон хэвээр байна. Долларын урсгал багасах тусам төгрөгийн ханш сулрах эрсдэл бий. Долларын урсгалаа нэмэгдүүлэхийн тулд ядаж л экспортлох бараа, бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэхэд анхаарах ёстой байх, тийм үү?

-Тийм л дээ. Гадаад худалдааг дэмжих зайлшгүй шаардлага бий. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сайн байгаа бол уул уурхайн бус бүтээгдэхүүнийхээ экспортыг дэмжих шаардлага бас бий. Жишээ нь, МҮХАҮТ хил дамнасан цахим худалдаа буюу Хятад руу нэлээд том экспортын суваг нээх талд анхаарч ажиллаж байна. Хил дамнасан цахим худалдааны төсөл бол маш амжилттай эхэлсэн. Амжилттай хэрэгжиж чадвал маш олон компани нэгдсэн зохион байгуулалттайгаар экспортод бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэнэ.

-Төрийн зүгээс бизнесийнхнээ өөр ямар аргаар дэмжих боломж бололцоо байгаа бол?

-Төрөөс хувийн хэвшлийг дэмжих хамгийн том боломж бололцоо бол маш олон төрлийн квот зөвшөөрлийг эрс багасгах шаардлагатай. Өнөөдөр хувийн хэвшил үйл ажиллагаа явуулахын тулд 900 гаруй төрлийн зөвшөөрлийг аливаа хэлбэрээр авдаг. Квот зөвшөөрлийн энэ тоог эрс бууруулах юм бол бизнесийн үйл ажиллагааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх маш чухал алхам болно. Бизнес эрхлэлтийн индекс гэж бий. Үүнийг л аль болох зөв, уян хатан байлгахад төр онцгой анхаарах хэрэгтэй. Худалдаа, эрчим хүчний хангамж, төлбөрийн чадваргүйдэл гэх мэт мэт олон зүйлээ эерэг болгож чадвал гадаад худалдааг дэмжих талд чухал алхам болно.

-Засгаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр аж ахуйн нэгжүүдээ дэмжвэл цар тахлыг дажгүй давах боломж харагдаж байна уу, танд?

-Засгийн газар, Монголбанк, ер нь банк санхүүгийн системийн хамгийн том, сул тал илэрчихсэн л дээ. Ажлын байрыг хадгалахтай холбоотой аж ахуйн нэгжүүдэд нэмэлт зээлийн санхүүжилт гэх мэт зүйлс үнэхээр чухал байсан ч хангалттай хийгдэж чадаагүй. Гадны төр засгууд ажлын байраа хадгалах, хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авсан. Ийм зорилгоор аж ахуйн нэгжүүддээ маш хямд эх үүсвэртэй, зарим тохиолдолд ямар ч хүүгүйгээр хангалттай хэмжээний зээлийг ямар нэгэн барьцаагүйгээр олгосон. Хугацааны хувьд ч боломжийн нөхцөлтэйгөөр өгсөн жишээ өчнөөн бий. Ийм арга хэрэглэвэл эдийн засгийн хямрал нийгмийн хямрал болохоос шууд сэргийлэх үр дүнтэй байдаг л даа. Иймэрхүү арга хэмжээг төр засаг, Засгийн газар, Монголбанк нийлж байгаад авах хэрэгтэй. Яг ийм эрчимтэй дэмжлэгийг оны сүүлээр үзүүлж чадвал бид энэ удаагийн хямралыг дажгүй зөв менежмэнт хийгээд даваад гарчих боломжтой.

Магадгүй Төрийн банкийг зөвхөн жижиг дундыг дэмжсэн зээл олгох чиглэлд ажиллуулж болж байна. Барьцаа батлан даалт дээр нь Засгийн газар дэмжээд ажилладаг механизмыг бүрдүүлвэл болохгүй юмгүй. Ер нь хувийн хэвшилдээ нэг удаа том хэмжээний итгэл үзүүлбэл эдийн засаг эргээд хангалттай хэмжээнд сэргэх боломж бүрдэнэ.

Ц.Баасансүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)